Mendamar Bukhbat - Якутыг зорьсон тэмдэглэл
Якут Сибирь гэдэг үгс хэзээнээс сэтгэлийг минь соронзон мэт татсаар ирсэн Магадгүй Монголчуудын өвөг дээдэс тэнгис далайг гатлан ирэхээсээ өмнө энэхүү шивэр ойд аж төрж байсан Их монгол улсын газрын зурагт Сибирийг яагаад оруулж зурдаггүй зэрэг олон олон асуултууд учиглан хөвөрсөөр Сибирийг хөндлөн туулж Якут орох авто аяллын бүрэлдэхүүнд багтах

Якут, Сибирь гэдэг үгс хэзээнээс сэтгэлийг минь соронзон мэт татсаар ирсэн. Магадгүй Монголчуудын өвөг дээдэс тэнгис далайг гатлан ирэхээсээ өмнө энэхүү шивэр ойд аж төрж байсан, Их монгол улсын газрын зурагт Сибирийг яагаад оруулж зурдаггүй зэрэг олон олон асуултууд учиглан хөвөрсөөр Сибирийг хөндлөн туулж Якут орох авто аяллын бүрэлдэхүүнд багтах ховорхон, бас азтай завшаан тохиолдлоо.
Сумын наадам үзэхээр яаран догдлох хүүхэд шиг хүсэн хүлээсэн өдөр ирж 2 Nissan Patrol автомашин, 7 хүний бүрэлдэхүүнтэй бидний аялал төв талбайгаа нар зөв тойрон ургах нартай уралдан умар зүг Сибирийн замд хөлгийн жолоо заллаа. Дархан, Сүхбаатар, Алтанбулаг, Хиагт, Улаан-Үүд. Энэ замыг одоо бараг бүх монголчууд маань мэддэг болсон тул үл нуршмуу, Дараагийн өдөр бид Чита хот руу дорныг чиглэн довтолголоо. Замын тэмдэгт дээр дурайх монгол нэрс, яагаад ч юм гадаад оронд яваа мэт сэтгэгдэл үл төрнө. Өвгөдийн бүтээсэн түүхийн жимээр урагшлах мэт мэдрэмж төрүүлэн уулс толгод эрхгүй хараа булаана. Нар хүүшлэхтэй уралдан Өвөр Байгалын хязгаарын төв Чита хотод ирлээ. 300 мянган хүн амтай, орчин үеийн цэцэглэн хөгжиж байгаа хот байлаа. Нэг сонирхолт татсан зүйл нь автомашин үйлдвэрлэгч Toyota, Nissan, Honda, Оросын үйлдвэрийн автомашины дилерүүд. Жижиг хот гэхэд иргэдийн худалдан авах чадвар өндөр байдаг бололтой. Хоноглох газар хайн хэд хэдэн хаалга татсаны эцэст Friends гэх танил бөгөөд дотно нэртэй, дажгүй цэвэрхэн дэн буудалд үдэллээ.
Аялалын 3 дахь өдөр буюу хамгийн урт зам туулсан өдөр. 1100 км гэдэг урт сонсогдох авч алсын замд дөрөө нийлсэн эрчүүдэд ярих сэдэв мундахгүй, байгаль дэлхий гайхамшигт үзэмжээрээ мэлмий баясган сониуч зан хөдөлгөн огтхон ч уйдалгүй довтолгосоор дорныг чиглэсэн замын төгсгөл, умрыг зорьсон замын эхлэл цэг дээр түр амсхийн зураг өөргөө дараад цааш довтолгон Тында хотод үдэллээ.
4 дэх өдөр эртлэн босч цааш довтолгосоор Монголчууд цагтаа бүтээн байгуулалтанд нь оролцож явсан Нерюнгри хотод цайлаад цааш хөдөллөө. Замд тааралдах Могот (могойт?), Табагата (тарвагатай?) гэх мэт чихнээ нэг л дотно нэрсүүд замын тэмдэгт дээр хөвөрнө. Довтолгосоор Алдан гэдэг алтны том уурхайтай хотод үдлэв. Монголоор Алт, Алтан биш гэж үү.
Якут орох сүүлийн өдөр гэгээ орохтой уралдан хөдөллөө. Хойшлох тусам цасны зузаан нэмэгдэж, уулсын орой намсана. Далайн түвшин заадаг үзүүлэлт хойшлох тусам 600, 500, 400 гэх мэтээр улам л доошлох ажээ. Залуухан ой модод замын хажуугаар эрээлжилнэ. Нэг жил бүгдийг нь суулгачихсан аятай нэгэн жигд, бас ямар ч тахир, муруй байхгүй, чиг шулуун ургасан модод магадгүй нарны гэрэл рүү тэмүүлэн уралдах агаад нэг л амсхийвэл бусдаасаа хоцорчих вий гэхдээ тэнгэр өөд тэмүүлэн зүтгэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Замын хажуугийн цас руу ганц л алхахад өвдөг далд орох аж. Нэг удаа гутландаа цас хийгээд дахиж замын хажуу руу алхаж турших зориг мохсон.
