Автотойм: Toyota Hilux Surf - Нийтлэл

Энэ бол дунд ангиллын жийп мөн. Бас ч үгүй алдартай. Хойд Америкийн зах зээлд 4 Runner нэрээр алдаршиж залуусын унах дуртай унаа болсон юм. N130 буюу 89-95 оны загвар бол хамгийн их хит болсон загвар.
N130
Жийпний “Алтан үе”-ийн төлөөлөгчдийн нэг, тийм ч учраас 96 оны N180 загварын концепт нь N130-ийг хадгалсан хэлбэртэй болсон.
Харин хөдөлгүүрийн хувьд шинэ хөдөлгүүрүүд тавигдсан. 3. 0 литрийн 1KD-FTV дизель хөдөлгүүр, 3. 3 литрийн V6 хэлбэртэй 5VZ-FE, 2. 7 литрийн 4 цилиндртэй 3RZ-FE гэсэн бензин хөдөлгүүртэй байсан. Хамгийн их дэлгэрсэн нь 2. 7 литрийн хөдөлгүүр.
Харин Монголд бол жаахан өөр имижтэй. Манайхан Hilux гэж нэрлэдэг бөгөөд үнэндээ бол тэр нь пикап загварын нэр нь. Жийпийг нь Hilux Surf гэдэг ба жаахан дуудахад хэцүү.
N180
Өмнөх загвар N130-ийн 2L-T дизель хөдөлгүүр их пакталдаг байснаас машины нэр хүндэд муугаар нөлөөлсөн. Дээр нь суулт намтай гэдгээрээ зарим хүмүүст таалагддаггүй. Тиймээс ч дараагийн загвар N180 нь бага сагаар орж ирж зарагддаг. Уул нь бол Prado 90-тай нэг суурьтай юм.
Амартизаторийн ялгаанаас болж Прадоноос зөөлөн учраас савалгаа ихтэй гэдэг. Харин бүх хувилбарууд нь дан хойд хөтлөгчөөр явах сонголттой ба хэрэгтэй үед явдал дундаа урд хөтөлгөөг залгадаг нь зүгээр гэхдээ товчлуур дарж залгадагаараа илүү хялбар.
Хуучин загварт нь 60 км/ц-ийн дотор залгахаар байсан бол N180-д 100 км/ц дотор залгаж болохоор хийжээ. Мөн дан хойд хөтлөгчтэй загвар байдаг. Үүнийг нь манайхан мэдэхгүй худалдан авчихаад дараа нь амаа барьж байсан хүмүүс ч бий.
Гэхдээ маш ховор байдаг ба үнэ хямд учраас авчихдаг байсан. N180 Hilux Surf бол бартаа туулах өндрөөрөө хангалттай сайхан өндөр шүү. Сүүлийн үеийнх нь намхан болоод байгаа болохоос.
Ardimento Toyota Hilux Surf (KZN185W)
Аа тийм бас нэг зүйл гэвэл хойд америк болон европын загваруудад LSD захиалгаар тавьж болно. Төв дифференциал цоожлогч байхгүй. Prado туслах кроп хийвэл тийм болгож болох л байх.
V6 хөдөлгүүр бол гайхамшигтай хөнгөн, дизель нь ч нээх дутахааргүй, харин 2. 7 бензин бол жаахан өндөр эргэлт хийж байж араа нь солигддог гэхүүдээ. Гэхдээ нээх асуудал үүсгээд байхгүй энгийн хялбар, үйлчилгээ хийхэд зайтай шүү.
Урд тэнхлэг нь үл хамаарах дээд доод гартай, пүрш амартизатор нь нэг дор угсрагддаг мөртлөө рамандаа бэхлэгддэг болохоор айлтгүй. Харин өндгөн тулгуурыг нь ойр ойрхон шалгаж байх хэрэгтэй, адил тэнхлэгтэй ах Prado нь өндгөн тулгуур нь салсан хэвтэж байхтай хэд хэд таарсан шүү.
