Улаанбаатар хот орчмын аялал…
Тоньюкукын хөшөө Жанчивлан аялал Амралтын богинохон өдрүүдэд тохирсон ан амьтан ажиглах хүрээлэн буй орчинтой танилцахад тохиромжтой 2 өдрийн 150 орчим км 10 км шороон зам аялал болно Үндсэн маршрут УБ Налайх дүүрэг 35 км Тоньюкукын хөшөө 15 км Ар Жанчивлан 5 км Өвөр Жанчивлан 15 км буцаад УБ хот 70

- Тоньюкукын хөшөө, Жанчивлан аялал
Амралтын богинохон өдрүүдэд тохирсон, ан амьтан ажиглах, хүрээлэн буй орчинтой танилцахад тохиромжтой, 2 өдрийн, 150орчим км (10км шороон зам) аялал болно.
Үндсэн маршрут: УБ-Налайх дүүрэг 35км-Тоньюкукын хөшөө 15км-Ар Жанчивлан 5км-Өвөр Жанчивлан 15км-буцаад УБ хот 70км.
Зам зуур саатах газар:
Ар Жанчивлан:
рашаан сувилал нь УБ хотоос 60км зайд Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Жанчивлангийн рашаанд түшиглэн байгалийн үзэсгэлэнт газарт жилийн 4 улиралын турш үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд далайн түвшинээс дээш 1600м өргөгдсөн өндөр газар оршдог. Анх 1926-1927 онд В.А.Смирнов, 1946 онд В.Н.Попов, 1949-1958 онуудад Ш.Цэрэн, Намнандорж нарын хүмүүс судалгаа хийж нүүрс хүчлийн хийтэй хүйтэн рашаан, хүчилтөрөгчийн давхар исэлттэй ус, Монгол болон дэлхийд ховорт тооцогддог радон бүхий рашаан байгааг тогтоожээ. Ходоод, элэг, цөс, бөөр, ууц нуруу, үе мөчний болон цусны даралт ихсэх, багасгах, мэдрэлийн системийн өвчтэй хүмүүст рашаан, гүүний саам, цагаан ямааны сүү, коктейл уулгах, зүү төөнүүр, хануур самнуур, иллэг массаж, шавар, физик ба тосон эмчилгээ, биеийн тамир хөдөлгөөн засал зэргээр үр дүнтэй эмчлэн, сувилдаг. Олон жилийн ажиглалт судалгаанаас үзэхэд эмчилгээний үр дүн 94-96 хувийн сайжралттай байдаг. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй аж.
Өвөр Жанчивлан:
Төв аймгийн нутаг УБ-аас зүүн урагш оршдог дархан цаазат Нагалхаан уулын зүүн хойд талд бий. Рашаан нь олон жилийн түүхтэй, анагаах чадвар ариун дагшин байгалд нь шүтэн биширч хэрэглэсээр ирсэн байгалийн хосгүй рашаан юм. Үүний зэрэгцээ салхины урсгал чиглэлийн өөрчлөлт ихтэй учир агаар эмчилгээнд нэн тохиромжтой гэж үздэг. Рашаан сувиллын газар 1955 онд байгуулагдсан, ходоод гэдэсний архаг үрэвслүүд, элэг, цөс, нойр булчирхайн зарим өвчнүүдийг анагаах чадалтай эрдэс бодисоор баялаг болох нь шинжилгээ судалгаагаар батлагдсан байдаг. Тус сувилал нь 3 давхар өвлийн байртай, төвлөрсөн халаалттай, цэвэр бохир усны системтэй, 1 ээлжид өвөлдөө 200, зуны улиралд 350-400 амрагч сувилуулагч хүлээн авдаг, жилийн турш үйл ажиллагаагаа явуулдаг. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараахь үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй юм байна.
