Унтах тухай
Унтах нь бидний бие бялдар оюун санааны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг Бид ихэвчлэн гүн нойр ба нүдний хурдан хөдөлгөөн REM гэсэн хоёр үе шатны ээлжлэн явах хэд хэдэн мөчлөгийг туулдаг Энэ хоёр нойрны үечлэл хоёулаа бидний бие бялдар оюун санааны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг Гүн нойрны шат Бие

Унтах нь бидний бие бялдар, оюун санааны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Бид ихэвчлэн "гүн нойр" ба нүдний хурдан хөдөлгөөн (REM) гэсэн хоёр үе шатны ээлжлэн явах хэд хэдэн мөчлөгийг туулдаг. Энэ хоёр нойрны үечлэл хоёулаа бидний бие бялдар, оюун санааны эрүүл мэндэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Гүн нойрны шат: Бие махбодийг нөхөн сэргээх
Энэ нойрны үе шат бие махбодийг сэргээхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Бидний бие өсөлтийн даавар ялгаруулснаар эд эсийн өсөлтийг хангаж, өдрийн туршид гарсан гэмтлүүдийг нөхөн сэргээхэд тусалдаг. Энэ үе шатанд бид дархлааны системийг идэвхжүүлж, үрэвсэл, хоолны дуршлын гормоныг зохицуулдаг цусны эд эсийн түвшинг нэмэгдүүлдэг.
REM унталт: Оюун санааг сэргээх
REM унталт нь оюун санааг сэргээхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид ихэнхдээ энэ үе шатанд зүүдэлдэг.
REM унталт нь оюун санааг сэргээхэд дараах хоёр байдлаар тусалдаг:
1) Энэ үед ой санамжийг бататгаж, өдрийн турш харсан зүйлсийг боловсруулж, урт удаан хугацааны дурсамж бий болдог. Дараа нь дурсамжийг хаана хадгалахыг тодорхойлсноор ирээдүйд эргэж санахад хялбар болдог байна.
2) REM унталт нь виртуал бодит байдлын сургалт шиг бидэнд нөлөөлдөг бөгөөд бид зүүдэлж байхдаа тухайн өдөр тулгарсан асуудлуудын шийдлийг туршиж үзэх боломжийг олгодог. Мөн энэ үед бид янз бүрийн бэрхшээлийг шийдвэрлэхэд оюун ухааныг бэлддэг байна.
Нойрыг дэмжих хоёр физиологийн дохио байдаг:
• Мелатонин нь нар жаргахтай холбоотойгоор таны биеийн цагнаас үүдэлтэй "нойрны даавар" юм. Энэ даавар нь бидний цусанд хэр их байна төдий чинээ нойрмог болдог. Дунджаар, хүний бие мелатониныг 21-22 цагийн хооронд ялгаруулж эхэлдэг: энэ түвшин орой хүртэл нэмэгдэж, шөнийн 2-3 цагийн хооронд дээд цэгтээ хүрдэг. Үүр цайхад дааврийн түвшин хамгийн бага хэмжээндээ очиж, өдрийн турш тэр хэмжээндээ хадгалагддаг.
• Биеийн үндсэн температур. Ихэнх насанд хүрэгчдийн хувьд биеийн үндсэн температур 21-22 цагийн хооронд огцом унадаг. Температурын огцом өөрчлөлт нь биднийг нойрмог болгодог бөгөөд ихэнх хүмүүсийн хувьд энэ нь унтахад хамгийн тохиромжтой үе байдаг.
Нойрсолт нь хүний бие махбодын цогц түвшинд дэлхийн хоногийн мөчлөгт зохицсон физиологийн тохируулгын үйл явц юм.
Нойрсолт нь ерөнхий 2 үет мөчлөгтэй байдаг ба үүнийг:
1. Non-REM
2. REM(Rapid Eye Movement) гэж нэрлэдэг.
Унтаж эхлэх үед хамгийн түрүүнд бид Non-REM нойрсолтонд автдаг бөгөөд энэ нь 4 үе шаттай.
I үе
Сэрүүн байх болон унтах үеийн завсрын мөч бөгөөд заримдаа бид унтаад ч байгаа юм шиг сэрүүн ч байгаа юм шиг мэдрэмж авдаг нь энэ үе бөгөөд ойролцоогоор 5–10 минут үргэлжилдэг.
Бяцхан зөвлөмж: Ажил, хичээл дээр ядраад толгой ажиллахгүй байх үед хамгийн хурдан сэргэх арга бол 10 минут эсвэл түүнээс бага хугацаанд дуг хийх юм. Учир нь I үе рүү л ороод гардаг учир бие махбод илүү сэргэг болдог.
II үе
Биеийн дулаан буурч, зүрхний цохилт удааширч эхэлдэг ба 10–25 минут гаруй үргэлжилдэг. Өөрөөр жинхэнэ нойрны эхлэл ч гэж нэрлэх тохиолдол бий.
Бяцхан зөвлөмж: Хэрвээ та өдөр дуг хийхээр төлөвлөсөн бол 20 минутаас хэтрэх хэрэггүй. Учир нь үүнээс цааш III үе рүү шилждэг тул өдрийн турш хүнийг нозоорсон, нойрмоглосон байдалд хүргэдэг.
