Mercedes-Benz-ийн домогт загваруудын дизайныг бүтээгч таалал төгслөө
90 насандаа Германд Бруно Сакко таалал төгслөө Тэрээр 1975 1999 оны хооронд Daimler Benz AG компанийн ерөнхий дизайнер байсан юм Сакко 9 р сарын 19 нд нас барсан ч үүнийг олон нийтэд 9 р сарын 28 нд зарлажээ Бруно 1933 оны 11 р сарын 12 нд Италийн хойд хэсэгт орших

90 насандаа Германд Бруно Сакко таалал төгслөө. Тэрээр 1975-1999 оны хооронд Daimler-Benz AG компанийн ерөнхий дизайнер байсан юм. Сакко 9-р сарын 19-нд нас барсан ч үүнийг олон нийтэд 9-р сарын 28-нд зарлажээ.
Бруно 1933 оны 11-р сарын 12-нд Италийн хойд хэсэгт орших Удине хотод төржээ. Турины Политехникийн их сургуульд инженер мэргэжлээр суралцсан боловч түүний төрөлхийн урлагийн авьяас, загварын мэдрэмж нь онцгой байв. 1958 онд түүнийг Германы Daimler-Benz AG концерн дизайнерын ажилд урьж, тэрээр ажлынхаа явцад албан тушаалаар ахин, 1975 онд ерөнхий дизайнер болжээ. Үүнээс хойш дараагийн 24 жилийн турш Mercedes-Benz-ийн бүх шинэ суудлын автомашин, автобус, ачааны машины загварыг гаргах үүрэг хүлээсэн юм.
Саккогийн удирдлага дор гурван хошуутай одон бүхий автомашинуудын танигдахуйц хэв маяг бүрэлдэн тогтжээ. Түүний дизайнд тэнцвэртэй харьцаатай кузов, дэгжин байдал, нарийн детальчлал, хромыг хэмнэлттэй ашиглалт, болон хошуут гэрлийн өвөрмөц хэлбэр зэрэг онцлогтой байв. Тэрээр гэрлүүдийн хэлбэрийг цэвэр практик байдлаар зохион бүтээсэн: их хэмжээний цас, шавартай үед ч гэрлийн дотоод ирмэгүүд цэвэр үлдэж, харагдахуйц байдал хадгалагддаг байв.
Саккогийн үед W123, W124, W126, W140, W220, R129, W201, W210 зэрэг Mercedes-Benz-ийн хэд хэдэн алдартай загварууд төрөн гарсан. Тухайлбал, W124 загвар нь бизнес ангиллын седан машинуудын загварын жишиг хэвээр үлдэж, 2024 он гэхэд ч өөрийн цаг үеэсээ хоцроогүй, 1984 онд анх гарч байсан шигээ үнэлэгдсээр байна.