Сурвалжлага: Үүрийн таван жингээр ажилдаа гарах автобусны жолооч
Нэг үе автобусаар үйлчлүүлэх зорчигчийн хөл хөдөлгөөн багасаад байсан ч энэ долоо хоногоос хичээл эхэлснээр эргэн сэргэжээ МУИС ийн хичээлийн II байрны өмнөх буудалд автобус хүлээн зогсох зорчигч олон аж Автобус ар араасаа цуван ирж зорчигчид суух ч хүний хөл үл шингэрнэ Байн байн автобус хүлээн өнгөлзөх иргэд Алтан тариа

Нэг үе автобусаар үйлчлүүлэх зорчигчийн хөл хөдөлгөөн багасаад байсан ч энэ долоо хоногоос хичээл эхэлснээр эргэн сэргэжээ.
МУИС-ийн хичээлийн II байрны өмнөх буудалд автобус хүлээн зогсох зорчигч олон аж. Автобус ар, араасаа цуван ирж, зорчигчид суух ч хүний хөл үл шингэрнэ. Байн байн автобус хүлээн өнгөлзөх иргэд “Алтан тариа-Улаанхуаран-40” чиглэлийн автобус ирэхийг хүлээж байгаа аж. Ойролцоогоор 20 минут орчим болсны дараа хүслэн болсон 40 номерын автобус ирж, зорчигчид хар хурдаараа гүйцгээн, урд, хойд хаалгаар нь чихэлдэн орцгоов.
Уг нь автобусны хойд хаалгаар зорчигч буух ёстой ч хүн ихтэй үед чихэлдсээр суух нь олонтаа.
Жолооч “Хойгуур битгий чихээд байгаач ээ, одоо үнэхээр багтахгүй нь. Хаалга эвдлээ буучих” гэж гуйсан ч нэмэргүй, чихэлдсээр… “Яваад өг, яваад өг, одоо хоёр л хүн байна, багтаачихъя. Үүргэвчээ урдаа аваач ээ, хаалга хааж болохгүй байна шүү дээ” гэж орилсноор арын хаалгаа арайхийн хааж, хөдөллөө.
Хөдөлсөн даруйдаа “Дараагийн зогсоол 64 шүү, хаалга руугаа дөхөж байгаарай” хэмээн автомат зарлагчаасаа түрүүлэн жолооч анхааруулав. Буудал бүрт зогсохын өмнөхөн жолооч зорчигчдод хандан хаалгандаа ойртохыг анхааруулна. Гэвч зорчигчийг буулгаад хөдөлсний дараа “Ах аа хойгуур бууя гэнэ ээ” гэж хашгирна. Зорчигчдоос нэг нь утсаа ухаж явж байгаад буухаа мартдаг юм уу хаашаа юм. "Хөдлөхөөр нь л бууя гэцгээх, хаалгандаа ойртооч ээ” гэж уурсана. Жолоочтой уулзаж ажлынх тухай тодруулах гэсэн боловч хүн ихтэй тул ярилцаж чадалгүй явсаар дахин автобус сэлгэх шаардлагатай тул Офицерт буув.
“М1Офицеруудын ордон-Таван шар” автобусанд орвол зорчигчоо буулгасан тул хүнгүй шахам аж. Дараагийн зорчигчоо хүлээх автобусны жолоочтой хэсэг хуучилбал “Зорчигч тээвэр-2” компанид ажилтай Ю.Цэрэнчимэд. Тэрбээр өдөрт найман цагаар ажлын 22 өдөр ажилладаг. Сарын цалин нь 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг. Үүрийн таван жингээр гол төлөв ажилдаа гарна. Гэрээсээ өглөө бүр 05:00 цагт гарч, ажлын байран дээрээ 06:00 цаг гэхэд ирсэн байх ба автобусаа шалгаж, бүрэн бүтэн байдлыг хянана. Мөн эмчдээ үзүүлж, өнөөдөр ажилдаа гарах эсэхээ шалгуулна.
Эхний автобус 06:20 цагийн орчимд эцсийн буудлаас хөдлөх хуваарьтай тул дээрх хугацаанд багтаан шалгалтаа давна.
Нэг үеэ бодвол автобусны жолооч нарын хувьд ажиллах орчин сайжирсан гэж хэлж болох нь. Учир нь нийтийн тээвэрт парк шинэчлэл хийснээр дулаан тохилог автобус жолооддог болсон. Ингэснээр цонх цантах, хаалга хаагдахгүй болох, өдөржин хүйтэн кабинд жолоо мушгидаг бэрхшээл багасчээ. Гэхдээ асуудал мундахгүй. Согтуу хөлчүү хүмүүс орж ирж, чирэгдэл учруулах нь олонтаа. Хүн ихтэй үед зорчигчдоо багтаах гэдэг асуудал тулгарна. Зарим омголон ааштай зорчигч түгжрэлээс болж, автобус хүлээгдэж саатаж байгааг ойлгохгүй “Удаан ирлээ” гэж зэмлэнэ. Хүн ихтэй яая даа гэж явж байхад нэмж зорчигч суулгалаа гэж буруутгана.
