Машинаар аялах иргэдийн тоо буурчээ

"Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо" НҮТББ-аас 2019 оноос хойш дотоодын аялагчдын зорих газар буюу жилийн ямар улиралд, Монгол орны аль бүсээр хэдэн мянган дотоодын аялагч аялж байгааг тогтоох, тооцоолох судалгааг хийж буй. Энэ жилийн судалгааг "Улаанбаатар трэвел экспо-2024" үзэсгэлэнгийн үеэр явуулсан байна. Судалгаанд оролцогчдын 45 хувь нь машинтай аялал, 36 хувь нь төрөл бүрийн адал явдалт аялал, 15 хувь нь морин аяллыг сонгоно гэж хариулжээ.
2023 онд судалгаанд оролцогчдын 70 хувь нь автомашинтай аяллыг сонгоно гэж хариулж байсан бол 2024 онд багасч, 45 хувь болсон байна. Сүүлийн жилүүдэд төрөл бүрийн адал явдалт аяллыг сонирхдог дотоодын жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Дотоодын жуулчдын тухайд автомашинтай аяллаас татгалзаж, төрөл бүрийн адал явдалт аяллыг сонирхох болсон нь бизнес эрхлэгчид шинэ аяллын төрлүүдийг санаачилж хэрэгжүүлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.
Аяллын хугацааны хувьд нийт аялагчдын 43.5 хувь нь 7-10 хоног, 27.5 хувь нь 11-15 хоног аялах төлөвтэй байна.
Хамт аялах хүмүүсийн судалгаагаар аялагчдын 49 хувь нь гэр бүлээрээ, 29 хувь нь найз нөхдөөрөө, таван хувь нь байгууллагаараа, таван хувь нь ганцаараа, таван хувь нь танихгүй хүмүүстэй, таван хувь нь аяллын клубаар дамжуулан аялна гэж хариулжээ.