Ковидын үеэр Улаанбаатар зочид буудалд тансагласан нь
Манайх цагаан идээний жижиг ТҮЦ ажиллуулдаг байв Тэгсэн чинь корона гэж аюултай өвчин гарсан гээд бөөн юм болж байлаа Өглөө бүхэн ирдэг сүүний хүргэлт хэдэн өдөр тасраад тэр өдөр ирсэн юм Замд явуулахгүй хэцүү байна Арай гэж ирлээ гэсээр сүүний хүн ирэв Ирсэн сүүгээ зарах гээд мунигнаж байтал хоёр цагдаа

Манайх цагаан идээний жижиг ТҮЦ ажиллуулдаг байв. Тэгсэн чинь корона гэж аюултай өвчин гарсан гээд бөөн юм болж байлаа. Өглөө бүхэн ирдэг сүүний хүргэлт хэдэн өдөр тасраад тэр өдөр ирсэн юм.
-Замд явуулахгүй хэцүү байна. Арай гэж ирлээ гэсээр сүүний хүн ирэв. Ирсэн сүүгээ зарах гээд мунигнаж байтал хоёр цагдаа ороод ирэв. Сүү авах гэсэн хүмүүс бужигнаад тэр хооронд цагдаагаа ч мартчихаж. Нэг харсан чинь өнөө хоёр цагдаа хараад зогсож л байв. “Яах гэсэн юм бол, сүү зээлэх гээд байгаа юм болов уу” гэсэн шүү юм бодоод... тэгсэн чинь хүмүүс гарсны дараа:
-Сая танай ТҮЦ-ээр коронатай хүн ороод гарсан байна. Танай хажуугийн аптек, цаад дэлгүүрээр бас орсон байна. Одоо юмаа хурааж ТҮЦ хаа гэдэг юм байна.
-Яасан яасан гэнэ ээ гээд би цагдаа руу дөхсөн чинь хоёр цагдаа олго үсрээд холдож байна. Цагдаа гартаа урт модтой. Модны үзүүрт нэг тор шиг юм уячихсан. Түүгээр намайг уургалах гээд байгаа юмуу хаашаа юм бүү мэд
-Та хол бай, ойртож болохгүй гээд сүйд... бараг буудах нь холгүй. Би хаалга руу явсан хоёр цагдаа ухраад гарч байна... “Түрүүн сүү авах гээд бужигнаж байсан тэр олон хүн халдвар авахгүй та хоёр л авчих гээд байна уу...” гэж хэлэх шахлаа. Аман дээр гарч ирээд л тогтлоо. Нөгөө хүмүүсийг барих гээд мөрдөөд бөөн юм болох байх гэж бодоод үгээ хэлсэнгүй...
Гараад ирсэн чинь бөөн цагдаа манай гурван байшинг бүсэлчихэж. Их улаан дааваа татаад арай сүртэй юм болж байна. Тэгж байтал ариутгалын машин дахиж ирээд хажуугийн дэлгүүр, аптек, манайх гурвыг шүршиж өглөө. Тэр хавийн гудмыг бараг усалсан байх өө, учир зүггүй л цацаад байсан.
Тэгж байтал түргэний гурван машин зэрэг давхиад ирэв. Гэрэл дохиогоо хангинуулаад сүртэй сүртэй. Хажууд нь цагдаагийн машин дагачихсан. Бид гурав руу ойртохгүй цагаан хоолойгоор машинд суу гэж зарлаж байгаа. Жолооч нь машиныхаа хаалга онгойлгочихоод цаашаа гүйгээд холдож байна. Суусны дараа гүйж ирж хаалгаа хаав. Нөгөө аптекийн хүн дэлгүүрийн хүн бид гурвыг нэг нэг машинд чихэж аваад давхилаа. Замд машин тэрэг ч алга. Цагдаагийн нэг машин өмнө нь нэг машин хойно дагачихсан. Дуут дохиогоо хангинуулаад гэрэл анивчуулаад сүртэй сүртэй...
Улаанбаатар зочид буудалд авч ирлээ. Нэг өрөөнд оруулаад өрөөнөөс гарч болохгүй гэж тушаалаа. За ингээд буудлын хорионд оров оо
Буудал нь тансаг юмаа. Унтдаг өрөө тудаа, хоол иддэг өрөө тусдаа, зурагт үздэг өрөө тусдаа таван өрөөн дунд ганцаараа... Зурагт интернэт, ван, шүршүүр бүх юм байна. Үүдээр шагайвал кордерт цагдаа, цонхоор харвал гадаа цагдаа.
Өглөө цай, зутан, боов ирнэ. 10 цагт ногоотой маягийн хоол. 12 цагт нэг хоёрдугаар хоол. 15 цагт хөнгөн маягийн хоол. 17 цагт оройн хоол. За ингээд өдрийн 5 хоолтой, хэдэн одтой ч юм зочид буудал хэвтээд байлаа. Хаалга цохиод хоолоо аваарай гэнэ. Аягаа гаргаад кордерт байгаа сандал дээр тавина. Хоол хийгээд явахаар нь очиж хоолоо авна. Алсын харилцаатай. Ёстой инээдтэй. Хошин шог цаашаа л юм болж байв.
Гэтэл хүмүүс түүн дээр нэмээд хоол захиалаад байгаа бололтой. Оройхондоо бол -Захиалгын хоолоо аваарай гэх дуу байсхийгээд гарна. Би тэр 5 хоолыг нь барах ч үгүй юм билээ. Хийх юм байхгүй зурагт үзээд хэвтээд байна. Өрөөндөө жаахан алхнаа бас... амьдралдаа анх удаа ийм тансаг зочид буудалд орж байгаа юм. Даан ч ганцаараа..
14 хонуулаад гаргахаар боллоо. Шөнийн 02 цагт. Нөгөө нэг нэгээр нь тусгайлан ачиж байсан нь бүр больж. Бүгдийг нь автобусанд чихэж аваад тараалаа. Гэрийнхээ ойролцоо буугаад алхаад харьсан. Гараад 21 хоног гэрээсээ гарч болохгүй гэсэн даалгавартай гарч байгаа. Байсхийгээд утасдана. Та хаана бн гэнэ. Гэртээ л гэнэ. 14 хоног хоригдоод хамаг ажлаа алдсан хүн юу гэж гэртээ хэвтэж байхав дээ...
Одоо эргээд бодоход үнэхээр сүржигнэж байсан шүү, бурхан минь
Б.Цэцгээ