Зорчигч бүрийн санаанд нийцэхээр үйлчилгээ үзүүлэхэд амаргүй ч загнуулахдаа загнуулж, зарим үед өмөөрүүлж, явсаар ажлын найман цагийг дуусгадаг байна.
“М4 Шар хадны эцсээс-Цамбагарав” хүртэлх чиглэлд үйлчилгээ үзүүлдэг жолооч О.Эрдэнэцогт “Трансбус ХХК” –ийн автобус баазад өдгөө тав дахь жилдээ ажиллаж буй. Гэхдээ энэ нь тус компанид ажилд ороод автобус жолоодож байгаа жил. Уул шугамандаа 1994 оноос хойш жолоо мушгисан мэргэшсэн жолооч юм. “Трансбус” автобус бааз нь дотроо хоёр бригадтай, долоо хоногоор ээлжээ солин ажилладаг. Өглөө 05:00 цагт гэрээсээ гарч, ажилдаа ирнэ. Хамгийн эхний автобус 06:20 цагт эхний буудлаасаа хөдлөх тул түүнээс урьтаж бааз дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхээ шалгуулж хөдөлдөг байна. Тус компанийнхан “Дүүхээ-Дүнжингарав 51”, “Дүүхээ-Зайсан 52”, “Цагаан даваа-Сансар 19Б”, "Шар хад-Цамбагарав М4” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Дээрх чиглэлүүдэд халаасны хулгай гарах тохиолдол элбэг. Энэ нь зах худалдааны төвүүдтэй ойр үйлчилгээ үзүүлдэгтэй холбоотой байж мэдэх гэнэ.
Энэ талаар жолооч О.Эрдэнэцогт “Автобус дотор хулгай гараад цагдаа ирэх үед хулгайч бусдаас авсан утас, түрийвчээ хаячихсан байдаг. Яг хэн авсан нь мэдэгддэггүй. Гэхдээ цагдаа сэжигтэй хүнээ аваад буудаг, автобус ч үргэлжлүүлэн хөдөлдөг” гэв.
Тус автобус дотор, гаднаа нийт 10 камертай. Элдэв төрлийн хэрэг гарахад эл камерыг цагдаа нар шүүгээд бичлэгийг нь аваад явдаг гэнэ.
Жолооч О.Эрдэнэцогт "Өнгөрсөн жилийн наадмаар 11-ны өглөө гурван нөхөр том телевиз тэвэрчихсэн автобусанд маань орж ирлээ. Тэр нь хулгайнх байж л дээ. Хорооллын эцсээс суусан юм. Арын гудамд нь манай жолоочийнх байдаг. Тухайн үед юм бодсонгүй, тэднийг суулгаад л явсан. Маргааш орой нь надтай манай жолооч яриад ‘Гэрт хулгай ороод зурагт аваад явчихжээ’ гэдэг юм байна. Тэгэхэд нь би автобусныхаа камераа шүүгээд ‘Энэ мөн үү’ гээд үзүүлтэл ‘Яг мөн байна’ гэдэг юм. Шүүсэн бичлэгээ цагдаад өгсөн ч олигтой хөдлөөгүй. Сарын дараа хулгайлсан хүмүүсийг олсон ч төлбөрийн чадамжгүй гэсэн. Ингээд л тэр хэрэг өнгөрсөн дөө” гэлээ.
Татвар, суутгалаа төлөөд цалин гар дээрээ 3,000,000—3,500,000 төгрөгийн хооронд авдаг байна. Дунджаар сард 170 цаг ажиллах ёстой. Жолооч өдөрт 7-8 цаг ажиллах ба зарим өдөр уртын гараатай, зарим өдөр богинын гараагаар ажиллана. Урт, богинын гараа гэдэг нь өдөрт хэдэн цагаар ажиллаж байгааг нь хэлнэ. Богинын гараа нь зургаан цаг ажилласан байж болно.
Автобусны жолооч нар өдөр бүр удаан хугацаагаар сууж ажилладаг болохоор нуруу чилэх, хөших зэрэг зовиуртай болдог байна. Нуруу нь өвддөг болсноос хагалгаанд орсон жолооч олон.
