Тэйлор Свифт нэр дэвшигч Камала Харрисыг дэмжсэн нь Илон Маскийг бухимдуулав
Мягмар гарагийн орой ABC News суваг АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп Камала Харрис нарын анхны мэтгэлцээнийг зохион байгууллаа Янз бүрийн судалгаагаар сонгогчдын дунд нэр хүнд нь бараг тэнцүү аваад байгаа тэдний хувьд энэ мэтгэлцээн шийдвэрлэх үүрэгтэй гэж ажиглагчид үзэж байв Мэтгэлцээнд ерөнхийдөө Ардчилсан Намын нэр дэвшигч дэд

Мягмар гарагийн орой ABC News суваг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нарын анхны мэтгэлцээнийг зохион байгууллаа.
Янз бүрийн судалгаагаар сонгогчдын дунд нэр хүнд нь бараг тэнцүү аваад байгаа тэдний хувьд энэ мэтгэлцээн шийдвэрлэх үүрэгтэй гэж ажиглагчид үзэж байв.
Мэтгэлцээнд ерөнхийдөө Ардчилсан Намын нэр дэвшигч, дэд ерөнхийлөгч Камала Харрис илүү байсан гэж ихэнх судлаачид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дүгнэж байна.
Мэтгэлцээн өндөрлөснөөс хойш хэдхэн цагийн дараа Америкийн поп од Тэйлор Свифт нэр дэвшигч Камала Харрисыг дэмжиж байгаагаа мэдэгджээ.
Инстаграм хуудсандаа нийтэлсэн түүний мэдэгдэл одоогоор бараг 10 сая орчим "лайк" цуглуулаад байна.
Поп од мэдэгдлийнхээ төгсгөлд өөрийн нэрийн өмнө “Childless Cat Lady” (хүүхэдгүй мууртай эмэгтэй) гэж бичжээ.
Энэ нь нэр дэвшигч Дональд Трампын дэд ерөнхийлөгчөөрөө сонгосон сенатор Жэй Ди Вэнсийн хэлж байсан хүүхэдгүй эмэгтэйчүүдийг доромжилсон утгатай хэллэг юм. Хүүхэд төрүүлэхийн оронд муур тэжээж насыг барсан эмэгтэйчүүдийг доромжилсон утгатай энэ үгээр тэр нэг удаа өрсөлдөгч Харрисыг тодорхойлж байжээ.
Свифтийн мэдэгдэл Трампыг дэмжигч тэрбумтан Илон Маскийг бухимдуулсан юм.
Тэрбээр Х хуудсандаа “Сайн байна Тэйлор… чи яллаа…би чамд хүүхэд өгч, муурыг чинь амь насаараа хамгаалъя” гэж бичжээ.
Маскийн мэдэгдэл Свифтийн фэнүүдийн ширүүн шүүмжлэлтэй тулгараад байна. Тэйлор Свифт нь Америкийн төдийгүй дэлхийн хамгийн олон фэнтэй супер од юм.
Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч, ерөнхийлөгч асан Дональд Трамп хэрвээ сонгуульд ялбал Маскийг холбооны засгийн газрын үйл ажиллагааны оновчтой байдлыг (efficiency commission) хариуцсан албан тушаалд томилохоо мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: Business Insider