Suzuki Jimny: Хагийн Хар нуурын тэмдэглэл
Улаанбаатар хотоос 180 орчим км т байрлах Хан Хэнтий нурууны салбар бага Хэнтийн ууланд байрлах уулын тагийн үзэсгэлэн төгөлдөр нуур 2 7 хавтгай дөрвөлжин км урт нь 2 5 км өргөн нь 1 1 км эргийн шугамын урт нь 6 2 км гүнзгий газар нь төв хэсэгтэй бөгөөд 25 м

Улаанбаатар хотоос 180 орчим км-т байрлах Хан Хэнтий нурууны салбар бага Хэнтийн ууланд байрлах уулын тагийн үзэсгэлэн төгөлдөр нуур
2.7 хавтгай дөрвөлжин км, урт нь 2.5 км, өргөн нь 1,1 км, эргийн шугамын урт нь 6.2 км, гүнзгий газар нь төв хэсэгтэй бөгөөд 25 м хүрдэг бол дундаж гүн нь 11м, далайн түвшинээс дээш 1817.3м өндөрт өргөгдөн оршдог энэ сайхан байгалийн үзэсгэлэнт газар луу Suzuki Jimny клубийн хэсэг залуусын санаачлагаар, Suzuki Jimny автомашины албан ёсны борлуулагч Бридж группийн хамтарсан off road аяллыг зохиолоо.
Бид шинэ оны эхний сарын эхний долоон хоногийн 5 дахь өдөр буюу 8 ны өдөр 12 цагт Улаанбаатар хотоос 5 Suzuki Jimny автомашин, 11 хүний бүрэлдэхүүнтэй нуурын зүг хөдөллөө.
Гэхдээ бид аялалд гарахаас хэд хоногийн өмнө нэгэн мэдээллийг авсан байсан юм. Юун тухай вэ гэхээр Хагийн Хар нуур луу Pajero групп аялал хийгээд нэлээд хэдэн машин нь голын мөсөнд цөмөрч суусан, мөн ганц машинаар гарсан хүмүүс мөс цөмөрч машинаа гаргаж чадалгүй 3 хоносон гэх сураг яриа сонссон байлаа.
Өвлийн улиралд хаа нэг сайн машинтай хүмүүс очихоос, бусад дулааны улиралд бол Хагийн гол нь уулаа шахаж урсдаг, ой мод торлог ихтэй, том том үхэр чулуутай, машин очихын аргагүй замгүй намаг балчиг ихтэй, морьтой юмуу явганаар л очдог газар гэж би дуулсан.
Миний хувьд Хагийн Хар нуур луу хийж байгаа анхны аялал юм.
Өвлийн хүйтэн ид тачигнаж байхад цас мөсөөр хучигдсан хөвч тайга, хүн малын суурьшилгүй эзгүй ой мод, замын туршид байгалийн хүнд хэцүү бартаа саад биднийг угтаж байгаа гэж бодоход хэрэггүй ч энэ аяллын группд багатав уу даа гэх бодол төрж байсан юм. Гэвч хамтран явж байгаа залуусын дэврүүн сэтгэл автомашиндаа итгэж найдаж... зүгээрээ санаа зоволтгүй очно.. гэсэн зоригтой ч юм шиг шийдвэр нь нээрээ ч бас найдвартай бол нэгэн сайхан газрыг өөрийнхөө хувьд нээж үзэх боломжтой юм гэсэн бодолд хөтлөгдөв.
Ингээд замдаа гарлаа бид амгалан өртөөний МТ шатахуун түгээхээс шатахуунаа дүүргээд мөн машин болгон 25литрийн 2ш нөөцийн савыг дүүргэн ачаан дээрээ бэхэлж аваад цааш хөдөллөө. Тэрэлж хүртэл зам асуудалгүй учир дороо л давхиад ирэв. Тэрэлжээс шатахуунаа дахин нэг дүүргэх байсан ч хүйтэнд царцаж ШТС ажиллахгүй байлаа. Энэ ч асуудал биш бололтой учир нь Jimny шатахуун бага зарцуулдаг учир дүүргээд ч нэг их орохгүй байсан юм.
