АНУ үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоор Йеменд цохилт өгөв
АНУ B 2 үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцууд ашиглан Йемен дэх хуситуудад өнөө өглөө агаарын цохилт өгөв Уг цохилтоор газар доорх таван зэвсгийн агуулахыг онилжээ АНУ хамгийн чухал бөгөөд өртөг өндөртэй зэвсгийн системээрээ Хусит бүлэглэлийг онилсноор Иранд томоохон мессеж хүргэсэн гэж үзэж байна АНУ ын Агаарын цэргийн хүчинд ердөө 19 ширхэг

АНУ "B-2" үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцууд ашиглан Йемен дэх хуситуудад өнөө өглөө агаарын цохилт өгөв. Уг цохилтоор газар доорх таван зэвсгийн агуулахыг онилжээ. АНУ хамгийн чухал бөгөөд өртөг өндөртэй зэвсгийн системээрээ Хусит бүлэглэлийг онилсноор Иранд томоохон мессеж хүргэсэн гэж үзэж байна.
АНУ-ын Агаарын цэргийн хүчинд ердөө 19 ширхэг байдаг хоёр тэрбум ам.долларын үнэтэй ховор "B-2" үл үзэгдэх бөмбөгдөгч онгоцоор боловсорнгуй цэргийн техник хэрэгслээр дутмаг бүлэглэлд цохилт өгөх нь зөв байсан уу? Энэ талаар АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин хэлэхдээ "Дайсан газрын гүнд, хатуу, бэхлэлттэй байсан ч АНУ хүрэхэд хэцүү тэдгээр байгууламжийг онилох чадвартайг энэ өвөрмөц жишээ харууллаа. АНУ энгийн иргэд болон бүс нутгийн түншүүдээ халдлагаас хамгаалахын тулд арга хэмжээ авахдаа эргэлзэхгүй" гэжээ.
Ираны цөмийн болон цэргийн байгууламжууд ихэнх нь газар доорх байгууламжуудад байдаг. Иранаас баллистик пуужингаар довтолсны хариуд Израиль ямар хариу арга хэмжээ авахыг дэлхий нийт харж байна. Энэ үед АНУ бүс нутаг дахь хамгийн чухал түнш Израилийн төлөө Ойрхи Дорнодод дохио илгээв.
АНУ энэ үйлдлийнхээ төлөөсийг төлнө гэж Йемений хуситууд мэдэгджээ. Хусит бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Насруддин Амер "Йемений эсрэг түрэмгийллийнхээ төлөөсийг АНУ төлнө. Бидний өмнө хэлсэнчлэн энэ түрэмгийлэл Йемений байр суурийг өөрчлөхгүй" гэжээ.
Дашрамд дурдахад, Хамас, Хезболла, Хусит бүлэглэлүүд нь Иран тэргүүтэй эвслийн нэг хэсэг юм. Тэд Палестины анклавд гал зогсоох хүртэл Израиль болон түүний холбоотнуудад цохилт өгөхөө зогсоохгүй гэж мэдэгджээ. Хуситууд олон сарын турш Улаан тэнгис дэх хөлөг онгоцуудыг онилсон. Энэ нь Газын зурвас дахь Израилийн дайнд үзүүлж буй хариу үйлдэл гэжээ.