Scooter-тэй холбоотой хуулиуд, түүнээс үүдэлтэй хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

Манай хотын тээврийн шинэ дүр төрх болсон Скүүтер нь нэг талдаа иргэдийн зорчих эрхийг хангаж байгаа боловч нөгөө талдаа түүнээс үүдсэн осол гэмтлүүд цөөнгүй бүртгэгдээд байгаа билээ. Тэгвэл Скүүтер гэж чухам ямар төрлийн тээврийн хэрэгсэл болох, түүнийг унаж яваа хүн болон түрээслэгч компани ямар үүрэг хариуцлага хүлээдэг болохыг онцоллоо.
1. SCOOTER хууль тогтоомжоор зохицуулагдсан уу?
Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу Scooter бол мопедын нэг төрөл юм.
Тус дүрмийн 1.2.24-д “мопед” гэж ... 0.25 кВт-аас 4 кВт хүртэл чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй, техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй, хоёр буюу гурван дугуйт тээврийн хэрэгслийг хэлнэ” гэж заасан нь бидний хэрэглэж буй Scooter нь агуулгын хувьд мопедын төрөл болохыг илтгэж байна.
2. SCOOTER-р зорчигч ямар үүргийг хүлээх вэ?
Scooter ашиглагч нь дараах үүргийг хүлээнэ.
хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх,
өдрийн цагт ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцох,
харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явах,
16-аас доош насны хүн жолоодож байгаа бол зорчих хэсгээр зорчихгүй байх,
16-аас дээш насны хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зөвхөн дугуйн замгүй, ачаатай эсвэл цуваагаар явах үед зорчих хэсгийн баруун гар талын захаар байрлан явж болно:
Зөрчлийн тухай хуулийн дагуу Scooter-н зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол хүнийг 10,000 төгрөгөөр торгоно.
3. Scooter түрээслэгч компаниуд ямар үүрэг, хариуцлага хүлээх вэ?
Scooter түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд маань хууль тогтоомжийн дагуу заавал гэрэлтүүлэгтэй Scooter-р үйлчлэх, аюулгүй малгайгаар хангах, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх үүрэгтэй байна.
4. Scooter-тэй зорчигчид учирсан хохирол болон түүний бусдад учруулсан хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
Scooter ашиглан хөдөлгөөнд оролцож байхад учирсан ослыг зам тээврийн осолд тооцно.
Иймээс та Scooter-тэй холбоотой осолд холбогдсон бол Цагдаагийн ерөнхий газрын 102 дугаарын утсаар дуудлага өгөх боломжтой.
Хэрвээ та Scooter унаж явахдаа бусад иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан бол хохирлыг хариуцан барагдуулна. Хэрвээ насанд хүрээгүй иргэн хохирол учруулсан бол хохирлыг түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч хариуцан барагдуулна. Харин Scooter-н техникийн нөхцөл байдлаас шалтгаалан осол гарсан бол Түрээслэгч компаниуд хариуцлага хүлээнэ.
Харин автомашины жолоочийн буруугаас Scooter-тэй иргэнд хохирол учирсан бол хохирлыг жолооч хариуцан барагдуулна.
Та өөрт хэрэгтэй хуулийн бусад зөвлөгөө болон өмгөөлөгч авах бол манай page-н чатботтой холбогдон, эсвэл манай 72701650 дугаарын утсаар шууд бидэнтэй холбогдон зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.