Украин "Storm Shadow" пуужинг Орос руу харвасан гэв
Украин анх удаа Их Британи Францын хамтран бүтээсэн Storm Shadow пуужинг Оросын газар нутаг руу харвасан гэж Reuters агентлаг мэдээллээ Уг явдал АНУ д үйлдвэрлэсэн ATACMS пуужингаар довтолсноос нэг өдрийн дараа буюу Лхагва гаригт болсон байна Reuters агентлаг болон Оросын эрх баригчид уг пуужингаар хил давсан цохилт өгснийг баталсан байна

Украин анх удаа Их Британи, Францын хамтран бүтээсэн "Storm Shadow" пуужинг Оросын газар нутаг руу харвасан гэж "Reuters" агентлаг мэдээллээ . Уг явдал АНУ-д үйлдвэрлэсэн "ATACMS" пуужингаар довтолсноос нэг өдрийн дараа буюу Лхагва гаригт болсон байна. "Reuters" агентлаг болон Оросын эрх баригчид уг пуужингаар хил давсан цохилт өгснийг баталсан байна.
Украины батлан хамгаалахын сайд Рустем Умеров Лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Их Британи, Францад үйлдвэрлэсэн пуужинг ашигласан гэх мэдээллийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Мөн уг пуужинг үйлдвэрлэсэн хоёр орны Батлан хамгаалах яамнаас "CNN" агентлаг тодруулахад албан ёсны хариу өгөөгүй аж. Умеров "Storm Shadow" пуужинг ашигласан талаар хэлэхдээ "Бид эх орноо хамгаалахын тулд бүх арга, хэрэгслийг ашиглах болно. Бид энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй. Гэхдээ бид ямар ч цохилтод хариу өгөх чадвартай гэдгээ л илтгэж байна" гэжээ.
Цэргийн өдөр тутмын үйл ажиллагааг мэдээлдэг Оросын нэгэн албан тушаалтан Лхагва гаригт "Telegram" дээр "Storm Shadows" пуужингийн хэлтэрхийний зургийг нийтэлжээ. Тэрбээр мөн Оросын Курск муж руу уг пуужингаар 12 удаа харвасан гэж мэдээлсэн байна.
Пуужингийн хэлтэрхий Украины хилээс 56 километрийн зайд орших Оросын Марино тосгонд олдсон бөгөөд дээр нь "Storm Shadows" гэсэн сийлбэрүүд байгааг харж болно.
Тухайн зургуудыг АНУ-ын армийн тэсрэх бөмбөгийн ахлах техникч асан, зэвсгийн мэргэжилтэн Тревор Болл хараад "Storm Shadow" пуужингийнх болохыг баталжээ. "Telegram" дээр мөн Марино тосгоны ойролцоо дэлбэрэлт сонсогдож буй бичлэг нийтлэгдсэн байна. Уг бичлэгийг Тревор Болл үзсэнийхээ дараа "CNN"-д хэлэхдээ "Дэлбэрэлт нь өөр төрлийн зэвсгээс үүдэлтэй гэсэн шинж тэмдэг байхгүй ч ‘Storm Shadow’ пуужингаас болсон гэж тодорхой хэлэх боломжгүй" гэжээ.
Их Британи, Франц улсууд өмнө нь "Storm Shadow" пуужинг Украинд нийлүүлэхдээ хил давж ашиглахгүй байхыг сануулж байсан. Уг пуужин нь 250 километрийн тусгалтай. Энэ нь Америкийн "ATACMS"-ийн тусгалаас богино зай юм. "BBC"-ийн дипломат сурвалжлагч Пол Адамс Лхагва гаригт "Украины цэргүүд Курск мужид Storm Shadows пуужингаар цохилт өгөх гэж оролдсон нь худал мэдээллээс хол юм " гэжээ. Гэвч Киев албан ёсны тайлбар өгсөн цагт ашигласан гэх мэдээлэл баталгаажихыг онцолжээ.