Хааяа хувь хүнээр явах уу компаниар явах уу?
Зөвшөөрөл шаарддаг бизнес л биш бол заавал компани байгуулах шаардлагагүй. Зөвшөөрөл авдаг бизнес бол заавал компани байх ёстой байдаг. Жишээ нь архи борлуулах зөвшөөрөл компани дээр л гардаг хуультай.

Хувь хүнээр явах
Зөвшөөрөл шаарддаг бизнес л биш бол заавал компани байгуулах шаардлагагүй. Зөвшөөрөл авдаг бизнес бол заавал компани байх ёстой байдаг. Жишээ нь архи борлуулах зөвшөөрөл компани дээр л гардаг хуультай.
Хувь хүнээр явахын давуу тал
Компани шиг олон төрлийн хууль дагах шаардлагагүй.
Ашиг орлогоос төлөх татвар нь энгийн бөгөөд ойлгомжтой.
Санхүүгийн тайлан заавал улсад тушаах шаардлагагүй, зөвхөн татварын тайлан л гаргана
Татварын тайлан, нийгмийн даатгал, хөдөлмөрийн гэрээтэй холбоотой торгуулийн хувь хэмжээ нь компанийнхаас 10 дахин бага байдаг.
Татварын шалгалт хувь хүнд барагтаа л бол орохгүй. Бүүр л ноцтой зөрчил биш бол шалгаад байхгүй.
Хувь хүнээр явахын дутагдалтай тал
Таны эрхэлж буй бизнес үйлдвэрлэл, борлуулалтын бус хөдөлмөрийн шинжтэй бол тантай ажилласан компани таны нийгмийн даатгалыг шимтгэлийг (НДШ) төлөх ёстой болдог. Яг ажилтан авч ажиллуулсантай адилаар. Тийм учраас компаниуд тийм төрлийн үйлчилгээ авахдаа хувь хүнтэй бус компанитай харьцахыг илүүд үзээд байгаа
Том мөнгө эргэлддэг бизнест барагтай л хувь хүнтэй ажиллах сонирхолгүй байдаг.
Хувь хүний төлөх татвар
Хувь хүн орлого хамаарахгүй, хялбаршуулсан горимоор ОРЛОГЫН 1% хувь хүний орлогын албан татвар ХХОАТ төлдөг. Тэр нь ч бараг шулуухан. Хүсэлтээ л хугацаанд нь өгөх ёстой. Хүсэлт өгөөгүй бол тэр жилдээ АШГИЙН 10% ХХОАТ төлнө.
Хувь хүмүүс барагтай л бол бизнесийн зардлын баримтаа бүрэн гүйцэд цуглуулж чаддаггүй учраас зардлаа нотолж чаддаггүй. Ийм байхаар ашгийн 10% нь бараг орлогын 10% шахуу юм болчихдог л доо.
Тиймээс хялбаршуулсан горим буюу зардал нотлолгүйгээр шууд орлогоосоо 1% татвар төлдөг боломжийг манай улс өгдөг. Хуучин энэ нь орлого жилийн 50 сая хүртэлх хүмүүст хамаатай байсан бол одоо хязгаар заахаа больсон.
Зөвхөн ХХОАТ-аа төлчихвөл давхар ноогдол ашгийн татвар гэж төлөх шаардлагагүй.
Хувь хүн компанид адил талууд
Нэмэгдсэн өртөгийн албан татвар НӨАТ бол ХХОАТ-аас тусдаа татвар. Жилийн 50 саяас дээш орлоготой бол НӨАТ төлөгч болдог. Хувь хүнд ч, компанид ч адилхан байдаг татвар. Одоо хуулийн шинэчлэлтээр босго гэдэг нь ч байхгүй болох гэж байгаа юм байна лээ.
Машины татвар, үл хөдлөхийн татвар мэт нь бол компани ч адил, хувь хүн ч адил төлнө.
Хүн ажиллуулах юм бол хөдөлмөрийн гэрээ бичгээр үйлдэх, ажилтныг хохироохгүй байх, нийгмийн даатгалыг нь тушаах гэх мэт үндсэн шаардлага нь бол хувь хүн ч адил, компани ч адилхан байдаг.
Компани
Компани байхын давуу тал
Зөвшөөрөл авдаг үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Зөвшөөрөл авдаг үйл ажиллагаа бол голцуу том мөнгө эргэлддэг бизнес байдаг. 8 нэрийн барааны зөвшөөрөл л гэхэд 6 нэрийн бараанаас хамаагүй илүү орлоготой байдаг шд. Барилгын тусгай зөвшөөрөлтэй компани гэхэд хувь бригадаас хамаагүй илүү том орлоготой гэрээ үйлдэх боломжтой гэх мэт.
Санхүүгийн тайлан зөв, өр төлбөр бага, тогтмол орлоготой бол банкны зээл компанид илүү амархан гардаг.
Мөн бусад компаниуд хувь хүнтэй бус зөвхөн компанитай л харьцана гэж ярьдаг нь ихэссэн байна лээ тэр тохиолдолд компани нь илүү давуу болно.
Компаниараа олон жил явах юм бол удаан оршсон компани гээд бас нэр хүндтэй байдаг.
Гэхдээ хариуцлага өндөрсөнө. Компани болоод ирвэл олон олон хуулиуд дагах шаардлагатай болно. Өнөөдөртөө манай улс тэр болгоныг нарийн хянаад байдаггүй ч өдрөөс өдөрт хуулийн хяналт нэмэгдсээр байгаа.
Гол холбоотой хуулиуд гэвэл компанийн тухай хууль, татварын хуулиуд, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, архивын тухай хууль байна. Мөн үйл ажиллагааны чиглэлд чинь хамаарах бусад хуулиуд.
