Финландын залуухан хакер Европын хамгийн том гэмт хэрэгтэн болжээ
Нийтлэл

Финландын залуухан хакер Юлиус Кивимакийг удаан эрэн хайсны эцэст баривчилжээ. Тэрээр 33 мянган өвчтөний түүхийг хулгайлж, тэдгээр хүмүүсийг айлган сүрдүүлсэн байна.
Тэр 13 настайдаа хакер болж, 11 жилийн турш гэмт хэрэг үйлджээ.
Финландад амьдардаг Тийна бямба гарагт саунд ороод амарч байтал утас нь дуугарчээ. Түүнд илгээсэн цахим шууданд түүний нийгмийн даатгалын дугаар гэх мэт хувийн мэдээллүүдийг бичсэн байжээ. Мөн эдгээрийг түүний үйлчлүүлэг эмнэлгээс хулгайлсан, эмнэлгийн зүгээс мэдээллээ алдсан ч үл тоосон тул өвчтөн рүү шууд мэйл илгээсэн талаар бичсэн байна.
Тийна тэр эмнэлгээр хоёр жил үйлчлүүлсэн тул түүний эрүүл мэндийн бүх мэдээлэл хакерын гарт оржээ. 24 цагийн дотор төлбөр төлөхгүй бол тэдгээрийг интернетэд байршуулна гэж сүрдүүлсэн байна.
Тийна олон мянган хохирогчийн нэг байв. Энэ хэрэг финландын хамгийн олон хохирогчтой хэрэгт тооцогдож байна.
Вастаамо хэмээх сэтгэцийн эмнэлгээс хүүхдүүдийн өвчний түүхийг ч хулгайлсан байжээ. Тэдгээр хүмүүс гэр бүлээс гадуурх харилцаа, гэм хийснээ хүлээсэн гэх мэт маш нууц сэдвээр эмчтэйгээ ярилцсан нь гэмт хэрэгтний гарт орсон байв.
Хохирогч Тийна
Ингээд хэргийг тус улсын цахим аюулгүй байдлын хувийн фирм мөрдөж эхэлжээ. Нийт 2600 хохирогчийг өмгөөлсөн өмгөөлөгч “Зарим өвчтөний түүхийг интернетэд тавьсны дараа өвчтөн амиа хорлосон. Иймд түүний гэр бүл надад хандсан юм. Гэмт хэрэгтэн 2020 онд цар тахлын үеэр хохирогчид руу цахим шуудан илгээж эхэлсэн. Түүний цахим шуудан өвчтөнүүдэд маш хүнд туссан” гэжээ.
Гэмт этгээд хохирогч бүрээс 200 евро нэхсэн байна. Түүнд 20 хүн мөнгө төлсөн ч тэрээр санамсаргүй байдлаар бүх хүний түүхийг хакеруудын хар зах гэгддэг, хууль бусаар олж авсан мэдээлэл, зураг, дүрс бичлэг наймаалцдаг цахим хуудсанд байршуулжээ. Одоо ч тэдгээрийг түгээсээр байгаа аж.
Юлиус Кивимаки 2010 оны үеэс хакер болж, 2014 онд 17 настайдаа саатуулагдаж байжээ. Тэрээр бусадтай хамт дэлхийн хамгийн том тоглоомын сайтууд болох Playstation Network, Xbox Live-ийн сүлжээ рүү нэвтэрч, үүний уршгаар олон сая хэрэглэгч тоглоом татаж чадаагүй, найзуудтайгаа хамт тоглож чадаагүй байна.
Эх сурвалж: BBC