Ч.Батцэцэг - Италид жолоо барьсан нь
АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ 1 nbsp Италид хөл тавьсан даруй бид Малпензагийн нисэх онгоцны буудлаас автомашин түрээслэж миний бие Дарханы замд дадлага хийснээрээ жолооны ард суухаар болов Машины түрээсийн төлбөрөөс гадна 600 еврогийн барьцаа 80 еврогийн даатгал төлсөн бөгөөд барьцаагаа бүтэн авахын тулд аль болох торгуулалгүй зоригчдоо аюулгүй авч явах хариуцлага хүлээв

Италид хөл тавьсан даруй бид Малпензагийн нисэх онгоцны буудлаас автомашин түрээслэж, миний бие Дарханы замд дадлага хийснээрээ жолооны ард суухаар болов.
Машины түрээсийн төлбөрөөс гадна 600 еврогийн барьцаа, 80 еврогийн даатгал төлсөн бөгөөд барьцаагаа бүтэн авахын тулд аль болох торгуулалгүй, зоригчдоо аюулгүй авч явах хариуцлага хүлээв.
Италийн замын хөдөлгөөний дүрмийг мэдэхгүй ч ядахдаа гэрэл дохионы 3 өнгө ижил байвал болно доо гэж бодлоо. Миний машин буруу талдаа жолоотой, түрээслэсэн машин зөв талдаа жолоотой тул эхний өдөр эгнээ байраа мэдэрч явах гэж жаахан гуйвч найгав.
Эхний өдөр хурдны замаар ороход хүнтэй постноос англиар тайлбарлуулаад тасалбар авсан ч маргааш нь карттай хүмүүсийн (тасалбар гардаггүй) эгнээгээр орсон бололтой, хашлага нь нээлттэй, жолооч нар тасалбар авахгүй байхаар нь дагаад орчихов. 300 орчим км явсны дараа хурдны замаас гарах гэтэл тасалбар нэхэж байна. Юун тасалбар вэ? гээд картаа постонд ойртуултал шурх хийтэл 53 евро татчихав. Юун такс төлчихөв өө? гэж гайхаад машинаа зайтай тавьж алхаж очоод нөгөө хэдэн постыг нүдэж "нохой хорио" гэх нь холгүй юм боллоо. Тэр хавиар явсан машинуудаас тээр хойно үхтэлээ ичив. Учир нь дотор нь хүн суудаггүй, автомат хариулагчтай байж л дээ. Аз болж хажуугийн байшинд нэг хүн олоод учраа хэлтэл тасалбар аваагүй гээд торгуулсан байж ээ.
Италид хурдны зам ашиглах бүрдээ зайнаас шалтгаалан харилцан адилгүй татвар төлж байлаа. Хамгийн ойр газар 60 цент, хот хооронд явахдаа нөгөө 53 евро төлсөн зайндаа 15 евро төлөв. Италийн хөдөөд ч засмал замтай, гэрлэн дохиотой байдгийн шалтгаан энэ болов уу гэж бодов. Сайхан зам ашиглаж аюулгүй, эвдрэлгүй зорчсоны төлөө мөнгө төлөх нь зүйн хэрэг гэж бодогдоно. Манайд бол 300 км газарт нэг л удаа 1000 төг (3 цент) л төлдөг дөө. Дарханы зам дуусдаггүй, Дундговийн зам засагддаггүй, хөдөөд зам тавигддаггүй, машинаа хэмхэртэл шороо манаруулж давхидаг шалтгаан энэ юмуу гэлтэй.
