Москва хот Украины нисгэгчгүй онгоцны томоохон халдлагад өртөв
Өчигдөр буюу Мягмар гарагийн шөнө Украины нисгэгчгүй онгоцнууд ОХУ ын нийслэл Москва хот болон түүний ойр орчмын бүс нутагт халдсан нь урьд өмнө гарч байгаагүй үйл явдал болжээ ОХУ ын батлан хамгаалах яам Москва мужийн нутагт 20 дрон бусад найман мужийн нутагт нийт 124 дрон устгаснаа мэдээлсэн байна 21 сая

Өчигдөр буюу Мягмар гарагийн шөнө Украины нисгэгчгүй онгоцнууд ОХУ-ын нийслэл Москва хот болон түүний ойр орчмын бүс нутагт халдсан нь урьд өмнө гарч байгаагүй үйл явдал болжээ.
ОХУ-ын батлан хамгаалах яам Москва мужийн нутагт 20 дрон, бусад найман мужийн нутагт нийт 124 дрон устгаснаа мэдээлсэн байна.
21 сая гаруй хүн оршин суудаг Москва хот болон Москва муж нь ОХУ-ын хүн ам хамгийн нягт төвлөрсөн бүс нутаг юм.
Халдлагын үеэр дронууд Раменское дүүргийн орон сууцнуудыг мөргөж, гал түймэр гарсны улмаас 46 настай нэг эмэгтэй амь үрэгдэж, гурван хүн шархадсаныг Москва мужийн захирагч Андрей Воробёв мэдээлжээ.
Москва мужийн Раменское дүүрэг Кремлийн ордноос зүүн өмнө зүгт 50 км зайд оршдог.
Халдлагын үеэр Москва хотын дөрвөн нисэх буудлын гурав нь зургаагаас дээш цагаар хаагдаж, 50 орчим нислэгийг өөр буудлууд руу буцаажээ.
Дроны энэхүү халдлага нь Украины эрх баригчдын үнэн дүр төрхийг харуулж буйг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлсэн байна.
“Орон сууцны хороололд шөнийн цагаар довтлох нь цэрэг дайны үйл ажиллагаатай ямар ч холбоогүй. Киевийн дэглэм мөн чанараа харуулсаар байна. Тэд бол манай дайсан. Тиймээс бид өөрсдийгөө ийм үйлдлээс хамгаалахын тулд цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстой” гэж тэр мэдэгджээ.
Мягмар гарагийн шөнө Оросын тал бас Киев хот руу 46 дроноор довтолсны 38-ыг нь устгаснаа Украины зэвсэгт хүчин мэдээлсэн байна.
Украины талаас өчигдөр ОХУ-ын найман мужийн нутагт дроноор довтолсноос Брянск муж хамгийн олон буюу 70 гаруй нисгэгчгүй онгоцны халдлагад өртжээ.
Оросын арми сүүлийн хоёр жил, хагасын хугацаанд Украины нутаг дэвсгэрт олон мянган пуужин, дроноор довтолж, хэдэн мянган энгийн иргэний амийг хөнөөж, эрчим хүчний болон иргэний дэд бүтцүүдийг сүйтгэсээр байгаа.
Харин Оросын томоохон хотууд дайны гамшгаас хол байсан юм.
Энэ дайнд нисгэгчгүй онгоц чухал үүрэг гүйцэтгэж байгаа.
Дайтагч талууд энгийн иргэний зориулалттай дроныг аюултай зэвсэг болгон хувиргахаас гадна дотоодын нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр шаргуу ажиллаж байна.
Украины эрх баригчид энэ удаагийн дроны халдлагын талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Орон сууцны барилга халдлагад өртсөн нь Оросын хамгаалалтын системийн хариу цохилтод оногдсон дронууд унахдаа тэдгээрийг мөргөж, гал гаргасантай холбоотой гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: Reuters