Жолоочид тохиолдсон сүнсний хэргүүд
Тээврийн жолооч байхад тохиолдсон явдалаасаа бичье гэж бодлоо Тэр үед цэргээс дөнгөж халагдаад жолооч болчихсон 20 настай л байсан үе Сэлэнгэ аймгийн Орхонтуул Сангийн аж ахуйн талбайн будаанд явж байлаа Тэгээд талбайн будаа шөнө дундын үед зогсохоор хааяа нэг Улсын будаа ачаад Дарханы элеватор луу нэг рейс хийчихнэ Нэг удаа

Тээврийн жолооч байхад тохиолдсон явдалаасаа бичье гэж бодлоо.
Тэр үед цэргээс дөнгөж халагдаад жолооч болчихсон 20 настай л байсан үе. Сэлэнгэ аймгийн Орхонтуул Сангийн аж ахуйн талбайн будаанд явж байлаа. Тэгээд талбайн будаа шөнө дундын үед зогсохоор хааяа нэг Улсын будаа ачаад Дарханы элеватор луу нэг рейс хийчихнэ..
Нэг удаа Дарханд будаагаа буулгачихаад шөнө 3 цагийн үед буцаж явсан юм. Тэр өдөр бороо ороод польны ( Талбайн ) будаа нилээд эрт буусан өдөр байсан юм. Будаагаа буулгачихаад буцаж явахдаа Орхоны САА ын Бэлэн далайн үтрэм өнгөрөөд Шийрийн бригад гэдэг газар явж байгаад нэг жижигхэн даваа өөд өгсөж явсан чинь зүв зүгээр явж байсан машин маань пар пар гэсээр байгаад унтарчихдаг юм. Тэгээд буухдаа кабиныхаа гэрлийг асааж орхиод копут аа сөхөөд бензин татаж үзсэн байж байна. Тэгэхээр нь тогийг нь үзсэн зүв зүгээр. Яасан юм бол гэж бодоод санаандгүй копутныхаа дээгүүр кабин руугаа харсан чинь нэг жижигхэн биетэй өвгөн кабинд сууж байдаг юм. Шууд л нөгөө сүнс бодогдоод. Нуруу зарсгээд л явчихдаг юм байна лээ.
Тас харанхуй ядаж тэр хавийн комбайнууд буучихсан машин явдаггүй. Кабиндаа орж ч чаддаггүй 10 аад минут хүлээгээд гарт ганц жижиг түлхүүрээс өөр юм байхгүй. Шийргэнээд зогсож байсан чинь хойноос гэрэл гараад нэг машин хүрээд ирлээ.
Тэгсэн манай баазын жолооч байна. Тэрэнд учраа хэлээд хоёулаа кабин руу шагайсан чинь нөгөө хүн алга болчихож. Тэгээд нөгөөх маань чи урд ороод яв гээд хоёулаа Орхонтуул руу гараад давхичихсан. Явж байхдаа байнга хажуу руугаа хялалзаастай. Азаар дахиж үзэгдсэнгүй.
Тэгээд дараа нь Бэлэндалайн хэдэн комбайнчидтай буу халж байгаад нөгөөх явдлаа ярьсан чинь тэр Шийрийн бригадын нэг худаг дээр хятад өвгөн олон жил амьдарсан гэнэ ээ. Тэгээд нас бараад тэр хавьд оршуулсан л юм гэсэн. Заримдаа хүн амьтанд үзэгддэг гэсэн тэр нь надад таарчихаж. Тэр даваа уруудаад нөгөө худаг нь байдаг. Тэнд нөгөө хятадын амьдарч байсан байшин гээд балгас байж л байна лээ.
Бодвол тэр хавьд алт мөнгө үнэт эдлэлээ нуугаа биз. Хаа очиж элдэв муу юм болоогүй. Түүнээс хойш улсын будаанд явахдаа их болгоомжтой явдаг болсон доо.
