Тайванийн ачаа тээврийн хөлөг Хятадын боомтод дэлбэрэлтэд өртжээ

Хятадын зүүн хэсгийн Жэжян мужийн Нинбо-Жоушань боомтод Баасан гаригийн 13:40 цагийн орчимд дэлбэрэлт болжээ. Боомтод бэхэлсэн байсан ачаа тээврийн хөлөг онгоц дэлбэрэлтэд өртөн шатсан байна. Хүний амь хохироогүй боловч уг хэргийг шалгаж эхэлжээ. Дэлбэрэлтийн давалгаа боомтоос нэг км зайд хүртэл мэдрэгдсэн байна.
Нинбо-Жоушань нь Хятадын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй боомтын нэг юм.
Дэлбэрэлтэд өртсөн хөлөг онгоц нь Тайванийн ачаа тээврийн "Yang Ming Marine Transport" компанийн онгоц байжээ. Тус хөлөг онгоц нь аюултай материал тээвэрлэж явсныг Жэжян мужийн Онцгой байдлын удирдлагын газар мэдэгдсэн ч чухам юу гэдэг нь тодорхойгүй байна.
"YM Mobility" хөлгийн тавцан дээр анх гал гарчээ. Энэ нь Либери улсын далбаан дор үйл ажиллагаа эрхэлдэг хөлөг бөгөөд урт нь 305.6 метр, өргөн нь 40.06 метр. Далайн эрэн хайх, аврах төвөөс мэдээлснээр "YM Mobility" хөлөг лити батерей, терт-бутил пероксибензоат зэрэг аюултай ачаа тээвэрлэж явжээ. Терт-бутил пероксибензоат нь шатамхай, дэлбэрэмтгий чанартай, 30 хэмээс илүү халуун орчинд хадгалж болдоггүй органик нэгдэл юм.
Эх сурвалж: REUTERS