Автомашины дугаар олгох эрхийг нийслэлд шилжүүлж байгаатай холбоотойгоор түр зогсоожээ
Орон нутгийн автомашин Улаанбаатар хотод 48 цаг зорчвол 5000 төгрөгийн төлбөр авах тухай шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор Автотээврийн үндэсний төв биечлэн болон цахимаар улсын дугаар олгохгүй болжээ. Энэ талаар "Нисдэг машин" худалдааны төв дэх Автотээврийн үндэсний төвийн салбараас сурвалжиллаа.

Орон нутгийн автомашин Улаанбаатар хотод 48 цаг зорчвол 5000 төгрөгийн төлбөр авах тухай шийдвэр есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл энэ шийдвэртэй холбоотойгоор Автотээврийн үндэсний төв биечлэн болон цахимаар улсын дугаар олгохгүй болжээ. Энэ талаар “Нисдэг машин” худалдааны төв дэх Автотээврийн үндэсний төвийн салбараас сурвалжиллаа.
Энэ салбар улсын дугаараа сольсон, шинээр машин авч байгаа гэсэн шалтгаанаар шинэ дугаар авах гэсэн хүмүүсийн хөлд дарагджээ. 3 цонх бүрт 10 орчим хүн дугаарлаж харагдана. Дугаар авах гэсэн иргэдэд нэгдсэн мэдээлэл өгөх мэргэжилтэн байхгүй учир бүгд тус цонхноос юм лавлахаар зогсжээ. Мөн Автотээврийн үндэсний төвд байрлуулсан цахим төхөөрөмжөөс онлайнаар дугаар захиалахаар хандсан ч бүтэлгүйтэв. Олон нийтэд мэдэгдэлгүйгээр дугаар олголтыг зогсоон, иргэдийг чирэгдүүлж байгаад тэдний зарим нь бухимдаж байв. Автотээврийн үндэсний төвөөр үйлчлүүлж буй иргэдийн 50 орчим хувь нь шинэ дугаар захиалахаар иржээ. Автотээврийн үндэсний төвийн ажилтнууд “Түр хугацаанд саатал гарсан. Удахгүй зүгээр болно” хэмээн мэдээлсэн талаар ч иргэд хэлж байна. Ийн иргэд дугаар захиалах явц хэвийн болно хэмээн 3-4 цагаар хүлээж байв.
Бид жолооч нар болон Автотээврийн үндэсний төвийн ажилтнуудаас ямар хүндрэл гарч байгаа талаар асуулаа.
Жолооч нар: Орон нутгийн дугаараа Улаанбаатарынх болгохоор ирсэн ч дугаар олголтыг зогсоосон байна
“Хүүгийн минь автомашин миний нэр дээр бий. Хүү хотод ажиллаж, амьдардаг учир машиных нь улсын дугаарыг сольж, хотын дугаартай болгохоор ирсэн боловч, 8-11 цаг хүртэл дугаарласан. Дугаар захиалж болохгүй байна.
“Өчигдөр орой 5 цагаас хойш дугаар захиалах гэсэн боловч болохгүй байсан. Тийм учраас Автотээврийн үндэсний төвийн салбаруудаар үйлчлүүлэх гээд ирсэн ч мөн адил болохгүй байна. Өглөө 8 цагт учрыг нь тодруулахад ажилтнууд нь ч мэдэхгүй байсан. Улсын дугааруудыг ченж нар авсан, аль эсвэл орон нутгийн дугаартай автомашинаас шимтгэл авах болсонтой холбоотой байх. Орон нутгийн дугаартай жолооч нар Улаанбаатарын дугаараар солих нь элбэгшсэн. Үүнээс болоод, дугаар олголтод зохицуулалт хийхээр түр хугацаанд хаасан юм болов уу” гэж бодож байгаа хэмээв.
Харин энэ талаар албаныхан цаашид нийслэлээс автомашины дугаарыг олгохоор болсон тухай мэдээллээ.
Э.Мөнхнасан ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
“Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарт хариуцуулахаар хуульчилсан. Үүнтэй холбогдуулан ИТХ-аас Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоог 730 мянгаар тогтоосон.
Ингээд хамтарсан ажлын хэсэг гарч, ЗХУТ-д улсын дугаар олголтыг шилжүүлэх ажил нэг сарын өмнө эхэлсэн. Өчигдөр бүртгэлийн мэргэжилтнүүдийг хуваарилсан бол өнөөдөр системд өөрчлөлт хийж байна. Улаанбаатар хотод 560 мянган суудлын автомашин бүртгэлтэй байгаа. Дугаарын нөөц дуусаагүй. 2-3 хоногийн дараа дугаар олголт хэвийн болно” гэв.