Тэтгэвэртээ гартлаа ажилласан нэг жолооч маань нурууны өвчтэй болоод, хагалгаанд орсон ч дийлэлгүй нас барсан харамсалтай тохиолдол гарсан” гэж тэрбээр уртаар санаа алдав.
Согтуу хөлчүү хүмүүс нийтийн тээврээр үйлчлүүлэх тохиолдол бишгүй. Тэдэнд төлбөр мөнгө төлнө гэх ойлголт огт байхгүй. Ахмад настнуудын зарим нь картаа уншуулахгүй ёдорлох тохиолдол гарна. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид ч бас төлбөргүй зорчино. Тэр бүрт шаардлага тавина, хүлээж авах нь бий, авахгүй нь бас бий аж. Зорчигчдын нийтлэг нэг гаргадаг алдаа нь QR төлбөрийн систем буюу UBcard гар утасны аппликейшнээ карт унших төхөөрөмжид ойртуулаад 2-3 секунд хөдөлгөөнгүй барих ёстой ч савлуулаад, уншуулж чадахгүйгээс орох хаалган дээрээ овоорч, зарим тохиолдолд төлбөрөө төлөхгүй зорчих тохиолдол ч гардаг гэв. Мөн насанд хүрэгчид хүүхдийн карт уншуулдаг гээд тоочвол төлбөр төлөх тал дээр зорчигч нар зөрчил гаргасаар л байгаа аж.
Нийтийн тээврийн цэвэрлэгээ үйлчилгээний тухайд, баазад угаагч нар ажиллаж, үдэш бүр автобусыг цэвэрлэдэг байна.
Гадаа хүйтэн, жиндүү ч автобус дулаан байх нь таатай мэдрэмж төрүүлнэ. Жолоочтой хууч хөөрч явтал автобусанд амжиж сууж чадаагүй зорчигчийг толиндоо харуутаа зогсож, суулгав. Зарим тохиолдолд зорчигч автобусанд сууж чадалгүй буудал дээр үлддэг тохиолдлыг тодруулахад “Жолооч буудлаас хөдлөхдөө автобусныхаа урд тал, хажуугийн хоёр толиндоо хардаг. Яг хажуугаас ирж буй хүмүүс толинд харагддаггүй болохоор үлддэг. Хоёр толиндоо хараад зорчигч байхгүй бол хөдөлнө. Хөдөлж байх тэр агшинд зарим зорчигч суухаар ухасхийдэг. Тэр тохиолдлыг л суулгасангүй гээд иргэд бухимддаг. Тэрнээс би нуруун дээрээ үүрээд явах биш аль болох суулгаад л явахыг хичээдэг” гэж хэлэв. Мөн автобус ирэхгүй удаан хүлээлгэдэг тухайд “Энэ бол 100 хувь түгжрэлтэй холбоотой. Зарим тохиолдолд уулзварууд дээр осол гарсан байхыг үгүйсгэхгүй. Аль болох цагаараа явахыг хичээдэг. Түгжрэл үүсэхэд ар, араасаа дагаад автобуснууд зогсдог. Ингээд л автобуснууд нэг талдаа гарчихдаг” гэв.
Ардын унаа гэх автобусаар нийгмийн олон давхаргынхан үйлчлүүлэх бөгөөд “Махаа гаргасан уу” гэж нэг нь гэрийнхэнтэйгээ ярих бол өөр нэг нь лайвчин Д.Мөнх-Эрдэнийн бичлэгийг чангаар тавин сонсоно.
Олонх зорчигч утсаа ухах бол жолооч буудлаас буудал руу яаран жолоогоо мушгисаар зорчигч бүрийг буулгасаар. Гэсэн ч дараагийн зорчигч орж ирнэ.
Энэ удаад жолоочтой танил хүн нь орж иржээ.
Тэд ойрд уулзаагүй шинжтэй. Орж ирсэн ахын эхнэр нь О.Эрдэнцогт жолоочийн жолооны багш аж. Анх троллейбус барихыг заасан байна. Тэдний яриагаар автобусны сайн ээлжийн жолооч олно гэдэг авгай авахаас ч хэцүү сонголт болжээ. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчдог том толгойтнуудыг журамлахад түгжрэл арилна хэмээн тэд санал нийлэв. Цаг хэдийн үдшийн 21:00 цаг өнгөрч зам ч сэлүүхэн болоод эхэллээ. Чингээд эцсийн зогсоол болох Цамбагарав. Автобусанд үлдсэн хэдхэн хүний нэг нь би. Жолооч ч намайг сүүлийн буудал гэсэн шиг харцаараа үдэв. Маргааш ахиад л тэд үүрийн таван жингээр ажилдаа гарна.
Т.ӨНӨ-ЭРДЭНЭ