Автотойм: 2024 M-Hero I
Mengshi 917 (M-Hero I)-ийн эзэмшигч болсноос хойш хэдэн сар өнгөрлөө. Миний хувьд ихэнх явалт хот дотор байдаг ч энэ машин манай гэр бүлийн хүлээлтээс бүрэн давж гарсан. Тав тух, технологи, практик хэрэглээг нэг дор хослуулсан нь өдөр тутмын унаа байхаас гадна аялал, урт замд ч яг тохирно.

Mengshi 917 (M-Hero I)-ийн эзэмшигч болсноос хойш хэдэн сар өнгөрлөө. Миний хувьд ихэнх явалт хот дотор байдаг ч энэ машин манай гэр бүлийн хүлээлтээс бүрэн давж гарсан. Тав тух, технологи, практик хэрэглээг нэг дор хослуулсан нь өдөр тутмын унаа байхаас гадна аялал, урт замд ч яг тохирно.
Mengshi 917-ийн дизайн бол миний сонголт хийхэд нөлөөлсөн хамгийн гол хүчин зүйлсийн нэг. Шулуун шугам, өнцөглөг хэлбэрүүд нь хүчирхэг, орчин үеийн мэдрэмж төрүүлнэ — яг л ирээдүйн машин шиг. Урд хэсгийн тод LED гэрэл, булчинлаг шугамнууд нь “давамгай” төрх өгдөг. Өндөр, өргөн нь бараг 2 метр хүрдэг тул зам дээр явахад анхаарал татах нь гарцаагүй. Найзууд хүртэл гадна төрхөөрөө G-Class-ыг бодвол илүү зоригтой, илүү эвтэйхэн (гармони) дизайнтай гэж хэлдэг.
Гэхдээ ийм габариттай болохоор дасах шаардлагатай: гишгүүр (подножка) байсан ч сууж буух нь багахан “квест” болдог. Гарын бариулыг ашиглаж байж л орж гардагт суралцсан, тэгж байж “сүртэй” орж гарч чаддаг болсон доо. Харин бартаат зам дээр энэ хэмжээ нь давуу тал болж хувирна — 326 мм газрын цэвэрлэгээ (клиренс) болон хүчтэй татах чадвар нь хүнд хэсгүүдийг ч итгэлтэй давуулах боломж өгдөг.
Салон ба интерьер
Интерьер нь бодож хийсэн, стильтэй. Би хар кузов дээр улбар шар салонтой хувилбарыг сонгосон — энэ сонголт үнэхээр оновчтой байлаа. Өнгөнүүд нь хоорондоо сайхан зохицож, олон давхар мэдрэмжтэй, гоёмсог төрх бүрдүүлдэг. Суудлын Nappa арьс зөвхөн премиум харагдахаас гадна тав тухыг маш сайн өгдөг: урд суудал 16 чиглэлээр, арын суудал 8 чиглэлээр тохируулагдана, мөн суудлын агааржуулалт, халаалт, массаж бий. Гар буултын хэсгийг “пистолет” хэлбэртэй хийсэн, араа шилжүүлэгчийг нисэх онгоцны стильтэй шийдсэн зэрэг деталь нь өвөрмөц уур амьсгалыг улам хүчтэй болгодог.
Жолооч болон урд зорчигчийн зориулалттай 2 том дэлгэц нь мэдээлэл, энтертайнментийн хэрэгцээг бүрэн хангана. Машинд хүлээх ч таатай болсон: суудлаа гэдийлгээд, кондишн асаагаад, кино үзээд сууж болдог.
Зай талбай, багтаамж
5 хүний суудалтай салон нь өндөр хүмүүст ч хангалттай зайтай. Урд, ард аль алинд нь толгойн зай, мөн урд суудал хүртэлх зай нөөцтэй. 834 литрийн багтаамжтай тээшний хэсэг хэд хэдэн том чемоданыг төвөггүй багтаана. Харин суудлуудыг эвхэхэд нийт эзлэхүүн 1500 литрээс давна.
Технологи ба жолоодлогын туслах системүүд
Борт компьютер маш хурдан хариу үйлдэлтэй — 3 сарын хугацаанд нэг ч “гацалт” анзаараагүй. Дуу хоолойгоор удирдах систем командуудыг шууд таньж, яг л ухаалаг туслах шиг ажиллана. DeepSeek-тэй интеграц нь шинэ боломжууд нээж байгаа, би одоо ч судалж байгаа.
Ухаалаг жолоодлогын систем хот дотор жинхэнэ аврагч болсон: автоматаар эгнээ солих, саадыг тойрох, гэрлэн дохио таних, бүр яаралтай тоормослох хүртэл ажиллана (аль хэдийн 3 удаа мөргөлдөхөөс сэргийлсэн). 360° панорам камер болон “тунгалаг шасси” (доорх хэсгийг харах функц) нь хамгийн давчуу газар ч парковк хийхийг хялбарчилна. Автомат парковк нь нарийн зөв ажилладаг ч хурд нь арай удаан санагддаг.
Зарцуулалт, эдийн засаг
4000 км гүйлтийн дундаж эрчим хүчний зарцуулалт 23 кВт⋅ц/100 км болсон, харин хайбрид горимд 11.1 л/100 км гэж гарсан. Хотын нөхцөлд, түгжрэл ба гэрлэн дохио ихтэй үед ч бензиний зарцуулалт 8.7 л/100 км-ээс хэтрээгүй. Уруу зам дээр нөхөн цэнэглэлт (рекупераци) ажиллахад явалтын нөөц дээр 1.3 км хүртэл нэмэгдэж байсан нь таатай бонус.
Сул талууд
Сул тал ч бий. Автомат парковк нь бодит нөхцөлд дандаа төгс дасан зохицож чаддаггүй. Жишээ нь, парковк хийх талыг өөрөө сонгодоггүй — бүр болгонд гараар тохируулах шаардлагатай болдог. Мөн өндөр хурд дээр чимээ нэмэгддэг — кузовын хэлбэр, бартаат замын дугуйтай холбоотой. Трассан дээр салхины болон замын дуу чимээ илүү мэдрэгдэж, тав тухыг бага зэрэг бууруулдаг.
Дүгнэлт
Миний хувьд Mengshi 917 бол зүгээр нэг “унаа” биш, харин жинхэнэ мэдрэмж, туршлага өгдөг машин. Давуу талууд болох дизайн, тав тух, технологи, бартаат замын чадвар нь жижиг сул талуудаа бүрэн дарж чадна. Хэрэв та хот, бартаат зам, урт аялал гээд бүгдэд нь даах машин хайж байгаа бол үүнийг анхаарах хэрэгтэй. Гэхдээ бүх нюансыг өөрийн биеэр мэдрэхийн тулд заавал тест-драйв хийж үзэхийг зөвлөе.