Говь Алтай аймгийн Бигэр сумын нутагт Дөтийн даваа гэж байдаг. Нэг удаа шөнө явж байгаад даваа уруудаад явж байсан чинь тээр баруун урд талаас нэг том цагаан цайвар зүстэй амьтан миний замыг амдаад маш хурдан давхиж байна шүү. Тэр даваагаар шөнө давж болдоггүй гэж жолооч нарын ярьж байсныг санаад давааны уруу хаазаа нэмээд хурдалж гарсан. Ачаатай чиргүүлтэй тэрэг ч давааны уруу алга болж өгөхгүй хаачихав. Би ч хурдлаад л байсан нөгөө амьтан хариугүй урдуур гардгийн даваан дээр амжиж түрүүлж гарсан. Хамаг хөлс гоожчихсон байж билээ.
Хэрвээ тэр амьтан түрүүлсэн бол осол гардаг гэж зарим жолооч ярьдаг байсан нь санаанд ороод давхичихсан хэрэг. Яг л тэмээрхүү биетэй нээх том амьтан байсан. Холын гэрлийн үзүүрт тээр баруун урдаас давхиж байгаа нь харагдсан юм.
Бас нэг тохиолдол. Эрдэнэтэд тоосго буулгаад буцахдаа Хялганатаас банз ачаад оройхон хир Хөшөөтийн даваа уруудаж явлаа. Нойтон банз аймаар хүнд. 1 р араандаа хийгээд даваа дөнгөж уруудаж явсан чинь тормозны мембран хагараад тормозгүй болчихсон. Тэгээд мотор ээрчихэж байгаа юм чинь.
Тэгэхээр нь яалт ч үгүй хөнгөн араанд нь хийгээд тавьчихсан. Хөшөөтийн даваа дунд хэрдээ тойрог байдаг. Эрдэнэтийн хүмүүс мэдэж байгаа даа. Тэгсэн чинь яг тойрог дээр нэг Краз хоёр тийшээ илүү гарчихсан байшин ачаад өгсөж явдаг юм. Нөгөө байшин нь зам хаачихсан жигтэйхэн илүү гарсан том байшин. Би ч урд гэрлээ хэд хэд асааж унтраагаад. Тэгсэн нөгөө жолооч их хашир туршлагатай хүн таарсан. Шууд замаасаа гараад зам тавьж өгөөд. Би ч хажуугаар нь улаан галзуу юм сүн хийгээд алга болсон.
Тормозгүй хүн чинь машин хаана хүрч зогсоно тэнд л зогсоно шүү дээ. Бараг Бургалдайн Сангийн аж ахуйн харалдаа хүрч зогссон байх. Тэгээд запас мембран байхгүй яалт ч үгүй хонож таараад. Тэгсэн шөнө дундын үед хаалга тогшоод салдаггүй. Машин ирээд зогссон юм байх даа гээд буусан чинь хүн байдаггүй. Сүнс бодогдоод бие эвгүйцээд л явчихсан. Тэгээд кабиндаа ороод унтах гээд хэвтэж байсан чинь дахиад тогшоод салдаггүй. Хэн бэ гээд хашгирсан хариу алга. Мэдээж юу л байв гэж. Аминдаа айгаагүй гэдгээ л харуулах гэсэн байх даа.. том хутгаа барьчихаад гөхийгөөд л хэвтээд байлаа.
Тэгж тэгж өглөө болоод нэг жолоочоос мембран авч машинаа янзлаад махийсаар байгаад шөнө хотын бараа харж билээ. Яриад байвал олон л юм байна. Хүмүүст сонирхолгүй байх гэж санаа зовоод …
Бас нэг удаа Баянхонгор аймгийн Хүрээ марал сум аар ороод Говь Алтайн Тайшираар дайраад явья гэж нэг найзтайгаа ярилцаад явж байсан юм. Манай хүн л Хүрээ марал орох ажилтай гээд тэр замаар явж байгаа юм. Түүнээс биш бүүр урдуур Улаан шалын хоолойгоор явчихдаг.
Нөгөөх маань хоцроод болдоггүй. Би хүлээж хүлээж байгаад под фар аа асаасан чинь машинаас урдхан нэг цэнхэр дээлтэй хүүхэн яг надруу харчихсан зогсож байдгийн. Би хэвтэж байгаад боссон болохоор яаж яваад тэр хүүхэн урд гараад ирснийг огт анзаарсангүй. Тэгээд л шууд машинаа асааж аваад эргээд нөгөөх рүүгээ амдаад давхичихсан. 10 аад км давхиад нөгөөх маань урдаас ирж байхаар нь гэрлээрээ дохиж зогсоож байгаад нөгөө хүүхнийг хэллээ. Мань эр тэгсэн чинь очиж үзье гэж тэнэгтээд. За би л лав явахгүй чи явбал яв гээд.
