Эрдэнэ: Alphard-тай Улаан-Үдээр аялсан тэмдэглэл
Дайтаж буй хөршийнхөөрөө хальт шагайхаар 999 гишүүнтэйгээ хамт Орос орныг зорив Дархан Сэлэнгийн зам дээр Орос дугаартай машинууд нилээн зөрж байна Нийслэлээс 330 км яваад л Алтанбулаг дахь Монгол улсын хилээр төвөггүй гарлаа Шөнийн тэнгэрт одод анивчиж урин салхи үлээнэ Харуулын цэрэг хүү инээмсэглэн угтаж үнэмлэх шалгаад сайн яваарай гэж

Дайтаж буй хөршийнхөөрөө хальт шагайхаар 999 гишүүнтэйгээ хамт Орос орныг зорив. Дархан, Сэлэнгийн зам дээр Орос дугаартай машинууд нилээн зөрж байна. Нийслэлээс 330км яваад л Алтанбулаг дахь Монгол улсын хилээр төвөггүй гарлаа. Шөнийн тэнгэрт одод анивчиж, урин салхи үлээнэ. Харуулын цэрэг хүү инээмсэглэн угтаж үнэмлэх шалгаад "сайн яваарай" гэж ерөөв. Хүний газар үгээ мэд гэж Эмээ минь их захидаг байж билээ. Оросын хилээр ч тэр, ер нь хаа яваа газраа үйлдэл бүхнээ хянахгүй бол Оросууд тийм ч найрсаг биш. Хойд хөрштэй холбосон 3,485км хилийн шугамын бараг 3/1 нь Буриад улсад ноогдоно. ОХУ 83 нэгжээс бүрддэгийн 21 нь өөрийн үндсэн хууль, засгийн газар, хэлтэй гэхдээ холбооноос гарах, бие даах эрхгүй “бүгд найрамдах улсууд" байдаг. Буриадын газар нутаг нь монголоос 4 дахин бага, хүн ам нь 1 сая хүрэхгүй, 3/1 нь буриад, дийлэнх нь оросууд, бусад цөөхөн үндэстнүүд аж. Буриадын бүгд найрамдах улс Баргажин, Зэд, Сэлэнгэ, Хиагт, Түнхэн, Хурамхаан, Хорь, Тарвагатай, Мухар шивэр гээд 15 аймагтай. Буриадуудын дөнгөж 10-аад хувь нь эх хэлээ мэддэг, албан ёсны хэл нь Орос. Буриадад оросын цинкийн нийт нөөцийн 48, молибдений 31, хар тугалгын 24, вольфрамын 20 хувь нь тогтоогдсон, тахианы, сүүний болон бусад олон төрлийн ХАА эрчимтэй хөгжжээ.
Гаалийн монголжуу төрхтэй буриад бүсгүй гадаад паспорт бид хоёрыг харьцуулан харж байснаа "еэст маалинки паспорт" гэв. Бяцхан иргэний үнэмлэхээ өгвөл хальт харчаад "боллоо" гэлээ. Оросын гааль дээр 2-хон машины ард 20 минут оочерлоод Хиагт руу гарав. Хилийн боомт хот гэхэд хэдхэн жилийн дараа Эрээн шиг хөгжих хэмжээнд хүрчихэж. Хиагт хот XIX зууны дунд үед Оросын худалдаа наймаа, санхүүгийн гол зангилаа цэг болж байсан. Тэгвэл тун удахгүй энэ түүх давтагдаж, хэдхэн жилийн дараа Орос гүрний худалдааны чухал төвд тооцогдох цаг ойрхон байна. Гэтэл Алтанбулагийн чөлөөт бүс эзэнгүй шахам. Хөгжил гэж байхгүй, цэлийсэн том талбай. Хүний хил орчмын нутаг ингэж хөгжиж байхад манайх улам уруудаж, уйтгар дагуулан дүнсийх нь сонин. Эндхийн уур амьсгал Монголтой л ижил, эрс тэс. Хүнс, барааны Абсолют, Титан гэж 2 том дэлгүүрээр нь орлоо. Оросоос масло, цөцгий, сахар гэх мэт хүнсний зүйлс гаргахыг хоригложээ. Харин Монголоос Орос руу сүү, өндөг, мах, хиам оруулахыг хориглодог юм байна. Хамгийн түрүүнд А92 бензиний үнийг төгрөгт шилжүүлж үзэв. Литр нь 57.62 х 42₮ буюу 2420₮. Нилээн нэмэгджээ, тэгэхдээ евро-5 болохоор чанар сайн. Улаан-Үд хүртэл 222 км. Орос нутгийн байгаль зуны ногооноор өнгөө засахад бэлэн болжээ. Буриад улсын газар нутгийн 90 орчим хувь нь ой модтой учир модны эх орон гэж хэлэхээр. Хиагт талдаа загварын охид шиг урт нарийхан нарсан ойгоор хэсэг яваад зэлүүд газраар нилээн давхив. “Ах нар" мод их тарьсаар л байна.
