Автотойм: Нийтлэлч Эрдэнэс: Alphard цувралууд
2002 Toyota ALPHARD 10 Анхны люкс зэрэглэлийн Alphard ыг энгийн мотортойгоор үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эхэндээ зөвхөн Японд борлуулахаар төлөвлөж байв 2003 оноос Приусын батарейг ашиглаж хайбрид загварыг олноор үйлдвэрлэж эхэлжээ Улмаар 2005 онд уг автомашиныг шинэчилсний үр дүнд гаднах төрх дотоод заслыг нь бага зэрэг өөрчилсөн байлаа Эхэн үеийн Alphard

2002 Toyota ALPHARD 10
Анхны люкс зэрэглэлийн Alphard-ыг энгийн мотортойгоор үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эхэндээ зөвхөн Японд борлуулахаар төлөвлөж байв. 2003 оноос Приусын батарейг ашиглаж хайбрид загварыг олноор үйлдвэрлэж эхэлжээ. Улмаар 2005 онд уг автомашиныг шинэчилсний үр дүнд гаднах төрх, дотоод заслыг нь бага зэрэг өөрчилсөн байлаа. Эхэн үеийн Alphard загвар 3 төрлийн хөдөлгүүртэй, бас төдий тооны хурдны хайрцагтай. 2.4сс багтаамжтай, 160 морины хүчтэй V4-ийг үндсэн хөдөлгүүрт тооцдог ба энэ нь 4 шатлалтай автомат хурдны хайрцагны тусламжтайгаар 221Нм эргүүлэх дээд хүчээ урд дугуй руу дамжуулна. Топ хөдөлгүүр нь 3.0сс багтаамжтай энгийн V6 бөгөөд 220 морины хүчтэй, 304Нм эргүүлэх дээд хүчтэй. Уг хөдөлгүүртэй цуг 5 шатлалт автомат хурдны хайрцаг болон бүх дугуйн хөтлөгчийн технологийг хослуулжээ. Харин анхны Alphard хайбрид хувилбарын иж бүрдэлд 2.4сс багтаамжтай, 130 морины хүчтэй, 190Нм эргүүлэх дээд хүч бүхий 1 бензин хөдөлгүүр, урд хойд тэнхлэг хариуцсан цахилгаан хөдөлгүүр болон CVT хурдны хайрцаг багтана.
2008 Toyota ALPHARD 20
Alphard минивэны 2 дахь үеийг 2008 онд энгийн хөдөлгүүртэйгээр танилцуулж хайбрид үйлдвэрлэлийг зогсоов. Уг автомашин орчин үед илүү нийцсэн загвар, сайжруулсан арал ангитай байсны зэрэгцээ Toyota Vellfire гэсэн спорт хувилбартай болгов. 2 дахь үеийн Alphard 7 ба 8 хүний суудалтай, саруулхан, гэрэл гэгээ сайн нэвтрүүлдэг салонтой ба суудал болон хаалганы хавтаснуудыг нь амьсгалдаг савхиар бүрсэн байдаг. Ер нь Alphard-ын гол давуу тал нь суудлын тоо, чанарт хамааралтай. Жолооч болон зорчигчдод зориулсан суудлыг нь магтахад дуу зохиосон ч багадна. Жолоочийн суудал гэхэд л 8 төрлийн цахилгаан тохируулгатай. Харин урд зорчигч нь 6 төрлийн тохируулга, хөлний түшлэг болон массажны үйлдэл бүхий OTTOMAN сандалд тухлан явна. 2-р эгнээний зорчигчид ч 4 төрлийн тохируулга, хөлний түшлэг болон массажны үйлдэл бүхий суудлынхаа цахилгаан хүчлүүрийн ачаар биеэ амрааж явах боломжтой. Харин 3-р эгнээний суудлууд энгийн хэдий ч бас л тухтай.
2011 оны 11 сараас хайбрид системийг боловсронгуй болгож борлуулж эхлэв. Хайбрид 10 загвар дээр гарсан цахилгаан моторыг хөргөх зориулалттай помпыг 2 болгож, батарейн хүчин чадлыг 40 хувиар нэмэгдүүлжээ. Уг загварын иж бүрдэлд Hybrid Drive Synergy систем болон 2,4сс багтаамжтай бензин хөдөлгүүр, 2 цахилгаан хөдөлгүүр (нэгийг нь урд тэнхлэгт суурилуулж, нөгөө нь хойд дугуйнуудыг хөдөлгөх үүрэгтэй) багтана. Хайбрид хувилбар бүх дугуйн 4WD хөтлөгчтэй, автомат CVT хурдны хайрцагтай.