III ба IV үе
Үндсэн нөхөн сэргэлт явагддаг гүн нойрсолтын үе бөгөөд энэ үед эд эсийн нөхөн төлжилт, өөхний эд задлагч ферментийн идэвхжил зэрэг чухал өсөлтийн дааврууд ялгарч дараагийн шинэ өдөр зарцуулагдах эрчим хүчийг үйлдвэрлэн нөөцөлдөг. Түүнчлэн энэ үед тархинд дахь мэдрэлийн эсүүд цэгцлэлт болон цэвэрлэлтийг хийж хэрэгтэй, хэрэггүй ой санамжийг ялгаж, хэрэгтэй гэж үзсэн мэдээллээ урт хугацааны ой санамж руу шилжүүлдэг.
Бяцхан зөвлөмж: Хэрэв танд 20 минут дуг хийх хангалтгүй санагдаж байгаа бол 90 минут дуг хийхийг санал болгож байна. 90 минутад бид гүн нойрсолт руу ороод гардаг учир бүрэн цэнэглэгдэж сэрдэг. Тиймээс өдөр дуг хийхээр төлөвлөж байгаа бол нэг бол 20 минутаас бага нэг бол 90 минут нойрсохыг зөвлөж байна.
Харин үүний дараа REM (Зүүдэн нойр) нойрсолт руу шилждэг.
Энэ үед тэнхлэгийн булчин тонусгүй болж амардаг ба ингэснээр хүний нуруу тэнийж амарсан мэт мэдрэмжийг авдаг. Хэрэв REM нойрсолтонд орж чадалгүй сэрсэн бол амарсан мэт мэдрэмж авч чаддаггүй.
Хамгийн чухал нь энэ үед мэдрэлийн эсүүдийн хоорондох холбоос бэхжих ба үүнээс улбаалан мэдээлэл хоорондын дамжих хурд сайжирч, бүтээлч сэтгэлгээ өсдөг. Түүнчлэн зүүдлэх үйл явц өрнөх бөгөөд бүтээлч сэтгэлгээ өсөх энэ үед зарим хүмүүс зүүдэндээ хүнд асуудлаа шийдэх тохиолдол бий. Жишээлбэл үелэх системийг зохион бүтээсэн Д.И.Менделевийн үелэх системийг зохион бүтээх санаагаа бодож олсон тохиолдлыг дурдаж болох юм.
Ямар нэг шалтгааны улмаас Зүүдэн нойроо гүйцэд авалгүй дутуу сэрвэл дараа өдөр нь түүнийгээ нөхөхийн тулд илүү их урт хугацаагаар нойрсдог ба үүнийг нойрны өр гэж нэрлэнэ. Жишээлбэл шөнөдөө 4–5 унтаж босоод ажил, хичээлдээ явах нь зүүдэн нойроо гүйцэд авахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг ба энэ мэтээр олон хоног дараалж зүүдэн нойроо авахгүй явах нь нойрны дутагдалд хүргэж хий юм харах шалгаан болохоос гадна анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурч, стресст өртөмхий уур уцаартай болдог.
Иймээс насанд хүрэгчид, ялангуяа оюутнууд 7–9 цаг унтах нь өдөр авсан мэдээллээ мэдлэг болгон урт хугацааны ой санамж руу шилжүүлэн хадгалах, илүү бүтээлч сэтгэлгээтэй болох зэрэгт ихээхэн ач холбогдолтой бөгөөд сэтгэл санааны хувьд тогтуун байдаг.
Нойрсох үйл явц хэрхэн өрнөдөг вэ ?
Нойрсолт нь хоёр хүчин зүйлийн оролцоотой явагддаг ба үүнд нойрны даралт (sleep pressure) болон циркадиан хэмнэл (circadian rhythm) ордог. Циркадиан хэмнэл гэдэг нь хүний бие доторх цаг бөгөөд өөрөөр биологийн цаг ч хэмээн нэрлэдэг.
Энэ нь хүн бүхэнд өөр өөр байдаг бөгөөд нийт хүмүүсийн 40% өглөөний хүн, 30% шөнийн шар шувуухай буюу орой унтаж орой сэрдэг бол үлдсэн хувь холимог төрлийн хүмүүс байдаг.
Орой болж гэрэл үгүй болоход хүний тархинд мелатонин хэмээх даавар ялгардаг бөгөөд энэ нь тархинд унтах дохио өгж нойрны даралтыг идэвхжүүлдэг. Нойрны даралт гэдэг нь хүний тархины зарцуулж буй маш их энергиэс чөлөөлөгдөн гарж буй аденозин хэмээх бодисын ялгарлаас үүсдэг бөгөөд түүний эзлэх хувь ихсэх тусам нойр хүрж нозоордог ба эцэстээ аденозин өөрийн рецептор буюу хүлээн авууртайгаа холбогдох үед бид унтдаг.
Кафейн агуулсан бүтээгдэхүүн кофе хэрэглэхэд сэргэдэг учир
Кафейн агуулсан бүтээгдэхүүн буюу кофе, ногоон цай зэрэг нь аденозиныг өөрийн хүлээн авууртайгаа холбогдохыг саатуулдаг учир унтах үйл явц саатаж бид сэргэг болж нойрмоглохоо зогсоодог хэдий ч энэ нь түр зуурын үзэгдэл бөгөөд аденозин бүр мөсөн алга болохгүй эзлэх хувь нь ихэссээр байдаг ба кафейны үйлчлэл гарах үед маш их нойр хүрж, ядарч сульдах нь үүнтэй холбоотой байдаг.
"Өдрийн гэрэл болон бусад орчны идэвхтэй үйл ажиллагаатай холбоотойгоор өдрийн нойр нь хэзээ ч шөнийн нойрыг орлож чадаггүй учир шөнө ялангуяа 00:00–02:00 цаг хүртэл нойрсож байх нь маш чухал юм."