Ши Жиньпин: Тайваньд зэвсэг нийлүүлэхдээ болгоомжтой ханд
БНХАУ ын удирдагч Ши Жиньпин өчигдөр 2026 02 05 АНУ ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэрээ хоёр орны харилцааны хамгийн чухал асуудал бол Тайвань гэж хэлжээ Ши мөн Тайваньд зэвсэг нийлүүлэхдээ болгоомжтой хандах ёстойг Трампд анхааруулсан бөгөөд Хятад АНУ ын харилцааг маш чухалчилдаг болохоо онцолсон байна Улмаар хоёр орон

БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин өчигдөр /2026.02.05/ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярих үеэрээ хоёр орны харилцааны хамгийн чухал асуудал бол Тайвань гэж хэлжээ.
Ши мөн Тайваньд зэвсэг нийлүүлэхдээ "болгоомжтой хандах ёстойг" Трампд анхааруулсан бөгөөд Хятад АНУ-ын харилцааг маш чухалчилдаг болохоо онцолсон байна.
Улмаар хоёр орон санал зөрөлдөөнөө шийдвэрлэх арга замыг олно гэж найдаж байгаагаа нэмж тэмдэглэжээ. Трампын хувьд Хятадын удирдагчтай утсаар ярьсан явдлыг маш гайхалтай болж өнгөрсөн төдийгүй урт хугацаанд чухал сэдвүүдийн талаар ярилцсан гэж тодорхойлсон.
Сүүлийн үед Их Британийн ерөнхий сайд Кир Стармер зэрэг барууны орнуудын удирдагчид Хятад улсад айлчилж, харилцаагаа сайжруулахыг зорьж байна. Трамп ч мөн ирэх дөрөвдүгээр сард Хятадад айлчлахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ айлчлалаа тэсэн ядан хүлээж байгаагаа мэдэгджээ. Түүний хэлснээр Хятад улс АНУ-аас 20 сая тонн шар буурцаг худалдан авах боломжийн талаар бодолцож байгаа аж. Одоогийн байдлаар Хятад улс АНУ-аас 12 тонн шар буурцаг импортолдог байна. Трамп мөн өөрийн болон Ши Жиньпиний хувийн харилцаа нь маш сайн байгаа бөгөөд үүнийг хадгалах нь чухал гэж онцолсон байна.
Утсаар ярилцах үеэрээ хоёр орны удирдагч нар ОХУ-ын Украинд хийж буй дайн, Ираны өнөөгийн нөхцөл байдал, мөн Хятадын АНУ-аас газрын тос, байгалийн хий худалдан авах асуудлыг хэлэлцжээ.
Тайванийн асуудлаар хэлэхдээ, Ши Жиньпин тус арлыг Хятадын нутаг дэвсгэр бөгөөд бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нь хамгаалах ёстой гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ Тайваньд зэвсэг худалдах асуудалд хянуур, болгоомжтой хандах ёстойг анхааруулжээ. Хятад улс Тайваньтай дахин нэгдэх зорилготой гэдгээ олон жилийн турш илэрхийлсээр ирсэн бөгөөд үүний тулд хүч хэрэглэхийг үгүйсгээгүй. АНУ Тайванийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй. Гэхдээ тус арлын хамгийн том зэвсэг нийлүүлэгч бөгөөд гол холбоотон хэвээр байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Трампын засаг захиргаа Тайваньд ойролцоогоор 11 тэрбум ам.долларын өртөгтэй зэвсгийн томоохон худалдааны хэлэлцээрийг байгуулсан. Үүнд пуужин, пуужин харвагч системүүд багтжээ. Уг хэлэлцээрийг Бээжин хүчтэй шүүмжилж, мөргөлдөөн үүсэх эрсдэлийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн юм. Ши Жиньпин АНУ болон Хятад хоёулаа өөрсдийн санаа зовниж буй асуудлуудтай бөгөөд харилцан хүндлэл, тэгш байдалд суурилсан хамтын ажиллагаа нь эдгээрийг шийдэх боломжтой гэж хэлжээ. Үүнээс гадна, Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй цахимаар уулзаж, Бээжин, Москвагийн харилцаа улам бэхжиж байгааг онцолсон байна.