Оны эхний 4 сард суудлын автомашины импорт 2023 оны мөн үеэс 2.3 дахин өсжээ
Мэдээ

Улсын хэмжээнд I-IV сард 44,028 суудлын автомашин импортлоод байна.
2024 он гарсаар тавдугаар сарын зургааны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 44 мянга гаруй суудлын автомашин импортолсныг Гаалийн ерөнхий газар тайлагналаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.3 дахин, 2022 оны мөн үеэс 2.1 дахин өссөн үзүүлэлт болж байна.
Харин тайлант хугацаанд 9467 ачааны автомашин импортолсон нь 2023 оны мөн үеэс 65.7 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Оны эхний дөрвөн сарын байдлаар нийт импортолсон суудлын автомашины дийлэнхийг буюу 95 гаруй хувийг Япон улсаас оруулж ирсэн байна. Тухайлбал: Япон улсаас 41 мянга 894, БНХАУ-аас 763, БНСУ-аас 452, ХБНГУ-аас 349, АНУ-аас 244, харин Канад улсаас 54 суудлын автомашин импортолжээ.
Салбарын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниудын зүгээс Япон улсаас импортолж буй автомашинуудын 5-6 хувийг шинэ автомашин эзэлж байгааг мэдээллээ.
Б.Энхжин