Жаахан яваад Калинишна хэмээх бяцхан тосгон таарлаа. Замд тулгаад байшингуудаа барьчихжээ. Зам дээр хуучны Паз автобус зогсоно. Хил гараад толь шиг замаар явж байсан ч удалгүй 40км орчим "хуулсан Дарханы зам" гараад ирэв. Оросууд замын өргөнөөс лав иддэггүй бололтой. Тэмдэг, тэмдэглэгээ сайн. Замд таарах автобусны буудлууд нь өлзий хээтэй. Харин явган хүний гарц нь хурд сааруулагч шиг бөгөөд тод будагтай тул мэдэхгүй жолооч нар бараанаар нь хурдаа хасч "хулхидуулж" байлаа. Буддын дацан, суварга хэд хэд дайралдана. Түр саатах газар, бие засах газар ойр, ойрхон барьж өгчээ. Гүйцэж түрүүлэх үед урд явсан машин хурдаа нэмж, шахах нь бүү хэл бараг л замын хажуу руу зогсож өгөх нь холгүй өнгөрүүлэх юм. Хаан бууз Монголд байдаг бол Хатан буузы нь Буриадад байх. Замын гуанзууд нь буузы-гаар занималддаг бололтой. Замдаа Туяа буузы оров. Ширхэг нь 70 рубль. Харин “размер” овоо. Бутархай рүүбэл дэлгүүр, гуанз, жорлон ороход хэрэг болно шүү. Худалдагч таниас 4, 5 эсвэл 10, 20 рүүбэл "есть" хэмээн ёс юм шиг асуух болно.
Хэрэв та Хөвсгөлийн Жанхайн давааг давж үзсэн бол төстэй зураглал харах болно. Нэгэн давааг даван тонгойход манайхыг тогоор хангадаг Гусиноозерск буюу Галуут нуурын эрэг дээрх цахилгаан станц. Ново-Селенгинск Мухор-Шибирь, Харгана, Бургастай, Хоронхой, Оронгой, Жаргаланта, Зурган-Дэбэ, Алтаргана гэх монгол нэрүүд тааралдах нь дотно сэтгэл, хөнгөн гуниг төрүүлнэ. Цасан малгайтай том хар нурууны хормойд Итгэлт хамбын хийд харагдах нь удахгүй Улаан-Үд орохын дохио аж. Улаан-Үдээс баруун урагш 36км зайд буй Ивольгийн хөндийд сүсэгтэн олны хандиваар 1945 онд барьсан Хамбын сүм бий. 1930-аад онд зөвлөлтийн коммунистууд буриадын бүх сүм, хийдийг устгаж шатааснаас хойш босгосон энэхүү анхны хийдийг тойроод эдүгээ бурхны шашны сэргэн мандалт ид өрнөж байна. 1927 онд гэрээслэлийнх нь дагуу хуш модон хайрцганд завилуулан оршуулаад 75 жилийн дараа гаргасан ч өөрчлөгдөөгүй XII Пандит Хамба лам Итгэлийн биеийг байршуулснаас хойш Монголчууд төдийгүй олон зуун мянган сүсэгтэн очиж мөргөсөөр л байна.
ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хот бол 440 мянган хүн амтай Оросын буйдхан гэмээр том тосгон. Далайн түвшнээс дээш 500м өргөгдсөн, нам дор газарт оршино. Цөх хэмээх голын бартай гүүрээр давмагц хадаг барьсан Монгол бүсгүйн хөшөө угтлаа. Ер нь бол сэтгэлд дотно санагдсан сайхан хот. Хүмүүс нь тогтуун тайван, яарсан шинжгүй амгалан. Социализм задарч байх үеийн Монголыг санагдуулам. Хаа сайгүй манай Хэлмэгдэгсдийн музей шиг хуучин модон байшингууд тааралдана. Санаа дагаад ч байгаа юмуу залуус цөөхөн үзэгдэнэ. Гудманд таарсан эмээгээс лавлавал Улаан-Үдийн хөвгүүд "цэргийн ажиллагаанд" явсан, хөдөө тосгодоос бүр много, много татагдсан гэв. Нар төөнөж, халуун салхи үлээнэ. Улан-Удэ эль хульхан, нам гүм ноёлоно. Захаар оров. Годон гутал, булган малгай Монголчуудыг хүлээн лангуун дээр өрөөстэй. Хүнсний бараа, олон өнгийн жимс, ногоо өрсөн лангуун дундаасаа ялгагдахгүй шахам буриад аниа "Кяхта Монгол еэхэ иржээнээ" гэж царай алдангуй асуув. Зунаас олон ирэх байх аа, Монгол ахан дүүс чинь рүүбэл еэхэ хураажи байнаа гэж эгчийн сэтгэлийг засаад 100 рүүблээр модны бохь авав. Зарим орос худалдагч буриадуудаас илүү монголоор ярих юм. Эндхийн үйлдвэрийн барааны илүүдлийг Монголчууд л шингээдэг байх.