За тэгээд уулзваруудыг аюулгүйн тойргоор шийдсэн байх юм. Гэрэл дохио шаардлагагүй, нэг урсгалтай тул тойрогт орж байгаа нь зүүн гар талаас ирэх машиндаа зам тавьж өгөхөд л болно. Нэг тойрог багадаа 3, ихдээ 5 сална. Машины навигэйшн жаахан тааруу, гүүгл мап илүү нарийвчлалтай. Эхэндээ гарцаа андуураад 20 км газар ч илүү тойрох шаардлага гарч байлаа. Sarangua Narankhuu маань газрын зураг уншихдаа туршлагажиж, би ч замын самбаруудаа уншиж сурч бид хоёр гарамгай нисгэгчид болсон байдаг шүү. Гарцыг бол хоёул хоёулаа чангаар 1, 2, 3... гээд л тоолж байгаад эргэнэ шүү дээ.
Эгнээ байрны тухайд хурдны замын эгнээ бүр өөр өөрийн заасан дээд хурдтай. 1-р эгнээгээр хамгийн удаан, 2-р эгнээ арай хурдан, 3-р эгнээ хамгийн өндөр хурдтайгаар зорчино. Өмнө нь Хавайд машин барьж байхдаа мэдэж авсан тул үүн дээр хаа очиж хараалгалгүй явсан. Ер нь бол би 2-р эгнээний жолооч юм билээ.
За тэгээд зогсоолыг маш эвтэйхэн шийджээ. Зогсоолын зураасыг гурван өнгөөр будсан байна. Шар зураастай бол оршин суугчдын зогсоол учир ямар ч үед энд машинаа тавьж болохгүй. Оршин суугчдын машин таних тэмдэгтэй учир сэм тавина гэсэн ойлголт байхгүй, торгууль гурван оронгоор яригдана гэнэ. Цэнхэр зураастай бол төлбөртэй зогсоол, хажууханд нь мөнгөө төлөх автомат пост бий. Цагаан зураастай бол төлбөргүй зогсоол, гэхдээ тийм зогсоол хотын төвөөр олдоно гэж гонж. Төлбөртэй том зогсоолуудаас гадна цагаар тавьдаг зогсоолууд бий. 2 цаг нь 10 евро гээд л талийж өгнө. Миланы төв бол манайх шиг шигүү хөдөлгөөнтэй ч арай ч таг түгжирчихгүй. Сарангуа маань нэг торгуулаад л араас нь замын хөдөлгөөний дүрмийг нь гүүглдэж, бидэнд хичээл зааж явав.
Бензин авахаар навигэйшндээ түгээгүүрийн байршил оруулаад хайж гарлаа. Манайх шиг тэмээнээс тэмдэгтэй том цогцолбор байх юм болов уу гэтэл гудамжинд ганцхан автомат түгээгүүр байж байв. Тэнд юун хашаа, хамгаалалт, ХАБ энэ тэр. Хүссэн савандаа шахаад авч болохоор сул чөлөөтэй. Амьдралдаа өөрөө машиндаа бензин хийх нь байтугай бензин банкны тагаа нээж үзээгүй хүмүүс шүү дээ. Ашгүй нэг эмэгтэй бензин авахаар ирж бүх үйлдлийг нэг бүрчлэн зааж өгөв. Бид гуравын баярласан гэж... Хөдөөд бол харин хөөрхөн жижигхэн, эзэнтэй түгээгүүр байдаг юм билээ.
Аа тийм, гэрэл дохио бас их эвгүй. Сараа зургаа уншина, би машинаа барина, Түүвээ гэрэл дохиогоо харна. Учир нь манай гэрэл дохио чинь тээр өндөр дээр замын эсрэг талд байдаг даа. Нүдэнд дассан гэрлээ тэнгэр дээгүүр замын эсрэг талаас хайгаад би ер олохгүй. Гэтэл явган хүний гарцны гэрэл шиг намхан юм хажууд байж байна.
Хөгтэй ч хөгжилтэй, дурсамжтай, тухтай таван өдөр Италид жолоо барьсан түүх ийн болой. Америкийн эх газар, Хавайд машин барьж байсан ч энэ удаа илүү хэцүү байлаа. Ямартай ч зорчигчдоо эсэн мэнд, машинаа бүрэн бүтэн авч ирж барьцааны мөнгөө бүрэн авсан даа.
2022.05.10
Ч.Батцэцэг