Хойд тэнхлэг бол чулак учраас нээх эвдрэл гараад байхгүй. Харин хойд тэнхлэгийн дээш явалтыг хязгаарлагч наймын тоо резин нь унахаараа тэнхлэгээ цохиод явдаггүй учраас түүнийг шалгаж байхад илүүдэхгүй. Гэхдээ зүгээр байж байгаад уначихдаг юм биш, манайхан л хэтрүүлэн ачаа ачаад хол замд нүдүүлээд бяцалчихдаг болохоос. Ийм тулгуургүй болсноос бөгсөө хаяад байх тал бий.
За одоо салоны дотор юу байгааг харцгаая. Машины салонд байх бүх л юм байгаа. Паарны удирдлага, хөгжим, руль гээд өөр юу хэрэгтэй юм. Илүү супер юм нээх хэрэггүй. Мэдээж залууст зориулсан гэдгээрээ хөгжим нь басс дуугаралт талдаа.
Урд хянах самбар нь цомхон, зөөлөн материалтай. Суудал нь нээрээ л доор. Гэхдээ удаан хэрэглээд ирвэл таалагдана шүү. Дулааны хувьд бол янзтай, сайхан үлээнэ. Тэр ч бүү хэл хойд суудлууд тусдаа сэнстэй учир дулаахан. Зарим загварт байхгүй л дээ гэхдээ хийхэд нээх төвөгтэй биш. Хүйтнээр ч гэсэн давгүй үлээчихнэ.
Toyota Hilux Surf Sport Runner (N180)
Хойд суудлын зай өмнөх загвараас хамаагүй том болсон. Өргөөшөө жаахан нарийхан санагдаж магад гэхдээ уртаашаа зай их шүү.
Багаажны зай бол томоо том, арын суудлын түшлэг буухад сайхан тэгш талбай болох ба юм ачиж ор зассан ч болно.
Aр талын шил нь салоноос эсвэл гадна талаас түлхэхээр онгойно.
Аргагүй л залуусын загвар. Кузовын төмөр тийм ч нимгэн биш биетэй, ер нь бол тохирсон классик загвартай. Хэвлэмэл хаалгатай бөгөөд хойд шилнүүд цаанаасаа бууралттай.
Үндсэн рам дээр монокок хийцтэй кузовыг тавьсан болохоор гажилт багатайгаас гадна дуу орох нь бага. Салон дахь дуу чимээ бол юун RAV4, X-trail, Kluger, Harrier-тай харьцуулах ч юм биш, чимээгүй. Замын дуу ч маш бага мэдрэгдэнэ. Их гарын жийпнүүдтэй л энэ зэрэгцэнэ шүү дээ.
Харин савлаад байдаг нь жаахан түвэгтэй, гэхдээ ямар монголын хотолзож гүдэлзсэн замд тохируулалтай биш. Болохгүй бол Prado амаржин хийчихгүй юу. Запас дугуй нь ардаа зүүлттэй бас доор нь зүүх хөндлөвч байгаа, харин өргөдөг механизм нь байхгүй. Түүнд нь ямар нэг жийпний юмуу портерийн өргөгч тааруулаад хийчхээр юм билээ. Хойд америкийн 4 Runner нь дан доороо запас дугуйтай байдаг.
Жийпэнцэрүүдийн хажууд бол сайхан амьтан л даа. Даан ч манайхан хэлбэр хөөгөөд жийпэнцэр аваад байдаг болохоос. За одоо өрсөлдөх машин байна уу байна аа. Nissan Terraniо-гийн 1996 онд гарсан загвар. Илүү спорт намхан гоё салонтой харагдавч нарийн үзэх юм бол их том ялгаатай. Мань Terranо үндсэн рамгүй болж жийпэнцэрийн эгнээ рүү орох дөхсөн. Өөр Isuzu Bighorn, Wizard, Chevrolet Blazer гээд тоотой хэд юм шив. Bighorn, Wizard одоо үйлдвэрлэгдэхээ больжээ. Пажеро болохоор арай л том болчих юмуудаа. Хот болон хөдөө бол явна. Заавал ч үгүй Land Cruiser болон Прадо гээд байх шаардлагагүй. Шатахуун зарцуулалт гайгүйдээ орно. Шулуун замд бол 2. 7-той мотор нь 10 хавьд л иднэ дээ. Хотод бол 15 байнаа байна. Хуучин машины тоо элбэгтэй, үнэ хямдтай байдаг.