Лена мөрний мөсөн замын захад өдөр 12 цагийн үед ирэхэд голын цаадтай Якутск хот дурайн харагдах аж. Яагаад заавал Якут хотыг Лена мөрний хойно байгуулсан юм бол, голын урд төмөр зам, авто зам бүх дэд бүтэц ирсэн боловч хөгжил дэвшил, цаг хугацаа хүртэл Лена мөрний эрэгт тулаад гаталж чадаагүй өдий 21 дүгээр зууны босгыг давсан гэж бодохоор бас л сүрдмээр санагдаж байлаа. Хамгийн нарийн газраа 500 метр, өргөндөө 3-6 км өргөн Лена мөрөн магадгүй сибирийг, якутыг, байгалын онгон дагшин, ан амьтад, эрдэнэс зэргийг өдий хүртэл хамгаалан хашиж ирсэн юм болуу, эсвэл Байгаль нуураас Лена мөрний сав газраар нутаглаж нүүдэллэсээр якутууд энд ирж суурьшсан гэж үзвэл бас шинэ амьдралд хүргэж ирсэн гүүр мэт. Байгалийн сүр хүчийг мэдрэн мөсөн зам дээгүүр болгоомжтой урагшилсаар үд хэвийхийн алдад Якутск хотод орж ирлээ. Гадаа агаарийн хэм +2, гудамж талбайд туждаа шалбааг шавар байх боловч машинууд нь цэмцгэр. Оросуудын автомашинтай харьцах соёл нь их өөр гэж анзаарагдаж байлаа. Тэнгэр баганадсан өндөр барилгууд байхгүй ч мөнхийн цэвдэгтэй энэ хөрсөн дээр барилга байгууламжуудыг жигд цогцлоон байгуулжээ. Дээхнэ үеийн нэг загвартай социализмын үеийн барилгууд байх боловч шинэ шинэ барилгууд баригдаж, хөгжил дэвшил нүдэн дээр сүндэрлэн босч байна. Манайхны хэллэгээр гэр хороолол их байх боловч утаа тоос огт байхгүй нь нүдэнд тусч байлаа. Өвөл, утаа хоёрыг салгаж ойлгохоо больсон Утаанбаатарын иргэнд их сайхан санагдав. Якутыг зорьсон 7 аялагч дээр нэмэгдээд агаараар алс сибирийг зорьсон 5 аялагчид нэмэгдэн бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаад 4 өдөр якут хоттой танилцлаа. Элдэв брэндийн дэлгүүр гэхээсээ бүс нутгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй дэлгүүр, худалдааны төвүүд зонхилох ажээ. Үслэг ан, цаа буга, алмаз, алт гээд Якутын брэнд болсон бүтээгдэхүүнийг сонирхож, нүд хужирлав. Алмаз эрдэнэ гээчийн эх орон юм байна. Гудамжинд уурлаж бухимдсан, яарч тэвдсэн хүн огт харагдахгүй, ер нь оросын замд сигналын дуу ганц ч сонсоогүй шүү. Жолооч нар нь машинд нь сигнал байдаг гэж мэддэггүй байхаа. Нэг л тийм амгалан тайван ноёлсон хот юм.
Лена мөрөн дээр загасчлав. Өвлийн загасчлал энд их хөгжсөн байдаг юм байна. Голцуу нутгийнхан үйлчлүүлдэг турбаз дээр очиж загас барьж, газар дээр нь загасны махаараа салат хийж идэх нь жинхэнэ ориг сүши юм даа. Амт гээчийг илэрхийлэхэд бичгийн чадвар дутав. Урьд амсаагүй нэг тийм амт, мэдрэмж. Үнэтэй, гял цал, одтой буудал шиг биш, зүгээр л маш энгийн хийцтэй дүнзэн байшин, дотор нь ширээ, унтах наар засцан байх нь яагаад ч юм амьдралд их ойрхон, энгийн, маш дотно санагдлаа. Энгийн нэг якут ах (өвөө) зүгээр л сэтгэлээрээ үйлчлэх нь гоё. Бид үйлчилгээний соёл, luxury гээд л бодит, энгийн амьдралаасаа улам бүр тасарч байгаагаа мэдрэх шиг.
