Орост автомашинаар дагнасан ломбардууд огцом нэмэгдэж байна

Оросын Төв банкны бүртгэлд энэ оны эхнээс зөвхөн автомашин барьцаалалтаар мэргэшсэн 12 ломбардыг шинээр бүртгүүлсэн нь 2020 оноос хойшхи хамгийн өндөр тоо юм.
Одоогоор нийт 63 автоломбард бүртгэлд байгаа бөгөөд тэдгээрийн эзлэх хувь нь улсын нийт ломбардуудын ойролцоогоор 4%-ийг эзэлж байна. Энэ мэдээллийг "Коммерсант" сонин нийтэлсэн аж.
Сонинд дурдсанаар, автоломбардуудад тавигдах шаардлагууд энгийн ломбардуудаас хялбар байдаг. Автомашины барьцаанд тавьсан зээлийн дээд хэмжээ нь нэг сая рублиэр хязгаарлагддаг гэнэ.
Одоогийн нөхцөлд, иргэдийн зээлийн өрийн түвшин нэмэгдэж байгаа учраас автоломбардын сегмент зах зээлийн бусад салбаруудтай харьцуулахад илүү хурдан өснө гэж үзэж байна. Түүнчлэн автомашин нь ломбардуудын хувьд хөрвөх чадвар сайтай хөрөнгө юм гэж сонин онцолсон ажээ.