Автомашингүй өдрийн АЮУЛ
Өнөөдөр автомашингүй өдөр Нийслэлчүүд нэг өдөр автомашинаас татгалзаж гэр бүлээрээ цагийг өнгөрүүлдэг уламжлал тогтоод буй Цагдаагийн байгууллагаас автомашингүй өдөр цахилгаан скүүтер суррон дугуй цахилгаан мотоцикл зэргийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж мэдээлсэн Гэсэн хэдий ч хаасан зам дээр цахилгаан скүүтертэй иргэд сүлжилдэж байгааг иргэд шүүмжилж байна Зарим нь Автомашингүй өдөр ядаж

Өнөөдөр автомашингүй өдөр. Нийслэлчүүд нэг өдөр автомашинаас татгалзаж, гэр бүлээрээ цагийг өнгөрүүлдэг уламжлал тогтоод буй. Цагдаагийн байгууллагаас автомашингүй өдөр цахилгаан скүүтер, суррон дугуй, цахилгаан мотоцикл зэргийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж мэдээлсэн. Гэсэн хэдий ч хаасан зам дээр цахилгаан скүүтертэй иргэд сүлжилдэж байгааг иргэд шүүмжилж байна. Зарим нь "Автомашингүй өдөр ядаж гудамжаар тайван алхах боломж алга. Хурдтай цахилгаан скүүтерүүд энд тэнд сүлжилдээд, алхахад хүндрэлтэй байгаагаа учирлаж байв.
Албаныхны мэдээлснээр цахилгаан хөдөлгүүртэй суррон дугуйг насанд хүрээгүй хүүхэд унахгүй бөгөөд явган хүний замаар зорчуулахгүй гэж мэдээлсэн. Гэвч хотын гудамж талбайд хэрэгжиж байгаа юм алга.
Өмнө нь автомашин, мотоцикл, унадаг дугуйтай холбоотой осол бүртгэгддэг байсан бол одоо энэ тоон дээр скүүтер нэмэгджээ. Нөгөө талдаа түрээсийн скүүтэртэй холбоотой дугуйн зам, замын хөдөлгөөний шинэ дүрэм үгүйлэгдэж эхэлжээ. Иргэд скүүтертэй эгээтэй л автомашин дундуур сүлжихгүй байна. Явган хүний зам талбай, гарц гээд л хаа сай сайгүй скүүтертэй сүнгэнэх болсон. Скүүтер үйлчилгээ нэвтэрснээс хойш ихэвчлэн явган зорчигчийг мөргөсөн осол нэмэгдэх болсныг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
"ИХЭВЧЛЭН ЯСНЫ ЦУУРАЛТ, ГАР ХӨЛ ХУГАРАХ ГЭМТЭЛ АВЧ БАЙНА"
ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Л.Бум-Аюуш өмнө энэ талаар мэдээлэхдээ "Скүүтер, унадаг дугуйн зориулалтын зам талбай бага учраас машин замаар болон явган хүний замаар зорчдог. Үүний улмаас хүн мөргөх, машинд дайруулах, нүхэнд унах зэргээр бэртэж гэмтэж байна. Мөн суррон дугуй унадаг өсвөр насны хүүхдүүдийн хувьд үзүүлбэр үзүүлж байхдаа гэмтэх тохиолдлууд гарсаар байна.
Нийслэлд зориулалтын дугуйн зам хангалттай хэмжээнд байдаггүй, мөн цахилгаан моторт унадаг дугуйн хэрэгслийг явган хүний зам авто замын хөдөлгөөнд оролцуулах, тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэлтэй энэ төрлийн осол гэмтэл гарч байна.
Скүүтер болон суррон дугуйны хэр хурдтай явснаас шалтгаалан бэртэл гэмтлийн хувьд харилцан адилгүй. Тухайлбал, скүүтерээс унах, мөргөлдөх, автомашинд мөргүүлэх, бусдыг мөргөж гэмтээх ихэнх тохиолдолд гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл хугарах, хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зэрэг зонхилон тохиолдож байгааг хэлж байв.
СКҮҮТЕРТЭЙ ЗОРЧИГЧ ОСОЛДОЖ, ГЭМТЭХ ТОХИОЛДОЛ ХАМГИЙН ӨНДӨР БАЙНА
Скүүтер болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх болсныг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Ялангуяа хүүхэд залуус, өсвөр үеийнхний дунд скүүтер, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор явган хүний замаар зорчих, замын хөдөлгөөнд оролцох үедээ бэртэж гэмтэх, мөргөж гэмтээх тохиолдол цөөнгүй.
Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтэр, цахилгаан суррон дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт 523 тохиолдол бүртгэгджээ. Үүний 25 хүн нь хэвтэн эмчлүүлсэн байна. Хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгсэд байна. Эдгээрээс 22 нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд 40.9 хувь нь шуу ясны хугарал, 27.3 хувь нь шилбэний хугарал, 13.6 хувь нь дунд чөмөгний хугарлыг засч бэхлэх мэс заслын тусламж авчээ.
Нийт тохиолдлын 337 буюу 64.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол, насны хувьд 216 буюу 41.3 хувийг 0-18 насныхан эзэлж байна. Шалтгааны хувьд, скүүтэртэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол 92.9 хувийг эзэлж байгаа юм.
Тухайлбал:
Скүүтертэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх-486
Цахилгаан дугуйтай /сурон/ зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх-20
Мопедтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх-17
Мөн нийт тохиолдлын 124 буюу 49.9 хувийг скүүтерээс унаж гэмтэх шалтгаан эзэлсэн бол, 5-14 насныхан өндөр хувьтай байна. Скүүтертэй зорчигч бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэмтэх тохиолдол 97 буюу 45.3 хувийг эзэлж буй бөгөөд ихэнх нь 15-24 насныхан байна. Явган зорчигч скүүтэрт мөргүүлж гэмтэх тохиолдол нийт 19 бүртгэгдсэн бөгөөд 5-9 болон 50-54 насныхан өндөр хувийг эзэлж байна. Цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтэл нийт 20 буюу 85 хувийг эзэлж байгаа бол, ихэнх нь 10-29 насныхан байна. Мопедоос үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол нийт 17 бөгөөд 15-аас дээш насныхан дунд түгээмэл тохиолдож байна. Скүүтер болон цахилгаан суррон дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 465 буюу 88.9 хувь нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.