Түүх
1983 оны 10 сард анхны Hilux Surf худалдаанд гарчээ. Wagon хэлбэртэй болсон нь 1986 он бөгөөд 4 араатай /OHV/ 2 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй байжээ. 4 дугуйн хөтөлгөөг салгах боломжтой. 1989 оны 5 сард шинэчлэл явагдаж, 2625 мм-ийн тэнхлэг хоорондын зайтай болж, 4 хаалгатай болсон. 2 литрийн бензин хөдөлгүүр, 2. 4 литрийн дизель хөдөлгүүр бүхий 4 загвар байдаг ба 2 болон 4 дугуйгаараа хөтөлдөг 1995 оны 12 сард 3 дахь үеийн Hilux мэндэлсэн ба 2675мм-ийн тэнхлэг хоорондын зайтай болж томорсон төдийгүй хэлбэр нь ч өөрчлөгдөж, 5 хаалгатай болсон.
V хэлбэрийн 6 цилиндртэй, хос нударган голтой, 24-ийн калапантай, 3. 4литрийн хөдөлгүүр, цуваа 4 цилиндртэй,хос нударган голтой 16-н калапантай 2. 7 литрийн багтаамжтай хөдөлгүүр мөн, 4 цилиндртэй дан нударган голтой 3 литрийн дизель турбо хөдөлгүүртэй гэсэн загварууд байсан ба механик 5 араатай, автомат 4 араатай хурдны хайрцагтай байжээ.
2000 оны 7 сард дахин шинэчлэл явагдаж, 3 литрийн дизель хөдөлгүүрийг энгийн дизель болгож, салоныг нь шинэчилсэн байна. Урд нүүр, дугуйн хэмжээ өөрчлөгдсөн.
3-р үе N180 (1995-2002 он)
1995 оны 12 сард худалдаанд гарсан ба зогсоолын тоормос нь хөлөөрөө гишгээд гараараа салгадаг тоормосноос гар тоормос болж солигдсон.
1998 онд өмнөх загвараа шинэчлэн туслах хурдны хайрцгийг хассан ба, хойд дугуй нь хөтөлдөг 2. 7литрийн 4 араатай бензин хөдөлгүүр тавьсан.
Аюулгүй байдлыг нь сайжруулахын тулд усан хээтэй дугуй тавьсан нь 4 дугуйгаараа хөтөлдөг машинуудаас нэлээн ялгаатай болсон. 2000 онд 1KZ-TE дизель хөдөлгүүрийг 1KD-FTV загварын хөдөлгүүрээр сольсон ба механик хөдөлгүүрийг хэрэглэхээ больсон байна.
4-р үе N210 (2002-2009 он)
2002 оны 10 сард анх худалдаанд гарсан ба ихэнх эд ангийг Ландкруйзертэй адилхан болгосон ба зогсоолын тоормос нь хөл болсон. Цуваа 4 цилиндртэй 2. 7 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүр /2TR-FE/, V хэлбэрийн 6 цилиндртэй 3. 4 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүр /5VZ-FE/, цуваа 4 цилиндртэй 3 литрийн багтаамжтай дизель турбо хөдөлгүүрүүдийг тавьжээ. Энэ үеэс механик арааг халжээ.
2005 онд V6-тай 3. 4 литрийн бензин хөдөлгүүрийг V6 хэлбэртэй 4 литрийн багтаамжтай хөдөлгүүрээр сольж автомат 5 араатай болгожээ.
Toyota Hilux Surf (N215)
5-р үе N220 (2009 оноос)
2009 онд өмнөх загварыг шинэчлэн гадаадын зах зээлд зориулан гаргасан ба 4Runner гэсэн нэрээр худалдаалагдаж байна. Өмнөх N210-аас шинэчлэгдсэн зүйл нь V хэлбэрийн 8 цилиндртэй 4. 6 литрийн багтаамжтай 2UZ-FE хөдөлгүүрийг халж, 2. 7 литрийн багтаамжтай 2TR-FE болон 4 литрийн багтаамжтай 1GR-FE загварын хөдөлгүүртэй болсон.
Нийтлэгч: Buyanaa Buyanaa Ganbaa