Tesla Cybertruck-ийн анхны том осол бүртгэгджээ

Tesla-ийн Cybertruck пикап автомашин бие даасан аюулгүй байдлын шалгалтад одоо хүртэл ороогүй байгаа юм.
Гэтэл зам тээврийн ослоор амь насаа алдсан тохиолдол гарчээ.
Cybertruck автомашины анхны албан ёсны осол 8-р сарын 4-ний орой Техас мужийн Чемберс тойргийн зам дээр гарсан.
Ослын тухай цагдаагийн протоколд дурдсанаар, автомашин өндөр хурдтай давхиж явсан бөгөөд жолооч нь удирдлага алдан замаас гарч, бетон усны хоолой мөргөж, шатсан байна. Жолооч ослын газарт амь насаа алдсан аж.
Electrek сэтгүүлд дурдсанаар, осолдсон Cybertruck-ийг автоматикаар биш жолооч өөрөө удирдаж байсан бөгөөд энэ цахилгаан тээврийн хэрэгсэл одоогоор бүрэн автомат жолоодлоготой (Full Self Driving) системээр тоноглогдоогүй юм. Гэсэн хэдий ч машин Tesla Autopilot-ийн дасан зохицох круиз хяналтын системтэй хөдөлж байсан байх магадлалтай.
Харин хувийн комментаторууд энэ ослын талаарх мэдээлэлд ач холбогдол өгч, Tesla Cybertruck-ийн аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Тэд Cybertruck-ийг шалгасан үр дүнг Tesla компани нууцалж байгаагийн улмаас аюулгүй байдалд нь эргэлзэж байгаа юм.