Тэгээд тэндээсээ урагшаа яваад орон нутгийн зам бололтой Бууцагаан сум ордог зам олж аваад урдуур явсан. Уул нь хойгуур Хүрээ маралаар явья гээд хоёулаа ярьсан байсан юм. Нөгөөх маань байн байн хоцорч алга болоод .
Тэгсэн дараа нь нэг настай жолоочид ярьсан чинь Хүрээмаралын хийд гэж байж байгаад 1937 онд устгасан түүнээс хойш зам дээр хүүхэн, хүүхэд, лам хар янз бүрийн юм харагддаг болсон гэж ярьж байна лээ.
Бас нэг удаа Сэлэнгэ аймгийн Шаамараар дайраад Найрамдал САА , Цагааннуураас Эрдэнэтийн Хялганат руу банз ачих гээд шөнө Нарсан ойгоор гав ганцаараа явсан. Ёстой эвгүй юм байна лээ тас харанхуй ой дотуур олон зуун км ганцаараа явах чинь.
Бараг 200 орчим км явчихаад байсан чинь чиргүүлийн хойд дугуй хагарчихдаг юм. Ээ новш гэж гэж бодоод буух гээд чимээ чагнасан чинь чоно улиад шар шувуу орилоод болдоггүй хав харанхуй шөнө ядаж сар ч байхгүй. Тэр их ой дотор ганцаараа хонох ч эвгүй л юм байна лээ. Анчин гөрөөчин хүмүүс хэдэн сараар ойгоор гэр хийж ан хийж явдаг гэсэн. Яаж болгодгийг ёстой бүү мэд. Агуу зоригтой улс байдаг байх даа. Тэгэхээр нь гэгээ ортол хэвтэж байгаад буугаад үтэр түргэн дугуйгаа сольж аваад чавхдчихсан. Дугуйгаа сольж байхдаа байн байн эргэн хараастай чимээ чагнаастай. Ард чоно гэтэж ирээд гэнэт дайрвал яах билээ гэж бодоод шүү дээ.
Битүү нарсан ой. Тэгээд зам мэдэхгүй тэрүүгээр анх удаа л явсан юм. Нутгийн хүнээс асуугаад явсан харин огт төөрөөгүй шүү. Шар шувууны дуу гэж үнэн зэвүүн юм байна лээ. Хүн инээгээд ч байгаа юм шиг.
Цэрэгт байхдаа Дорноговь аймгийн Даланжаргалан суманд алба хааж байлаа. Ангийн усны цистерн барьдаг байлаа. Нэг өдөр салаан даргатайгаа ангиас нилээд зайтай нэг айлд оччихоод буцаж явсан чинь гэнэт машин унтраад таг зогсчихлоо. Тэгсэн бензин насос нь ажиллахаа байчихаж. Цэргүүд банк руу есөн шидийн даавуу дүрж хувцасны хирээ бензинээр арилгах гээд янз бүрийн хог бензиний банкинд үлдээсээр байгаад нөгөө хог нь насосыг маань эвдэж орхиж. Тэгээд ямар сэлбэг байх биш. Даргыгаа замын унаанд суулгаж өгөөд ганцаараа хонолоо доо.
Тэгсэн шөнө нойр хүрдэггүй ээ. Машины урд гэв гэнэтхэн л нэг цагаан хувцастай хүн харагдаад болдоггүй. Нилээд хэдэн удаа шүү. Сүнс л юм байхдаа гээд машинаасаа гарах ч үгүй гүрийгээд хэвтээд л байлаа. Гэрлээ асаагаад харахаар юу ч байхгүй. Тэгсэн өглөө болсон хойно харсан чинь урдхан талд нэг хатсан хужиртай цөөрөм байж байна. Салхи хөдлөхөөр нөгөө хужир нь босч хуйлраад надад цагаан хувцастай хүн шиг харагдаад байж л дээ. Айсан хүнд аргал хөдөлнө гэдэг л тэр байх. Хаа очиж би харин ухаан алдталаа айж байгаагүй юм шүү.