Италийн ерөнхий сайдыг биеийн өндрөөр нь доромжилсон сэтгүүлч 5,000 евро төлөхөөр болжээ

Италийн шүүх өчигдөр тус улсын ерөнхий сайдыг биеийн өндрөөр нь доромжилсон сэтгүүлчид шийтгэл оноох шийдвэр гаргажээ.
Милан хотод ажиллаж, амьдардаг сэтгүүлч Жулиа Кортезе “бие махбодын доромжлол” үйлдсэн хэргээр 1,200 еврогийн торгууль төлж, ерөнхий сайд Жоржиа Мелонигийн хохирлыг барагдуулахад 5,000 евро төлөхөөр болсон байна.
Тэрбээр 2021 оны аравдугаар сард буюу Мелонигийн хэт барууны хүчнүүдийн эвслийн засгийн газар байгуулагдахаас нэг жилийн өмнө сошиал орчинд ийм үйлдэл гаргаж байжээ.
Тухайн үед 36 настай Кортезе сошиал хуудсандаа Мелонийг фашист дарангуйлагч агсан Бенито Муссолинитэй харьцуулсан зураг нийтэлсэн юм байна.
Үүний хариуд Мелони шүүхэд гомдол гаргахаа Фэйсбүүк хуудсаараа анхааруулжээ.
Дараа нь Кортезе Х хуудсандаа “Фэйсбүүктээ бичсэн зүйл чинь чамайг хэн болохыг харуулж байна: Бяцхан эмэгтэй минь. Жоржиа Мелони, чи намайг айлгаж чадахгүй. Эцсийн эцэст чи бол ердөө 1.2 метр өндөр. Би чамайг олж харж чадахгүй байна” гэж бичсэн байна.
Миланы шүүх ерөнхий сайд эмэгтэйг Муссолинитэй харьцуулсан зургийг хэрэгсээгүй бол Кортезегийн бичсэн сүүлийн мессэжийг “бусдыг бие махбодоор нь доромжилсон” үйлдэл гэж дүгнэжээ.
Жоржиа Мелони хохирол барагдуулах 5,000 еврог хүлээж авсны дараа буяны үйлсэд зарцуулахаар төлөвлөснийг өмгөөлөгч нь мэдээлсэн байна.
Италийн хэвлэлүүдийн мэдээлснээр Мелонигийн биеийн өндөр 1.63 метр ажээ.
Тэрбээр өмнө нь бас хэд хэдэн удаа сэтгүүлчидтэй заргалдаж байсан түүхтэй.
Мелонигийн засгийн газрыг олон нийтийн телевизийн суваг Rai болон Италийн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд нөлөөлдөг гэх шүүмж байнга яригддаг.
Энэ оны дөрөвдүгээр сард зохиолч Антонио Скурати фашизмын эсрэг агуулгатай монолог унших байсныг Rai цуцалж байв.
Үүнийг Мелонигийн засгийн газрын цензуртай холбоотой гэж олон хүн шүүмжилсэн юм.
Эх сурвалж: The Guardian