Хар чавга идэхэд яагаад гүйлгэдэг вэ?
Нийтлэл

Баахан бууз, өвчүүний махаар даруулж хэдэн өдөр идээд бие тань хүндрээд, чихэлдээд хэцүү байна уу? Нээх сайхан гэдсээ цэвэрлээд биеэ амраамаар санагдаж байгаа биз. Тэгвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.
Олон хоног хүндээр хооллоход, хүндээр гэдэг нь өдөрт өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол гэж иддэг байсан бол яг баярын үеэр айлаас айлын хооронд махан хоол, тослог бүтээгдэхүүн маш их хэрэглэхэд биеийн боловсруулах хурд гүйцэхгүй гэдсэнд хуримтлагдаж, энэ нь бичил биетний үйлчлэлээр задарч амжилгүй ялзруулагч бактериудын үйлчлэлээр цагаригт нүүрсустөрөгчид болон эргээд биед шингэж сөрөг нөлөө үзүүлж байдаг. Тиймээс түүнийг цэвэрлэх хэрэгтэй.
Үүнд тусладаг нэг зүйлийн жимс бол шинэхэн болон хатаасан чавга.
ХАР ЧАВГА
Prunus domestica ургамалзүйн нэршил бүхий энэ яст жимс нь хүний гаршуулсан анхны жимснүүдийн нэг гэдгийг неолитын үеийн агуйгаас олдсон чавганы яс илтгэдэг. Бүх зүйлийн чавгыг хатааж болдоггүй бөгөөд Европоос гаралтай p.domestica зүйлийн энэ чавгыг хатаах, хандлах нухашлах зэргээр олон янзаар хэрэглэж болдог. Хар чавга гэдэг нь энэ зүйлийн чавганы хатаасан хэлбэр.
Чавганы тариалалт, үйлдвэрлэлээр Хятад улс толгой цохидог. Жилдээ дэлхий нийтээрээ 12 сая гаруй тонн чавгыг хүнсэндээ хэрэглэдэг бол үүний талаас илүүг нь Хятад улс дангаараа тариалдаг бөгөөд үлдсэн хэсэг нь Европын орнуудад ноогддог.
Найрлагын хувьд хатаасан хар чавга нь хуурай бодисын агууламж өндөртэй, нүүрсус 64%, уураг 3% орчим агуулдаг бөгөөд өчүүхэн бага тосны агуулгатай. Бүх төрлийн аминдэм, эрдсийг их бага хэмжээгээр агуулах бөгөөд үүнээс сонирхолтой нь К аминдэмийн агуулга 100 гр чавганд 59.5 мкг буюу өдрийн зөвлөмж хэмжээний 57%-г нөхөх хэмжээтэй агуулагддаг.
К аминдэмийн гол үүрэг бол цус бүлэгнүүлэх байдаг бөгөөд хэрэв энэ амин дэм дутагдвал хуруугаа эсгэхэд цус бүлгэнэж тогтохгүйгээс гадна гадуур болон дотуур цус алдах эрсдэл бий болдог. Ингээд харвал ямар чухал гэдэг нь харагддаг.
Калийн агууламж 732 мг буюу зөвлөмж хэмжээний 24%-г нөхөхүйц хэмжээтэй агуулагддаг. Энэхүү эрдэс нь биеийн булчингийн зохицуулгад оролцож байдаг эрдэс бөгөөд хөлсөөр байнга алдагдаж байдаг. Хэрэв кали дутагдвал хамгийн наад зах нь шөрмөс татаж мэдэгддэг бөгөөд ихэвчлэн тамирчид дээр их тод ажиглагддаг.
За одоо гол зүйлдээ оръё, эдгээр найрлагын яг аль нь өтгөнийг гадагшлуулахад туслаад байна?
ЭСЛЭГ
Уусдаг болон уусдаггүй олон төрлийн эслэг байдаг бөгөөд эдгээрийг задладаг фермент хүнд байдаггүй тул эслэг нь задарч шим бодис болон хувирч чаддаггүй. Нэгэнтээ задрахгүй учир идсэн тохиолдолд бие организм тань гадны биет гэж хүлээн авч, биеэс зайлуулах чиглэлд ажиллаж эхлэдэг.
Таныг хамгаалах гээд байгаа хэрэг л дээ. Зайлуулахын тулд гаргах чиглэлд гэдэс гүрвэлзэж хөдөлж эхэлнэ, үүнийг л гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжруулна гэж нэрлээд байгаа.
Хордлогын үед, хор агуулсан хоол идсэн тохиолдолд бөөлжих, гүйлгэх гэх мэт нь мөн л дотроос тань хурдан гадагшлуулж таныг хамгаалах байгалийн урвал байдаг. Үүнтэй зарчим адилхан ч эслэг нь хүнсний бүрдэлд байдаг тул өдөр бүр өтгөнөө гадагшлуулах нөхцлийг бүрдүүлдэг.
Хар чавганы нийт эслэгийн агууламж 7-8% буюу маш өндөр, энэ нь хар чавганы онцлох найрлагын нэг юм.
СОРБИТОЛ
Хар чавга нь чихэрлэг амттай жимс бөгөөд хатаах явцад исдэггүй онцлогтой. Яагаад гэвэл чихэрлэг амтыг нь дан ганц сахар бүрдүүлээд байдаггүй, сорбитол хэмээх чихрийн спиртийн агууламж өндөр байдаг.
Чихрийн спирт нь амтаараа сахартай адилхан бөгөөд ялгаатай нь цусанд глюкозын агууламж нэмдэггүй. Амны хөндийн бактери үүгээр хооллодоггүй учир шүд цооролтод нөлөөлдөггүй зэрэг сайн талтай. Тиймээс л хар чавга нь шим тэжээл багатай бөгөөд турахыг хүссэн болон чихрийн шижин өвчтэй хүмүүст сайхан амттан болж чаддаг.
Сорбитол нь туулгах үйлчилгээтэй бөгөөд энэ чанар нь эслэгтэй нийлээд биеийг бүрэн цэвэрлэх үйлчлэл үзүүлдэг.
Байгалийн өгөгдөл гэж сонин, сайхан байгаа биз. Нэг хүндрэл гарч ирэхэд нөгөө талд заавал боломж байж л байдаг.
ДҮГНЭЕ
Дээр дурдсан эслэг болон сорбитолын агууламж нь хар чавганы онцлох найрлага бөгөөд энэ хоёр нь гэдэс цэвэрлэх, үлдэгдэл хоол тэжээлийг бүрэн гадагшлуулах, цусанд бага сахар нийлүүлэх гэх мэтээр хоршин ажиллаж, биеийг бүрэн утгаар нь цэвэршүүлэхэд тусладаг. Хар чавга болон түүнийг агуулсан шүүс, нухаш, тараг зэргийг хэрэглэхэд мөн адил үйлчлэл үзүүлнэ.
Ер нь гэдсэндээ хоол хүнсний байнгын хуримтлалтай явна гэдэг, хэд хоногоор хүндэрч чаддаггүй байдал зэрэг нь наанадаж хүний царай зүс гундах, цаагуураа өвчин эмгэгийн суурь болж байдаг шүү.
Энэхүү мэдээллийг манайд хэдийнээ танигдсан үнэ цэнтэй үндэсний бренд Golden Plum Juice Mongolia ивээн тэтгэлээ. Бүгдээрээ талархлаа илэрхийлээрэй. Баярлалаа ❤️
Гэдсэндээ хуримтлалгүй, дансандаа хуримтлалтай амьдарцгаая … Ооё ккк
Хүнсний инженер О. Гал-Очир