Торгуультай машинуудыг журамлахад л түгжрэл буурна шүү!
Сайд Р Эрдэнэбүрэн Улаанбаатар хотын түгжрэлийн 30 хувийг зохиомол түгжрэл эзэлж байгаа бөгөөд бууруулах арга нь зөрчил гаргаж түгжрэл үүсгэж торгуулчихаад торгуулиа төлдөггүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх явдал Замын хөдөлгөөний зөрчил гаргаж торгуулчихаад төлдөггүй иргэдийг цаашид зөрчил гаргахгүй болтол нь буюу торгуулиа төлж дуустал нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Сайд Р.Эрдэнэбүрэн “Улаанбаатар хотын түгжрэлийн 30 хувийг зохиомол түгжрэл эзэлж байгаа бөгөөд бууруулах арга нь зөрчил гаргаж, түгжрэл үүсгэж торгуулчихаад торгуулиа төлдөггүй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх явдал.
Замын хөдөлгөөний зөрчил гаргаж торгуулчихаад төлдөггүй иргэдийг цаашид зөрчил гаргахгүй болтол нь буюу торгуулиа төлж дуустал нь замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх тухай мэргэжлийн байгууллагын саналыг 100 хувь дэмжиж ажиллана” гэж мэдэгдээд байна.
Тээврийн цагдаагийн албанаас өнгөрсөн аравдугаар сард “Техникийн хяналт үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, мөн торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс хөдөлгөөнд оролцуулахгүй” гэж мэдэгдэж байв.
Гэвч хэрэгжих хугацаа нь дөхөнгүүт няцаж эхэлсэн сураг дуулдах. Хэрэгжүүлэхэд хүн хүч дутах болсон уу, аль эсвэл торгуультай машинуудыг журамлах хашаа саравч хүрэлцэхгүй болов уу, нэг асуудал гарч…
Уг нь энэ шийдвэр хэрэгжвэл Улаанбаатар хотод багталцаж ядаад буй 800 мянга гаруй тээврийн хэрэгслийн тал нь буюу 400 мянга гаруй нь хөдөлгөөнд оролцох боломжгүй болно.
Нийслэлийн эдийн засаг дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн өгч байсан мэдээллээр өнгөрсөн аравдугаар сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд албан татвараа төлөөгүй 165,238 тээврийн хэрэгсэл байгаа бол торгуулиа төлөөгүй 266,044 тээврийн хэрэгсэл байгаа юм.
Мөн олон улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө барагдуулаагүй 510 мянган тээврийн хэрэгсэл байгаа дүн гарсан. Тодруулж хэлбэл, торгууль, татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийн тоо нийтдээ 941,282 болж буй юм. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн тооноосоо ч хальсан дүн болж гарч буй. Нэг үгээр хэлбэл, Монголд дүрмээ барьдаг, татвараа цаг хугацаандаа төлдөг, автомашинаа жил бүр үзлэг оношилгоонд нь оруулдаг жолооч маш цөөхөн болж таарч байна.
УИХ-аас баталсан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих буюу улсын бүртгэлд бүртгүүлээгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.
Үүнээс гадна хуульд заасан хугацаанд торгуулиа төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь хязгаарлах, түр саатуулах журам батлагдсан байдаг.
Гэвч хэрэгжүүлэлгүй явж ирсэн нь дүрмээрээ явахгүй торгуульсан хэрнээ түүнийгээ төлөхгүй луу унжиж явсаар 266,044 жолооч болсон байх жишээний.
Түгжрэлээс болж нийслэлчүүд жилд 3.4 их наядыг алдаж байна гэх судалгааг ч гаргаад буй.
Нийслэлчүүдийн олонх нь авто зам дээр түгжрэн цаг хугацааг алдаж байгаагийн зэрэгцээ бензин, шатахуунаараа ч шатаж буй.
Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатарын дугаарыг хязгаарлахын оронд эхний удаад торгуулиа төлдөггүй жолооч нарын тээврийн хэрэгслийг журамлан, хөдөлгөөнд оролцохыг нь хориглоход л түгжрэл шийдэгдэх болоод байна.
Иймээс хэлсэндээ байж, хойш ухарч няцалгүй ирэх арванохоёрдугаар сарын 1-нээс техникийн хяналт үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй, мөн торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэдэг мэдэгдлээ хэрэгжүүлэх шаардлага байна.
Тэгж байж, дүрмээ ягштал мөрдөж хөдөлгөөнд оролцдог болно, цаг хугацаандаа үзлэг оношилгоондоо хамрагдана, татвар, хураамжаа төлдөг болно.
Толгойг нь илээд явуулбаад байвал “Болж байна, болоод байна” гэцгээн цааш ахисаар эцэстээ торгууль нь ч дааж давшгүй болж, дээр нь түгжрэлд ч нэрмээс болж буй.
Тиймээс тээврийн цагдаагийнхан ажлаа хийнэ үү.
Гэрлэн дохиотой зэрэгцэн уулзвар бүр дээр хөдөлгөөн зохицуулж зогсохын оронд үзлэг оношилгоогоо хийлгэдггүй, торгуулиа төлдөггүй жолооч нарыг илрүүлбэл түгжрэлийг бууруулахад илүү нэмэртэй байх гээд байна даа.
Г.ХОРОЛ