Манай 5 машин тус бүрдээ богино долгионы станцтай учир замын туршид хоорондоо холбоотой байж мэдээлэл солилцох, хөгжилтэй инээдтэй зүйл ярьж хөөрөлдөх нь бүгд л нэг машинд яваа юм шиг санагдаж байлаа.
Босгийн гүүр өнгөрч Хаг Туулын бэлчир хүрээд зам ерөнхийдөө дуусч цааш бид 70 орчим км дан голын мөсөн дээгүүр явах болов. Залуус маань ч сэтгэл хангалуун баяртай байв тэд энийг л хүлээж байсан юм билээ замын саад бартааг.
Одоо л жолоочийн ур чадвар төмөр хүлгийнхээ чадал тэнхээг шалгах цаг нь ирлээ гэцгээж байв. Энэ үед л би аяллын гол зорилго нь off road юм байна гэдгийг ойлголоо.
Ингээд цааш голоо өгсөн мөсөн дээгүүр хурдаллаа, миний бодлоор нэлээд хурдтай яваад байгаа юм шиг санагдсан шүү. Голын дээгүүр халиа гүйж зарим нэг газартаа цөмөрч байв ч Jimny төвөггүй гарч цааш хурдалсаар л байв.
Нэлээд явсны эцэст нэг машин маань голын эрэг орчимд мөсөнд цөмөрч дугуйгаа далд ортол суулаа. Энэ нь залууст сонирхолтой байгаа бололтой тэд замын турш хүнд хэцүү бартаа саадтай тулгарна гэж бодож байсан ч Jimny хагарал цөмрөлт халитаргаа гулгааг тоох шинжгүй явж байсан юм. Суусан машиныг хархад миний бодлоор энэ ч нэлээд юм болж байж гарах янзтай харагдав, гэвч энэ бодлыг минь манай залуус хоромхон зуур л үгүй хийв.
Гурвалсан ганц угзралтаар л нөгөө машин суга үсрээд гараад ирлээ. Тэдэнд өшөө илүү адал явдал хэрэгтэй бололтой заримдаа тэд бартааг өөрсдөө хайж байгаа мэт явж байлаа. Аялал үргэлжилсээр нар уулын оройг шүргэх үед ашгүй нэг мөснөөс гарлаа.
Одоо айх аюулгүй боллоо гэж дотроо бодож байтал замын бартаа гэж айхавтар юм байдаг юм байна. Хүний нүүр шиг л эгц өөд , урагшаа бөмбөрчихмөөр уруудалт, уначихвий гэмээр налуу бас тэр дов сондуул, овон товон ёстой л нэг 5 цулын минь байрыг сольж байна уу даа гэмээр мөнхийн 2 тийш зайлсан хөдөлгөөн.
Залуу хүний зориг Jimny 2-ын зохилдлогын хүчинд бид оройны 19 цагийн үед зорьсон газар болох Хагийн хар нуурын эрэгт ирж отоглосон юм. Гал ноцоож түүдэг асааж хоол цайгаа хийж идлээ хэдий хүйтэн байсан ч залуус бие биенээ цаашлуулж хөгжилдөн инээлдэж байхдаа даарч байгаагаа анзаарахгүй байсан юм. Одод түгж галын дөл цогших үед бид амрахаар боллоо. Аяллын эхэнд 1 машинд 2 хүн явах хуваарилалт нь шөнө унтах орны давхар бодлого байсан юм билээ.
