Крымийн хойгт Оросын шумбагч хөлгийг живүүлснээ Украины тал зарлав

Эзлэгдсэн Крымийн хойгийн боомтод байрлаж байсан Оросын шумбагч хөлгийг живүүлснээ Украины зэвсэгт хүчин өчигдөр зарлажээ.
Баасан гарагт Севастополь хотын боомтод зогсож байхдаа пуужингийн цохилтод өртөж, живсэн хөлөг нь 2014 онд Оросын Хар тэнгисийн флотын зэвсэглэлд шилжсэн “Ростов-На-Дону” юм байна.
Уг хөлөг нь Калибр далавчит пуужин харвах чадвартай Хар тэнгисийн флотын дөрвөн шумбагчийн нэг ажээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам одоогоор энэ тухай мэдээлэл өгөхгүй байна.
Киевийн албаныхан өчигдөр бас Крымийн хойгийг агаарын довтолгооноос хамгаалах үүрэгтэй дөрвөн ширхэг С-400 системийг устгаснаа мэдээлжээ.
“Ростов-На-Дону” шумбагч Севастополийн хөлөг онгоцны үйлдвэрт засварт орж байхдаа пуужинд оногдож, ноцтой гэмтсэн байх өндөр магадлалтайг Их Британийн тагнуулын эх сурвалж өнгөрсөн оны есдүгээр сард мэдээлж байв.
Тэр үеэс хойш уг хөлөг олон удаа засварт орж, саяхан Севастополийн ойролцоо туршигдсан тухай Украины тал өчигдөр мэдээлжээ.
Ийм ангиллын шумбагч хөлгийн өртөг $300 сая байдаг юм байна.
“Ростов-На-Дону шумбагчийн сүйрэл Украины харьяаны Хар тэнгисийн усанд Оросын флотын хувьд аюулгүй газар байхгүй болсныг дахин харууллаа” гэж Украины зэвсэгт хүчин өчигдөр мэдэгдсэн юм.
Сүүлийн саруудад Украины арми Оросын Хар тэнгисийн флотод нэлээд хэмжээний хохирол учруулж байгаа.
Зөвхөн гуравдугаар сард десантын хоёр хөлөг, эргүүлийн нэг хөлгийг устгасан юм.
Хар тэнгисийн флотын хамгийн цөөндөө 15 хөлгийг гэмтээсэн буюу живүүлснээ Украины тал баталж байгаа. Тэдгээрийн дунд Хар тэнгисийн флотын хамгийн том хөлөг "Москва" байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Оросын тал Хар тэнгистэй залгаа Азовын тэнгисээс байлдааны бүх хөлгөө татсан тухай Украины тал мэдээлж байв.
Саяхан Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Алба тус улсын цорын ганц нисэх онгоц тээвэрлэгч "Адмирал Кузнецов"-ыг устгах Украины төлөвлөгөөг таслан зогсоосноо мэдээлсэн юм.
1985 онд ашиглалтад орсон уг хөлөг 2018 оноос хойш засварт байгаа.
Өчигдөр бас Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын нутаг дэвсгэрийн гүн дэх агаарын бааз, газрын тосны агуулахуудад довтолсон тухай мэдээ ирсэн байна. Тухайлбал саяхан Украины хотууд руу агаараас довтлоход ашиглагдаж байсан залуурт бөмбөгүүдийг хадгалдаг Морозовскийн агаарын бааз дроны халдлагад өртжээ. ОХУ-ын албаныхан Украины дронуудыг устгаж чадсанаа мэдэгдсэн хэдий ч агаарын баазад хүчтэй дэлбэрэлт болж, асар их гал гарсныг харуулсан дүрс бичлэгүүд сошиал орчинд тарсан байна.
Мөн орон нутгийн захиргаа тус агаарын баазын ойр орчимд онц байдлын дэглэм тогтоожээ.
Үүнээс гадна Ростов, Курск, Белгород мужуудын нутаг дахь газрын тосны агуулахууд дроны халдлагад өртсөн байна.
Саяхан Оросын арми нэг долоо хоногийн дотор 600 гаруй залуурт бөмбөгөөр Украины хотууд руу довтолж байсан юм. Эдгээр бөмбөгүүдийг хадгалдаг агуулах Морозовскийн агаарын баазад байрладаг байжээ.
Оросын агаарын довтолгоог зогсоохын тулд Морозовскийн баазад довтлох нь “шударга хэрэг” гэж Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн байна.
Энэ долоо хоногийн эхээр эхний ээлжийн F-16 сөнөөгч нисэх онгоцнууд Украинд ирсэн тухай мэдээ ирж байгаа.
Зөвхөн Нидерланд улсаас хандивласан зургаан ийм онгоц тус улсад ирснийг зарим хэвлэл олж мэдээлсэн байна. НАТО-гийн бусад холбоотнуудаас хэдэн онгоц ирсэн талаар мэдээлэл одоогоор алга байна. F-16 сөнөөгч онгоцнууд дорнод фронтын дагуу явагдаж буй Оросын армийн довтолгоог зогсооход чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Украины эрх баригчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: BBC