Компанийн сул тал буюу төлөх торгууль
Татварын тайлан хоцроовол 1.5 сая торгуультай. Хоцроосон тайлангийн дараагийн тайланг авахгүй гээд байдаг. Тэгээд тэр тайлангуудыг ч хоцроосон гээд тэр болгонд 1.5 сая торгуультай гэж ярьдаг болсон байна лээ.
Санхүүгийн тайланг зөвхөн нягтлан бодох бүртгэл мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй хүн гаргана гэдэг хуультай. Санхүүгийн тайлан хоцроовол 4 сая төгрөгийн торгуультай
Цалин дутуу өгвөл 5 сая торгуультай, нийгмийн даатгалын тайлан илгээгээгүй бол 1.5 сая торгуультай.
Архивын хуулиар анхан шатны баримтууд, цалингийн баримтууд, санхүүгийн тайлангуудаа бүгдийг хадгалах үүрэгтэй байдаг. Жижиг компаниуд бол их муу хадгалдаг даа.
Татварын онооноос хамаарч хяналт шалгалтаар орно. Тэнд бүртгэлийн алдаатай байдлаас хамаарч татварын акт тавих магадлалтай. Байнгын нягтлантай газар бол гайгүй ч байнгын нягтлангүй компани бол нэлээн өндөр төлбөртэйгээр хүмүүс хөлсөлж шалгалтад бэлдэж баримтаа цэгцлүүлдэг.
Үйл ажиллагаанаас чинь хамаарсан мэргэжлийн шаардлагууд тус тусын хуулиараа байгаа. Бүгд зөрчвөл торгуультай эсвэл үйл ажиллагааг зогсоох шийтгэлтэй байдаг.
Компанийн төлөх татвар
Компани чинь 300 саяас бага орлоготой бол АШГИЙН 1% аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ) төлдөг. 300 саяас 1.5 тербум хүртэлх орлоготой бол АШГИЙН 10% ААНОАТ болж бүгдийг хугацаанд нь төлбөл эргүүлээд тэр төлсөн татварын 90%-ийг буцаан авдаг. Гэхдээ хуулийн шинэчлэлээр энэ ч одоо байхгүй болох гэж байгаа юм байна лээ.
Түүнээс дээш орлоготой бол шууд ашгийн 10%. 6 тербумаас дээш ашигтай бол давсан ашгаас нь 25% татвар авдаг.
Гол нь компанийн татвараа төлсөн ч гэлээ, компанийн эзэн компаниасаа мөнгө авбал дахиад тэр авсан мөнгөнийхөө 10 хувийн ХХОАТ төлж тушаадаг.
Ялангуяа 1 үүсгэн байгуулагчтай компанийн эздүүд компанийн мөнгийг өөрийн хувийн мөнгө гэж андуураад шууд чөлөөтэй зарцуулах гээд байдаг. Гэвч компани, компанийн эзэн хоёр бол тусдаа субъект учраас тэгж болдоггүй .
Мөнгө татлаа ч тэр нь хуулийн дагуу ноогдол ашиг эсвэл цалин хэлбэрээр л эзэнд очих ёстой болдог.
Компаниар явж байхдаа анхаарах зүйл
Эбаримт худалдаж авч яасан ч болохгүй . Учир нь тэр зарж байгаа газар чинь ямар ч татварын мэдлэггүй нөхдүүд хамаа замбараагүй зарж байгаад амархаан баригдаж хар жагсаалтанд ордог. Хар жагсаалтанд орсон компанитай харьцсан бүх компани нь баримт худалдаж авсан байж болзошгүй этгээд болж хувирдаг. Энэ нь том торгуультай. Сүүлд бүр эрүүгийн хуульд орсон гэв үү?
Зардлын эбаримтаа заавал ав. Тэр чинь таны зардлын нотолгоо болно. Зардлаа нотолж чадахгүй бол та ашгаасаа бус нийт орлогоосоо л татвар төлнө гэсэн үг болно. Цаад хүмүүсийн төлөх ёстой татварыг танайх л төлөөд байна гэсэн үг. Танайх бусдын өмнөөс татвар төлдөг буяны байгууллага биш биз дээ?
Том мөнгөний харилцаанд орж байгаа бол заавал гэрээн дээрээ хуульчийн зөвлөгөө ав. 4 сая төгрөгийн зөвлөгөөн дээрээс горойж байгаад 400 сая төгрөгийн алдагдалд ордог тохиолдол маш элбэг.
Компанийн зардлаа компанийнхаа дансаар хий. Олон нууц үг хийх болдог төвөгтэй гээд ахуйнхаа хувь данс руу татаж байгаад хийгээд байгаа нь анзаарагддаг тэгж болохгүй. Хэрэв хувь данс руугаа тэгж татвал, хувьдаа авсан байна гэж үзээд тэр мөнгөнөөс 10 хувь татвар төлөх үндэслэл болдог. Дээр нь тайлан гаргахад хэцүү болохоос гадна тэр гүйлгээг чинь байгуулагын гүйлгээ гэж нотлох баримт болгоход их төвөгтэй болдог.
Ер нь компанийн үйл ажиллагаанд зориулаад хувь данс ашиглах гэж байгаа бол тусдаа хувь данс нээ. Ахуйн данстайгаа битгий холь. Цэгцгүйгээс гадна холилдсон гүйлгээг чинь компанитай холбоотой гэж үзэхгүй.
Тухайн татсан мөнгөний зарцуулалт нь яг ийм ийм байдлаар компанийн л зардалд гарсан гэдгийг харуулах "дараа тайлан" гээч юм байдаг. Ахуйн дансаараа хийсэн гүйлгээнд дараа тайлан гаргах боломжгүй болдог.
Бичсэн: Балжинням Олхонуд