Орой болж Бабушкина гудамжны шинэ баригдсан квартирт хоногийн 2000 рублээр байрлав. Шөнийн Үд хотоор зугаалахаар гарлаа. Төвд байрлах Арбатын гудамж нь энэ хотын үзэх гол газруудын нэг. Энд брэндийн дэлгүүрүүд, орчин үеийн чиг хандлагатай уран баримлуудыг байрлуулжээ. Хотын гол газруудын нэг нь В.И.Лениний толгойн барималтай төв талбай. Энэ хөшөө ч хотын билэгдэл бололтой. Ленинд зориулж хийсэн хөшөө дурсгалуудаас хамгийн том нь. Хөшөө нь 4м диаметр, 42тн жинтэй аварга. Дэлхий дээрх Лениний хамгийн том толгой болж Гиннесийн номд оржээ. Оросууд харин боловсон хүмүүс. Энэ зан нь замын хөдөлгөөнд оролцохоос эхэлдэг гэх. Туслах замаас машин орж ирж байхыг алсаас харчихаад ёс юм шиг хүлээж байгаад оруулах нь бидэнд бол ядаргаатай мэт санагдана. Явган хүний гарцаар хүн гарч байвал манайхан огцом хурдаа сааруулдаг бол эднийхэн их тайвуун. Замын хөдөлгөөнд ихэд уужуу оролцдог нь сэтгэлд таатай. Аливаа хотын хөгжил нийтийн тээврээсээ харагддаг гэдэг. Трамвай нь 10 минутын зайтай явна. Хуучны хот учраас хуучны тэрэгнүүд нь хаа сайгүй үзэгдэнэ. Нийтийн тээвэртээ бага оврын автобуснуудыг нэвтрүүлжээ.
Улаан-Үдэд ирсэн хүмүүсийн заавал очдог газар нь Ринбүчи багшийн дацан. Хотын хойморт байрлах уг дацанд буриадууд амралтын өдөр, баяр ёслолын үеэр байнга очно. Улаан-Үдэд ямарваа нэг байгууллага, тэр дундаа соёл урлаг, шашны газар нь буриад, орос гэсэн 2 тодотголтой. Буриадын сонгодог урлагийн театр гэж байхад Оросын гэсэн тодотголтой том сайхан театр ч байна. Буриадын түүхийн музей, буриадаар гардаг сонин, хүүхэлдэйн театр гээд буриадуудад зориулсан газрууд олон байх аж. Пүрэв, баасан гаригуудад хотын төв талбай хүнээр дүүрэн. Амралтын 2 өдөр харин зуслан руугаа гардаг байх, хүн багатай. Барааны зах, дэлгүүрээр нь явбал манай Бөмбөгөр, Нарантуул захаар явж байгаагаас ер ялгагдахгүй, барааны үнэ нь Монголоос өндөр. Эндхийн брэнд бараа бол булган шуба, малгай, унты буюу цааны арьсан гутал.
Дэлхий ертөнц гэдэг нэг бүтэн ном. Аялал гэдэг нь тэр номны хэсгээс уншиж байгаа хэлбэр гэхиймүүдаа. Аялах бүрд ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, өөрийгөө ямар улс оронд хэрхэн яаж амьдарч байгаагаа бусадтай харьцуулж үзэх боломж. Оюун санаа минь тэлэгдэж, нүд баясч, сэтгэл сэргэдэг гэсэн үг. Бичих нь хааяадаа сэтгэлийн их тансаглал, харин заримдаа бодлоо цэгцлэн, үгс болгон нэрэх нь хичнээн төвөгтэй гэж санана. Харин одоо олон дэмий бодлуудаа эмхлэн, замбараагүй гарсан аяллынхаа тэмдэглэлийг эмх цэгцтэй болгох, авсан мэдрэмж бүрээ алсарч одохоос нь өмнө сийрүүлэх гэж зүдэрч сууна. Урт тэмдэглэлийг энэ хүртэл уншсан таньд талархмуу…
Нийтлэгч: Эрдэнэ Эрдэнэс