За манайхны асуудаг ганц юм цааны годон гутал. Якут бол яг оригинал эх орон нь. Тайлбар илүүц бизээ.
Монгол хүн гэхээр якутууд их хүндэтгэлтэй хандах аж. Мөн их сониучирхана. Хэлний бэрхшээл байвч хүсэл байвал гар хуруу, ганц нэг мэддэг үгээ нийлүүлээд ойлголцох аж. Алтай язгуурын хэлтэй ч олон мянган жилийн өмнө салбарласан болохоор якут болон монгол хэлээр шууд хоорондоо ойлголцоно гэж бол байхгүй юм байна лээ. Гэвч якутаараа ярьж байгааг сонсох тийм нэг уянгалаг, чихэнд наалдацтай, танил дотно санагдах аж. Хэдий ойлгохгүй ч гэсэн.
Хамгийн хүндэтгэлтэй хоол нь “унаганы мах”. Гэхдээ якутууд л унаганы мах гээд байгаа боловч арай ч дээ, ядаж даага байхаа. Нэг настай адууны мах гэхээр тэр бол даага л байх ёстой. За мөн бас нэг үндэсний хоол нь хөлдүү загасыг зороод шууд давслаад, амтлаад (нэрийг нь мартаж сорри) салат маягийн идээ нь бас хүндэтгэлийн зоог. Хөлдүү загас гэсээд, давс, амтлагч нь махандаа шингэж байгаа яг тэр агшинд махыг амтлах нь гайхалтай мэдрэмж. Гэвч соёл иргэншилийн нөлөөгөөр заавал болгож идэх ёстой гэсэн ойлголт бидний тархинд гүн бат шингэцэн байдаг юмуу, зарим маань жаахан цэмцэгнэх маягтай. Өө маньд бол үнэн тасархай амттай. Амаа олохгүй идсээн. Хонь, ямаа буюу богийн мах бол энд мэдэх ч үгүй юм билээ. Аргагүй, байгаль орчны онцлогоосоо шалтгаалаад бог мал маллаж байгаагүй байх. Зам зуур үхэр болон адуу л хаа нэг харагдсан. Таван хошуу мал маань бас нэг талаараа эх орныг минь эзэнтэй байлгаж байдаг юм байна даа гэсэн бодол ой тайга дундуур 3000 км давхихад төрж байсан шүү.
Зах хязгаар нутаг болохоор ерөнхийдөө амьжиргааны өртөг өндөр. Юмс харьцангуй өндөр үнэтэй. Улаан-Үүд, Чита зэрэг хотуудын дэргэд юмны үнэ нэлээд өндөр шүү.
Арслан зааны музей. Одоог хүртэл олдсон арслан зааны олдворын 90 хувь нь зөвхөн Якутаас олдсон гэхээр арслан зааны өлгий нутаг яах аргагүй мөн юмаа. Музей, үзмэр, эрдэм шинжилгээ, сургууль зэргийг нэг дор цогцлоосон нь их сайхан санагдлаа. Арслан зааны тухай та бүхэн гүүгл ахаас асуухад маш их мэдээлэл гарах учраас энд үл нуршмуу. Ганц юм тэмдэглэхэд Арслан заан бол якутын нэрийн хуудас юм билээ.
Мөсөн музей, магадгүй дээхнэ үед цэргийн зориулалтаар уул нүхлэн байгуулсан байгууламж болуу гэмээр хонгилыг мөсөн музей болгон тохижуулжээ. Гайхалтай, Миний л амьдралдаа үзсэн анхны мөсөн музей. Тогтмол -8 градус гэдэг бас л ямар ч зузаан хувцастай байсан тун удалгүй жиндүүлэх нь хургасан жавар гэж бидний ярьдаг ойлголтыг мэдрүүлэх аж. Мөсөн хундаганд архи сөгнөж үзэв ш дээ. Уруул наалддаггүй юм билээ, нээх удалгүй хундага нь хайлчих нь сонин.
Чердак. Якут залуусын амьдралтай танилцах зорилгоор бид нэг орой танил нэртэй жижигхэн паб-д бөөнөөрөө орсон. За нутгийн пиво амталсан. Тува буюу монголын хил дээр алба хаасан якут залуустай танилцсан, тоглосон. Тэр орой уг паб-д байсан бүх хүмүүсийн ярианы сэдэв “Монгол” байсан шүү.
