Хятадын Nio компани Теслагийн "Model Y"-тай өрсөлдөхүйц шинэ загварын цахилгаан машинаа танилцууллаа
Хятадын цахилгаан автомашин (EV) үйлдвэрлэгч Nio компани Теслагийн хамгийн их борлуулалттай машинтай шууд өрсөлдөхүйц, Onvo брэндийн анхны хямд үнэтэй, гэр бүлийн хэрэгцээнд зориулсан “L60 SUV” загвараа тавдугаар сарын 15-нд танилцууллаа. 219,900 юань (30,465 доллар)-ийн үнэтэй “L60 SUV” загвар нь дэлхийн хамгийн алдартай цахилгаан машин болох Теслагийн 249,900 юанийн үнэтэй “Model Y”-аас 10 гаруй хувиар хямд байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадаас ирэх цахилгаан автомашины импортын татварыг дөрөв дахин нэмэгдүүлэхээ мэдэгдээд байгаа үед тэд энэхүү машинаа танилцуулж байна. Бусад цахилгаан машин үйлдвэрлэгчдийн нэгэн адил Тесла Хятадын брэндүүдийн ширүүн өрсөлдөөний улмаас борлуулалтын уналттай тэмцэж байгаа аж.
Энэхүү автомашиныг Шанхайд Нио компанийн гүйцэтгэх захирал Уильям Ли танилцуулсан бөгөөд тус компани нь Теслагийн “Model Y” болон “Toyota RAV4”-тэй өрсөлдөх зорилготой гэж мэдэгджээ. “Технологи хөгжиж, ухаалаг EV-ийн талаарх хүмүүсийн ойлголт гүнзгийрч байгаа энэ үед бид гэр бүлийн автомашины стандартыг дахин тодорхойлох цаг болсон” гэж Ли хэлжээ.
Тус компани “L60”-ийн захиалга авч эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сар гэхэд нийлүүлж эхлэхээр зорьж байгаа юм. Nio компанийн удирдлагууд гэр бүлийн автомашины зах зээлийг өргөжүүлэх ажлын хүрээнд жил бүр шинэ Onvo загвар гаргах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэв.
Гэсэн хэдий ч АНУ-д цахилгаан автомашинд 100%-ийн татвар ногдуулдаг бөгөөд Европын Холбооны Хятадаас импортолж буй цахилгаан автомашины татварын шалгалт үргэлжилж байгаа бөгөөд дэлхий даяарх цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт удааширч, өрсөлдөөн нэмэгдэж байгаа тул томоохон сорилтуудтай тулгарч байгаа билээ.