Мэргэн сайд Тоньюукукын хөшөө:
Эртний Түрэгийн хаант улсын 3 хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон нэгэн дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно оршино. Тоньюкукийн бунхант булш дурсгал нь Түрэгийн язгууртны нэрд гарсан иж бүрэн дурсгалын нэг бөгөөд түүнд багтах гэрэлт хөшөөний Орхон, Енисейн бичээс дэлхийд нэрд гарсан цөөн тооны бичиг дурсгалын нэгд тооцогддог. Гэрэлт хөшөө нь 2 чулуун дээр нийт 8 талд нь 62 мөр бичсэн бичээстэй бөгөөд тухайн үеийн Түрэгийн нийгмийн байдлыг Тоньюкукийн намтартай холбогдуулан бичсэн агуулгатай юм. 1957 онд доктор Н.Сэр-Оджав бунхант булшийг нэлээд өргөн хүрээтэй малтан шинжлэх ажлыг удирдан зохион байгуулжээ. Малтлагаар хөх тоосгыг нэг эгнээгээр өрж хийсэн ханатай барилгын нуранги гарсан бөгөөд шалыг тэг дөрвөлжин хөх тоосгоор өрж зассан, барилгын дээврийг шатаасан хөх саарал өнгийн ваараар хучиж, ханын гадна талыг хар, улаан, цагаан шаргал, зосон улаан зэрэг хурц өнгийн будгаар будсаныг илрүүлсэн. Мөн шар хуваар хийсэн сувс, хөх хээтэй шаазангийн хагархай, болхидуу хийцтэй том шавар ваарын хагархай, хонины шилбэ, чөмөгний яс, засаж хэрчээс татсан бог малын бугалга яс зэрэг зүйлс олноор олдсон. Тэндээс олдсон ваар савны ихэнх нь дэрэвгэр амсартай, хавтгай ёроолтой, цар маягтай байжээ. Барилгын шал дундаас нөмрөг, тосуур ваарын захыг нийлүүлэн нааж цувруулан тавьсан усан хоолой гарсан байна. Барилгын чимэглэлээс баганын толгойд нааж чимж шавраар хийсэн өтгөн хөмсөгтэй, том бүлтгэр нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай нүүрэн чимэг зэрэгтээ 2 ба 3 гүвгэр татаж хийсэн шавар чимэг, мөн товойлгож гаргасан давхар дөрвөлжин зоосон хээтэй нүүр ваар зэрэг олон сонирхолтой олдворууд гарчээ.
Нагалхаан уул:
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт 3076га талбай эзлэн оршдог, Монгол орны хээрийн бүсэд орших уулын хээр, ойт хээрийн бүслүүр хосолсон өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газар юм. Анх 1957 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 31-р зарлигаар дархалжээ. Нагалхаан уулын голлох өндөрлөгүүд нь далайн түвшнээс дээш 1700-1800м өргөгдсөн. Нагалхаан уул ашигт малтмалаар нилээд баялаг, баруун, зүүн талын уулс ч чухал ховор ашигт малтмал ихтэй. Алаг гантиг, шохойн чулуу, цагаан гантиг, усан болор, утаат болор, маргад, цагаан тугалга, гянт, анзан тантал, ниобий, өнгө бүрийн аргай гэх мэт. Энд гүний чулуулгаас эрт, дунд төрмөлийн эриний хожуу үеийн боржиндуу чулуулаг зонхилно. Нагалхааны ар бие, хормой үржил шим сайтай хар хүрэн хөрстэй. Нагалхааны баруун хойноос баруун урагшаа урсах Рашаантын гол, Зүүн-Уртын гол нийлсэн Улаан эргийн горхи, Ханангийн шанд, Бавгын ус зэрэг булаг шандууд бий. Ууланд үнэг, чоно, мануул, тарвага, зурам, хярс, өмхий хүрнэ, туулай, үхэр огдой, элдэв оготоно зэрэг хээрийн амьтадтай. Мөн эртний түүхийн дурсгалт зүйлс овог аймгийн булш, хиргисүүр ихтэй.
Жанчивлан хийд:
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байсан хийд нь хуучин Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошууны одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт оршино. Анх 1807 онд байгуулжээ. Энэ тухай архивын баримтад “...Чүлтэмжанчивлан хүрээг Сайшаалт Ерөөлтийн XII онд гал туулай жил засаг бэйс Лүбүүдорж ноёнтон тэргүүлэх өглөгийн эзэн болж Цог Төвшин уулын өвөр Нагал хан (Дархан цаазат үзэсгэлэнт уул) уулын ар этгээдэд байгуулжээ. Тус хийдийг үндэслэгч Лүбүүдорж болбоос Түшээт хан Дондовдоржийн удам, Сүндэвдорж эфүгийн хөвгүүн юм. Тэрээр Орос зүгийн гэр харуулыг захирч, улмаар Улиастайн хуувийн сайдын тушаалыг хийж байв. Жанчивлан хийдэд нийт 4 хурал номын газар байв. Цанид, Жүд, Майдар, Мамба зэрэг хурал номын сургууль үйлдүүлжээ. Тус хийдийн нийт талбай нь 380 ам метр ажээ.
Та бүхэн тавтай сайхан аялаарай.