Ленскые столбы – Байгалийн өвөрмөц тогтоцтой газар. Босоо босоо эгц хадан хясаануудыг харахад яагаад ч юм Аватор кино санаанд орлоо. Зун ирж үзмээр л санагдсан шүү. Тайлбарлаж бичих нь илүүц бизээ. Та бүхэн энэ нэрээр нь гүүглдээд үзээрэй. Энэ газар луу очихын тулд бараг 60 км мөсөн замаар явсан шүү. Их сонирхолтой. Урд нэг машин зам дээр хөндлөн эргээд зогсов. Жолоо барьж явсан эмэгтэй их л сандарсан бололтой цээжээ илж байгаа харагдав.
Аялалын бүрэлдэхүүнээс 2 аялагч маань онгоцоор буцаж 10-уулаа газраар ирсэн замаараа сурсан (якут) дуугаа дуулаад буцах аялалдаа гарсаан. 5 гишүүн маань онгоцоор ирээд машинаар буцаж байгаа болохоор сибирийн байгаль, ой тайга, зам харгуй, бодрол, ухаарал, мэдрэмж бүгд шинэ байсан. Бидний хувьд ч замаа нөгөө талаас нь харна гэдэг шинээр явж буй мэт байсан.
7000 орчим км Сибирийн тайгаар зорчиход байнга жижиг тосгон, суурин тааралдах нь их гүрэн сибирийг эзэмшилдээ бүрэн авчээ. Сибирийн тайга эзэнгүй, хоосон гэсэн ойлголт 100% өөрчлөгдсөн шүү. Дэлхийн стандартад нийцсэн хурдны зам сибирийн тайгаар хөндлөн туулсан нь хойд хөршийн засаг төр сибирт хэр анхаардагийг харуулах аж.
Буцах замдаа бид маршрутаа бага зэрэг өөрчлөн Чита хотоос чанх урагшаа Дорнодын Эрээнцавын боомтоор нутгийн дээс алхсаан. 10 хоног гадаадад байж байгаад хилээр орж ирэхэд ёслон угтах монгол хилчинг хараад зүрх огшиж байдаг шүү. Нутгаа санаж дээ.
Үзэж харсан, зам зуур тааралдсан болон харсан, бодогдсон, мэдрэгдсэн бүгдийг бичнэ гэвэл баттай нэг ном бол асуудалгүй гарах юм байна. За тэгээд баяжуулах юм бол Лениний боть шиг болгож болохоор байна.
Амар Цеденсамбын. Биднийг Оросын хил давсан цагаас л утсаар холбогдож, тусалж дэмжсэн энэ ахтай Якутад очоод нүүр тулан танилцах завшаан тохиолдсоон. Яагаав өнөө танайд хоноё нэвтрүүлгээр гарч олны танил болсон од биднийг якутад байхад хэлмэрчлэхээс авахуулаад хэрэлдэхийг нь хүртэл хийж гар хөл, нүд чих минь болж аялалыг гайхалтай сайхан болгоход бие сэтгэлээ зориулсанд гүнээ талархах ёстой. Монгол хүн байна даа.
Аялал маань гайхалтай сайхан, хором мөч бүр дурсамжтай, сонирхолтой байсан ч магадгүй бүх бэрхшээл саад, хүнд бүхнийг нуруун дээрээ үүрч, зохицуулж, сэтгэл зовниж, хариуцлага хүлээж, энэхүү авто аялалыг зохион байгуулсан Ijilmurun Batbayar ахдаа гүнээ талархая. Аялалд өөр өөрсдийн өнгө, дурсамжаа үлдээсэн аялалын бүрэлдэхүүн Zorigoo Ulziisaikhan, Ariunsanaa Batbold, Jargalsaikhan Mendbaatar Hero, Baljinnyam Baajii, Bagi Max, Uuriintuya Dorjpalam, Nandin Erdene, Baaska Batsukh, Bolorkhuu Chuluunsukh, Bayandorj Lkhagvadorj та бүхэнтэй нэгэн баг болж аялсан минь нэр төрийн хэрэг байлаа. Баярлалаа.
Өндөр хөгжил, тэнгэр баганадсан байшин, брэндийн дэлгүүр, 5 одтой буудлууд, дээд зэрэглэлийн үйлчилгээ хааяанд минь, хаа сайгүй байна, гагцхүү амьд байгаль, энгийн амьдрал, амар амгалан, улам бүр алслан холдож байгаа зэрлэг байгаль, мартагдсан дурсамж, өнгөрсөн болон ирээдүйн уулзвараар аялсан гайхалтай аялал. Бидний гаргасан жимээр боломжтой бол та бүхэн ч гэсэн аялж үзээрэй л гэж энэхүү бичвэрээ дуусгая.
Дуустал уншсан таньд бас баярлалаа. Хэхэ.
(ЖИЧ: утсан дээр минь олигтой зураг байсангүй. Гоё зургуудаар дахиж нэг пост хийж мэлмийг баясганаа.)