2015 Toyota ALPHARD 30
2015 оны 1 сарын 26-ны өдөр шинэ төрхтэй, 2.5сс болон 3.5сс багтаамж бүхий шинэ бензин хөдөлгүүрүүдтэй 3 дахь үеийн Alphard-ыг танилцуулж байв. Уг автомашиныг Япон болон Азийн зарим орноос, тэр дундаа Индонези, Тайланд, Филиппин, Хонконгоос худалдан авах боломжтой. Шинэ үеийн Alphard-ын радиаторын тор нь Toyota Crown шиг зузаан хээтэй. Өмнөх үетэй нь харьцуулахад энэхүү Alphard-ын кузовын урт нь 60мм-ээр, өргөн нь 20мм нэмэгдэж, дугуйн бааз нь 50мм-ээр уртассан хэдий ч машины өндөр нь 10мм намссан байв. Alphard-ын өрсөлдөгчөөр 3 дахь үеийн Nissan Elgrand болон 5 дахь үеийн Honda Odyssey гэсэн MPV (Multi-Purpose Vehicle; олон зорилгот тээврийн хэрэгсэл буюу багтаах чадвар өндөртэй универсал) машинуудыг нэрлэдэг.
Toyota VELLFIRE 2015
Хоёр дахь үеийн Toyota Vellfire хэмээх люкс зэрэглэлтэй том оврын минивэныг 2015 оноос Японд үйлдвэрлэж, дотоодын зах зээл дээр болон Азийн зарим оронд борлуулж эхэлжээ. Энэхүү шинэ автомашин нь Alphard-ыг бүрэн хуулбарласан загвартай хэдий ч хамар хэсгээрээ түүнээс тэс өөр. Салон нь хувилбараасаа шалтгаалан 7 болон 8 хүний суудалтай. Vellfire-ыг 2.5сс 182м.х болон V6 3.5сс 280м.х гэсэн 2 төрлийн бензин хөдөлгүүрээр тоноглосон бөгөөд эхнийх нь 3 дахь үеийн цахилгаан CVT, нөгөө нь 6 шатлалт автомат хурдны хайрцагтай хослон ажиллана. Уг автомашиныг зөвхөн урд эсвэл бүх дугуйн хөтлөгчтэйгээр үйлдвэрлэсэн. Түүнчлэн энэхүү минивэнд 2,5сс бензин болон урд хойд тэнхлэгт суурилуулдаг 2 цахилгаан хөдөлгүүр бүхий хайбрид хувилбар бий. Бүх хөдөлгүүр нийлбэр дүнгээрээ 197 морины хүч гаргана.
2023 Toyota ALPHARD 40
6 сарын 21-нд Toyota Motor IV үеийн шинэ Alphard болон Vellfire бензин болон хайбрид (p-HEV) хувилбаруудыг танилцуулж, борлуулалтыг эхлүүлсэн гэж мэдэгдэв. Сайжруулсан IV дэх үеийн загваруудыг зохион бүтээхдээ хөгжүүлэлтийн баг тав тухын орон зайг дээд зэргээр хангах, дэлхийн стандартад хүргэх шинэ агуулга дээр анхаарч, мөн үнэ цэнэ дээр нухацтай ажиллажээ. Шинэ Alphard болон Vellfire нь тансаг зэрэглэлийн салон, замын чичиргээ, дуу чимээг бууруулах арга хэмжээ, түлшний хэмнэлт, жолоодлогын динамик зэрэг үндсэн гүйцэтгэлийг сайжруулж гадна ба дотор дизайн, хэрэглэгчдэд ээлтэй байдлыг голчилсон гэв.
Хөгжүүлэлтийн баг нь Alphard болон Vellfire-ийн хоорондын ялгааг илүү тодорхой болгох үүднээс Vellfire загварт онцгой шинэ Z Premier гэсэн ангилал нэмсэн бөгөөд бүхэлд нь хар өнгийг голчилж, гадна талын түрэмгий зан авирыг тодотгож өгөх шинэлэг байдалд анхаарчээ. Хажуу талаасаа харагдах байдал нь урдаас хойшоо сунасан мэт чиглэлтэй урагш тэмүүлэх мэт дүрээр харагдах ч гаднах загвар нь хүчирхэг, нэр төртэй загварыг агуулна гэжээ. Цаашид дараагийн үе дээр агаарын бохирдлыг бууруулах үүднээс plug-in hybrid vehicles (PHEVs) системийг түлхүү нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Шинэ загваруудын урд болон 2-р эгнээний суудлын хоорондох зай, 2 ба 3-р эгнээний суудлын хоорондох зайг 5-10мм-ээр нэмэгдүүлж чаджээ. Үүнийг жолоодлогын байрлал болон 2-р эгнээний суудлын байрлалд өөрчлөлт оруулах замаар шийдсэн. Мөн 3 дахь эгнээний суудлын хажуу хана болон арын хаалганы хэсгүүдийг өмнөхөөсөө 4/1-ээр нимгэн болгосон нь илүү том цэлгэр мэдрэмж төрүүлэхүйц болжээ. Өмнөх загваруудын гэрэлтүүлэг, төрөл бүрийн унтраалга, агааржуулалтын нүх зэргийг цогцоор өөрчилж удирдлагуудыг таазны төвд төвлөрүүлсэн нь цонхуудыг нээх, гэрэлтүүлэг болон агааржуулалтыг тохируулах боломжийг аль ч суудалд сууж буй хүмүүст олгох замаар тав тухтай байдалд онцгойлон анхаарч, ажиллагааг нь хялбаршуулжээ. Шилэн дээврийн баруун болон зүүн талд тус тусад нь сүүдрэвч байршуулсан нь зорчигч бүр өөртөө тааруулан нарны гэрлийг хааж, нээх боломжтой бөгөөд хаалга онгойлгоход газраас 220мм өндөрт гишгүүр гарч ирж хүүхэд, өндөр настан болон ямар ч хүнд бууж, суухад хялбараар шийдэв.
