Оросын хөлсний цэргүүд Курскийг хамгаалахаар Буркина Фасо улсаас буцжээ
Баруун Африкийн Буркина Фасо улсын цэргийн дэглэмд тусалж байсан Оросын хөлсний цэргүүдийн зарим хэсэг Курск мужид нэвтэрсэн Украины цэргийн эсрэг тулалдахаар нутаг буцсаныг командлагч нь мэдээлжээ Хөлсний цэргийн Медведи бригадын командлагч Виктор Ермолаев дайчдынх нь зарим хэсэг зэвсэг техник Буркина Фасод үлдсэнийг бас баталсан байна Украины арми наймдугаар сарын 6

Баруун Африкийн Буркина Фасо улсын цэргийн дэглэмд тусалж байсан Оросын хөлсний цэргүүдийн зарим хэсэг Курск мужид нэвтэрсэн Украины цэргийн эсрэг тулалдахаар нутаг буцсаныг командлагч нь мэдээлжээ.
Хөлсний цэргийн “Медведи” бригадын командлагч Виктор Ермолаев дайчдынх нь зарим хэсэг, зэвсэг техник Буркина Фасод үлдсэнийг бас баталсан байна.
Украины арми наймдугаар сарын 6-ны өдөр ОХУ-ын Курск мужийн нутагт довтолж, нэлээд хэмжээний газрыг хяналтдаа аваад байгаа.
Сүүлийн жилүүдэд “Медведи” шиг хөлсний цэргийн хэд хэдэн бүлэг байгуулагдсан нь бүгд Москвагийн эрх баригчдын эрх ашгийг хилийн чанадад хамгаалах үүрэг гүйцэтгэж байна.
Тэдний хамгийн том нь болох Вагнер групп үүсгэн байгуулагч Евгений Пригожинийг онгоцны ослоор амиа алдсаны дараа тарсан юм.
“Бид Украиныг дайнаа дуусгахын тулд хэлэлцээний ширээний ард суух байх гэж бодож байсан. Гэвч тэд Курск мужид нэвтэрснээрээ дайныг үргэлжлүүлэх замыг сонголоо. Дайн бол бидний ажил. Оросын дайчдад эх орноо хамгаалахаас илүү нэр хүндтэй ажил гэж байхгүй” гэж Ермолаев ярьжээ.
Тэрбээр Оросын агаарын явган цэргийн хүчинд 15 жил алба хааж байсан туршлагатай хүн юм.
Ермолаев өөрийгөө Орост байгааг баталсан ч хэчнээн хүнтэй ирснээ хэлэхээс татгалзжээ.
Өрнөдийн батлан хамгаалахын эх сурвалжууд Буркина Фасогоос 100 орчим хөлсний цэрэг буцсан байж болзошгүйг мэдээлсэн байна.
“Медведи” бригадыг 2022 онд Буркина Фасогийн төрийн эрхийг булаасан Ибрахим Траорег хамгаалах үүрэгтэй гэдэг.
Баруун Африкийн франц хэлтэй орнууд болох Малид 2021 онд, Буркина Фасод 2022 онд, Нижерт 2023 онд тус тус цэргийн дэглэм тогтсон нь энэ бүс нутаг дахь Оросын нөлөөг нэмэгдүүлсэн юм.
Тухайлбал Буркина Фасогийн цэргийн дэглэмийн удирдагч тус улсын колоничлогч байсан Франц улсын дипломатууд, цэргүүдийг хөөн гаргаж, Оростой ойртох бодлого баримталж эхлээд байгаа.
Ермолаевын мэдээлснээр Курскийн ажиллагаа эхлэхээс өмнө Буркина Фасод тэдний 300 орчим цэрэг байрлаж байжээ.
Африк тивд Оросын зэвсэгт бүлэглэлүүдийн явуулж буй ажиллагааг Африка Корпус нэртэй толгой байгууллага нэгтгэн удирддаг болсон гэх мэдээлэл бий.
Эх сурвалж: AFP