"Цөмийн зэвсэг хэрэглэвэл Пёньяны дэглэмийн төгсгөл ирнэ"
Хойд Солонгос улс цөмийн зэвсэг хэрэглэх юм бол дэглэмийнх нь төгсгөл ирнэ гэдгийг Өмнөдийн ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөөдөр хэллээ АНУ Өмнөд Солонгос улсууд шийдэмгий бөгөөд хүчтэй хариу арга хэмжээ авна гэдгийг мөн сануулав Тэрбээр Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 76 жилийн ойн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ Хойд Солонгосын

Хойд Солонгос улс цөмийн зэвсэг хэрэглэх юм бол дэглэмийнх нь төгсгөл ирнэ гэдгийг Өмнөдийн ерөнхийлөгч Юн Сук Ёл өнөөдөр хэллээ. АНУ, Өмнөд Солонгос улсууд шийдэмгий бөгөөд хүчтэй хариу арга хэмжээ авна гэдгийг мөн сануулав. Тэрбээр Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 76 жилийн ойн арга хэмжээний үеэр үг хэлэхдээ Хойд Солонгосын талаар дурдсан нь энэ юм.
Соннам дахь Сөүл агаарын баазад болсон ёслолын үеэр Юн "Хойд Солонгосын өдөөн хатгалгад манай арми нэн дариу хариу цохилт өгөх ба байлдааны өндөр чадавх, бэлэн байдалдаа тулгуурлан арга хэмжээ авна. Хэрвээ тэд цөмийн зэвсэг хэрэглэхийг завдвал холбоотнуудын шийдэмгий бөгөөд хүчтэй хариу арга хэмжээтэй тулгарна. Тэр өдөр Хойд Солонгосын дэглэмийн төгсгөл байх болно. Хойд Солонгосын эрх баригчид ард түмнийхээ зовлон зүдгүүрийг үл тоомсорлон өдөөн хатгалга явуулж байна. Хогтой бөмбөлөг илгээх, GPS гацаах зэргээр өдөөн хатгасаар хоёр улсын эргэн нэгдэх боломжийг үгүйсгэх хэмжээнд хүрээд байна" гэжээ.
Цөмийн зэвсэг нь аюулгүй байдлаа баталгаажуулж буй нэг хэлбэр гэх Ким Жон Уны үгэнд төөрөхгүй байхыг Юн Сук Ёл уриалж байна.
Тэрбээр энэ жилийн арга хэмжээний үеэр шинээр байгуулагдсан Стратегийн командлалыг онцлон тэмдэглэжээ. Тус командлал нь Өмнөд Солонгосын армийн дэвшилтэт чадавхийг АНУ-ын таслан зогсоох хүчинтэй нэгтгэх аж.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин байгуулагдсаны 76 жилийн ойн арга хэмжээнд 5000 орчим цэрэг, 340 гаруй цэргийн техник хэрэгсэл оролцсон. Үүнд, Хёнмоо газар-газар ангиллын пуужин, К9 өөрөө явагч гаубиц зэрэг багтжээ.