Ороо засч эртхэн амаръя хэмээн дуудах жолоочийн дуунаар босч машин руу алхах зуур Jimny ч жижиг машин, суугаагаарай унтах ч амарсан болохгүй дээ гэж бодон очтол нөгөө 4 хүний жижиг суудлууд нийлээд 2 хүн өлхөн багтах дажгүй том ор болсон байхыг хараад нүдэндээ ч итгэсэнгүй. Чи энийг яаж ингэж өөрчилвөө гэтэл Jimny-гийн суудал амрах зориулалттай ор болж өөрчлөгддөг юм ш дээ гэж хариуллаа. Ёстой гайхалтай. Орны асуудал шийдэгдлээ гэртээ байгаа юм шиг л хэвтлээ одоо нэг л юм байна. Мишок маань нимгэхэн хучих зузаан юм байхгүй даарах асуудал. Санаа зоволтгүй ээ шөнөжин машинаа асааж нормалдаж хоноход Jimny 3-5 литрийг л зарцуулдаг юм халуун паараа тавиад хоноход халууцахаас даарна л гэж байхгүй гэж дахин намайг тайвшрууллаа.
Маргааш өглөө нь бие сайхан амарчээ даарсан ч үгүй заримдаа машинаа унтраахгүй бол халууцаж байлаа. Өлгөө босоод эргэн тойрноо хартал үнэхээрийн үзэсгэлэнтэй сайхан байгаль байлаа. Ой модоор хучигдсан уулаар хүрээлсэн Хагийн Хар нуурын гайхамшигт тогтоц. Униар татсан цэвэр агаар уушги нэвт сэнгэнэх шиг боллоо. Сэрсэн хүн болгон л байгалийн сайхныг магтан дуу алдаж сэрцгээж билээ.
Манай хэсэг нөхөд өглөө эртлэн босч гал түлж цайгаа чанаад хоол хийхэд бэлэн болжээ. Бидний өнөөдрийн программ бол загасчлах, өглөөний цайгаа ууж дуусаад уурга дэгээ өрөм юугаа бэлтгээд нуур луу 5 машинаараа гарлаа. Нуур ойролцоогоор 40см, зарим газартаа түүнээс их цасаар битүү хучигдсан нь машин явахад бас чамгүй ачаалал өгч байлаа.
Гэвч off road аялалд дуртай залуус тэр сайхан торох юмгүй тэгш нуурын талбай дээр хээ тавих мэт машинаа эргэлдүүлж моторынхоо чадлыг үзлээ. Өвлийн загасчлал буюу мөсний загасчлал нь хүний сэтгэлийн тайтгарлыг олох бас нэгэн сайхан амралт билээ. Хагийн Хар нуурын бас нэгэн гайхамшиг нь алгана, хадран, зэвэг, налим гэх мэт олон төрлийн загастай нь надад их таалагдсан. Манай зарим залуус анхлан загас барьж байгаа нь ихэд таалагдаж байгаа бололтой сэтгэл өндөр урамтай байсан.
Ингээд бид орой болтол загасчилсан ч ихэнх загасаа буцааж тавьж байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлээ харууллаа. Орой санаа сэтгэл нийлсэн залуусын хамтын хүчээр галаа түлж хоол цайгаа хийж идэнгээ түүдэг тойрон сууж өдрийн загасчлалд тохиолдсон сонин содон зүйлээ ярилцан цагийг сайхан өнгөрөөж амрахаар хэвтэцгээсэн юм. Өлгөө бүгд эртлэн босч буцах бэлтгэлээ хангалаа, зарим нь өглөөний цайгаа бэлдэж зарим нь шатахуунаа цэнэглэж хэсэг нь отогоо цэвэрлэж буцахад бэлэн болоход өдрийн 11:40 минут болж байлаа. Ингээд бид Улаанбаатар хотын зүг хөдөллөө буцах зам мөн л бэрхшээлтэй.
Хагийн Хар нуурын аяллыг эргэн санаж дүгнэлт хийхэд Сэтгэл санаа нийлсэн аяллын баг, бартаа саадыг давах хүчирхэг бат бөх Suzuki Jimny автомашинтай байхад, байгалийн үзэсгэлэн цогцолсон аль ч газарт хүрч болох юм аа гэсэн өндөр сэтгэлтэй гэрийнхээ гадаа буулаа.