Volkswagen Polo (1.4 2WD) Хөвсгөл аймаг, Чандмань-Өндөр сум хүрсэн тэмдэглэл
Булган аймгийн нутгаар шөнө төөрөх гол үндэс бол аяллын хугацаа бага байсантай холбоотой бөгөөд 5 дахь өдрийн орой 22 цагт Улаанбаатар хотоос гарснаар адал явдал эхэлсэн юм Шөнө 2 цагийн үед Дашинчилэн хүрч тэндээс Булган аймгийн Хишиг Өндөр сум хүрэх байлаа Гэвч Булган аймгийн Могод сумруу салдаг зам буюу 303

Булган аймгийн нутгаар шөнө төөрөх гол үндэс бол аяллын хугацаа бага байсантай холбоотой бөгөөд 5 дахь өдрийн орой 22 цагт Улаанбаатар хотоос гарснаар адал явдал эхэлсэн юм.
Шөнө 2 цагийн үед Дашинчилэн хүрч тэндээс Булган аймгийн Хишиг-Өндөр сум хүрэх байлаа. Гэвч Булган аймгийн Могод сумруу салдаг зам буюу 303 дугаар баганаар Дашинчилэнгийн засмал замаас хойд зүгрүү салснаар шөнө төөрөх эхлэл тавигдсан юм.
Нилээн диржигнүүртэй хэцүү замаар 20 орчим км явсны эцэст замаасаа зүүн хойшоо салж шөнийн 3 цаг орчим Могод сум болон Хишиг-Өндөр сум хоорондын маш хэцүү том том сул чулуутай, ургаа хадтай айхтар даваанд тулж ирлээ. Шөнийн харанхуйд гол замаа бариад өгссөн боловч автомашины өндрөөс хамаарч баруун талын замаа барьж өгсөн нь бүр буруудсан бөгөөд эцэст нь жалгаруу тулж зөвхөн дээшээ мацахаас өөр аргагүйд хүрсэн юм.
Машины маань тэнхлэг хоорондын зай богино мөн жин багатай тул гарчих болов уу гэсэн найдвар байсан хэдий ч аргагүйн эрхэнд хий эргэж, хүч алдаж, том чулуунд тэгнэснээр эхнэртээ жолоогоо шилжүүлж өөрөө түрж, татах шаардлагатай боллоо. Огцом урагшилвал жалгаруу орох байсан тул эхнэртээ аль болох сайн зөвлөж "тэгнээснээсээ гарах л юм бол тоормосоо гишгихийг" сануулж байлаа.
Азаар намайг давааны бэлд ирэх үед нэг машин гэрлээ ёлтолзуулсаар давааны өөд өгсөж байсан бөгөөд тэр машин даваан дээр намайг харангуутаа зогсож хэрхэн өгсөхийг ажиглаж байсан юм байна лээ. Баруун талаа бариад өгсөх үед нутгийн хүн биш байгааг мэдсэн RX350 тай нутгийн ах намайг хүлээхээр шийдэж, гацсан байгааг минь мэдсэн тул машинаасаа бууж явган доошоо ирж явсан юм байна лээ. Гэнэт хүн гарч ирсэнд баярлаж машинаа шөнийн 4 цаг өнгөрч байхад тэгнээснээсээ гаргаж, ахаар зам заалгаж, зүтгүүлсээр даваан дээрээ гарлаа. Ах Мөрөн явж байсныг мэдээд Булган хүртэл дагаж явахыг гуйлаа. Хөдөөний замд явж үзээгүй тул намхан машинтай ахын араас нилээн удаан гэлдэрч байсныг ах үл тоон холдох бүрдээ эсвэл голын цаад эрэгт гарах бүрдээ хүлээж байсан мундаг ахад маш их баярласан шүү.
Хишиг-Өндөр сумруу Номтын булаг гуанзаар буюу Дашинчилэнгийн засмал замын 247 дугаар баганаар хойд зүгрүү салдаг юм байна лээ шүү.
Аялал маань Булган аймгийн Орхон сумын засмалтай залгаснаар цааш хэвийн үргэлжилж 17 цагийн орчим Хөвсгөл аймгийн Хатгал сумд ирж бороо ороогүй гол усны төвшин, шавар бага байсан тул цаашаа Toyota Probox (1500CC, 4WD) автомашиныг дагаж Чандмань-Өндөр хүртэл 3 даваа, нилээд хэдэн голыг гаталж, 2 ч удаа намагт сууж чирүүлж гаргасаар оройн 23 цагийн үед сумын төв дээрээ сайн явж ирсэн. Буцах замдаа мөн Булган аймгийн нутгаар бага зэрэг төөрч будилсан бөгөөд мэдэхгүй замаар шөнө явах дэмий гэдгийг ахиж сануулсан. Хишиг-Өндөр сумаас Дашинчилэнгийн засмал зам хүртэл гол усгүй тулдаа GPS (Maps.me App сүлжээгүй горимд их сайн шүү) ашиглаж нилээд хэдэн цаг явсан. Хишиг-Өндөр сумын төв замаар явсаар байгаад урд зүгрүү гарах байсан юм шиг байгаа юм. Тэр төв замаар явахад үнэхээр хэцүү бартаатай байсан шүү!!!
Автомашин маань нийт замын турш 100км-т дунджаар 5литр бензин, шулуунд 4,5-4,8 литр зарцуулж байсан. DSG буюу автомат механик хосолсон хурдны хайрцагтай тул бартаатай зам болон давааны уруу хүнд араандаа шилжүүлж, гүйцэд түрүүлэх үед араагаа бууруулах болон Sport горимд шилжүүлж байлаа. Мөн зөв хүрдтэй тул автомашин гүйцэд түрүүлэхэд их хялбар байсан.
Хоолоо бэлдээд явсан тул замын хажуугийн цайны газруудаар ороогүй боловч Хөвсгөл аймгийн Их-Уул сумд зардаг 1 ширхэг нь 2000₮-ын үнэтэй том дөрвөлжин талхнаас нилээд хэдэн ширхэгийг авсан юм. Талх их гоё амттай байсан бөгөөд ургамлаар гурилаа исгэдэг гэж сонссон. Талхны зураг даан ч дараагүй юм байна.
Мөрөн хотоос Хатгал хүртэл 50-100 гэх уртраг өргөрөгийн цэг байдаг юм байна лээ. Их л утгатай цэг шиг санагдсан.
Маршрут:
Улаанбаатар-Дашинчилэн-Хишиг Өндөр-Булган-Хутаг Өндөр-Их Уул-Мөрөн-Хатгал-Чандмань Өндөр