TNGA платформ (GA-K) буюу суурь хэсгийг оновчтой болгож шулуун рокер буюу тээврийн хэрэгслийн арын доод хэсэгт V хэлбэрийн бэхэлгээг нэвтрүүлж, III дахь үеийн загваруудаас 50 хувиар бөх бат болгож сайжруулжээ. Шинэ загваруудад 2 талын ажиллагаатай сайжруулсан амортизаторыг суурилуулж замын гадаргуугаас дамжих чичиргээний давтамж дээр үндэслэн донсолгоог зөөлрүүлэх хүчийг механикаар тохируулах боломжтой болсон ба маневрлах явцад тогтвортой байдлыг хангах давуу талтай болов. Энэхүү 2 төрлийн сайжруулалт нь өмнөх загваруудаас 30 хувиар илүү зөөлөн болгож, зорчигчдын тав тухыг сайтар хангажээ.
2.5сс багтаамжтай 4 цилиндртэй DOHC (A25A-FXS) хөдөлгүүр дээр хайбрид 184кВт системийг хослуулж өгснөөр литр тутамд 16.5км зам туулах боломжтой бол 2WD шинэ төрөл нь литр тутамд 17.5км зам туулна. Alphard болон Vellfire нь хамгийн сүүлийн үеийн аюулгүй байдлын багц болох Toyota Safety Sense-ээр тоноглогдсон, эдгээр нь жолоодлогыг дэмжих функцуудтай. Тээврийн хэрэгсэл нь автомашины зогсоол, замын түгжрэлд дэмжлэг үзүүлдэг өндөр түвшний жолоочийн тусламжийн технологийн иж бүрдэл болох Toyota Teammate системээр тоноглогдсон.
• Active Driving Assist - эгнээ хоорондын жолооны туслах функц нь болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх замаар тээврийн хэрэгслийг илүү зөөлөн жолоодоход дэмжлэг үзүүлэх зорилгоор жолооны эсрэг хүчийг тохируулдаг.
• Proactive Driving Assist - жолоочийн үйлдлийг урьдчилан тооцоолж дохио өгөх ба шаардлагагүй үйлдлүүдийг хязгаарлах ба хаазнаас хөлөө авахад автоматаар машины хурдыг сааруулж ослоос сэргийлнэ.
• Advanced Park - жолоочгүй байсан ч Remote Park ухаалаг гар утасны програмыг ашиглан тээврийн хэрэгслийг алсаас байрлуулах эсвэл зогсоолоос гаргах боломжтой.
• Advanced Drive - түгжрэлтэй үед хүрээлэн буй орчноо мэдрэн сануулга дохио өгөх гэх мэт жолоочийн анхаарал шаардах ачааллыг бууруулна.
Vellfire-ийн шинж чанар: уг загварыг сонгосон үйлчлүүлэгчид онцгой сонголттой байдаг гэдгийг ойлгуулахын тулд хөгжүүлэлтийн баг тус загварыг хэрхэн сайжруулах талаар сайтар бодож, IV дэх үеийн өвөрмөц дизайн, жолоодлогын чанарт голчлон анхаарснаар үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг бүрэн хангана гэж тооцоолжээ. Урд гүйцэтгэлийн бэхэлгээний онцгой шинж чанар нь автомашиныг хурдасгах үед гайхалтай хариу үйлдэл үзүүлэх аж. Vellfire загварт шинэ үеийн 2.4сс 4 цилиндртэй T24A-FTS турбо хөдөлгүүр тавьснаар өмнөх үеийн 3.5сс багтаамжтай V6 хөдөлгүүртэй харьцуулахад хөдөлгүүрийн бага хурдны эргэлт нэмэгдэж, хурд авах хугацаа богиноссон тул жолоочид хурдатгалын мэдрэмжийг мэдрэх боломжтой гэв. Нэмж дурдахад хөдөлгүүрийн дуу чимээ нь зогсож эхлэх үед багасч, хурдасгах үед хөдөлгүүрээс спортлог дуу чимээ гарах аж.
Харин Toyota ALPHARD 50 цувралыг 2030 оноос бүрэн цахилгаан хувилбараар гаргахаар бэлтгэл ажилд хэдийн оржээ...
Альфард судлаач Эрдэнэ Эрдэнэс бичив.