Honda Accord илүү футуристик болж, Passport TrailSport жинхэнэ бартаат замын машин болохоор шинэчлэгдэнэ
Honda компани хамгийн чухал хоёр загвар болох Accord болон Passport д томоохон өөрчлөлт хийхээр бэлтгэж байгаа талаар Automotive News мэдээллээ Эх сурвалжийн мэдээлснээр Honda Accord 2027 оны хоёрдугаар хагаст томоохон шинэчлэлт авах бөгөөд өнөөгийн даруухан консерватив төрхөөсөө салж илүү орчин үеийн футуристик дизайнтай болох аж Шинэ Accord ын дүр төрх

Honda компани хамгийн чухал хоёр загвар болох Accord болон Passport-д томоохон өөрчлөлт хийхээр бэлтгэж байгаа талаар Automotive News мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Honda Accord 2027 оны хоёрдугаар хагаст томоохон шинэчлэлт авах бөгөөд өнөөгийн даруухан, консерватив төрхөөсөө салж илүү орчин үеийн, футуристик дизайнтай болох аж.
Шинэ Accord-ын дүр төрх өнгөрсөн сард танилцуулсан Honda Hybrid Sedan концептоос санаа авсан байж магадгүй гэж үзэж байна. Нарийхан LED гэрэл, цэвэр шулуун шугамтай кузов, спортлог fastback дээврийн хэлбэр нь бүр зарим талаараа домогт Lamborghini Espada-г санагдуулам болсон гэж хэвлэлүүд онцолжээ.
Урд хэсэгтээ илүү нарийн радиаторын сараалж, нимгэн гэрэлтэй болох бол арын хэсэг нь өнөөгийн загвараас илүү хурц өнцөгтэй, хүчирхэг төрхтэй болно гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.
Сонирхолтой нь шинэ Accord-ын дизайн нь анх цахилгаан автомашины зориулалтаар боловсруулсан ч хожим цуцлагдсан Honda 0 Series Saloon төслийн элементүүдийг агуулж магадгүй аж.
Honda-ийн нэг эх сурвалж:
"0 Series хэтэрхий зоримог болсон. Харин шинэ Accord бол футуристик байдал ба бодит хэрэглээний төгс тэнцвэр байх болно" гэжээ.
Салоны хувьд том хэмжээтэй мультимедиа дэлгэц суурилуулах бөгөөд одоогийн хөдөлгүүрийн сонголтууд үндсэндээ хадгалагдана гэж үзэж байна.
Мөн Prelude загварт ашиглагдаж эхэлсэн S+ Shift систем Accord-д нэмэгдэх магадлалтай. Энэхүү систем нь автомат хурдны хайрцагтай мөртлөө механик араа сольж байгаа мэт мэдрэмжийг програм хангамжаар дуурайлган өгдгөөрөө онцлог.
Урт хугацаанд Honda Accord 2030 оны орчим бүрэн шинэ үе дээрээ шилжихдээ зөвхөн гибрид хөдөлгүүртэй болж магадгүй гэсэн мэдээлэл ч байна.
Нөгөө талд Passport TrailSport улам илүү бартаат замын чиглэл рүү шилжихээр болжээ.
2026 оны сүүлээр гарах шинэчлэлтээр TrailSport хувилбар газрын клиренсээ ойролцоогоор 25 мм-ээр нэмэгдүүлж, түдгэлзүүлэх системдээ өөрчлөлт оруулах аж.
Automotive News-ийн эх сурвалжуудын хэлснээр Honda Passport TrailSport-д шууд утгаараа "илүү их тестостерон" нэмэхээр төлөвлөж байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл урд болон арын бамперууд илүү булчинлаг, сүрлэг болж, SUV-ийн харагдах байдал нь илүү түрэмгий, жинхэнэ оффроуд машин мэт болох юм.
Хэрэв энэхүү мэдээлэл үнэн бол шинэ Passport TrailSport-ыг энэ оны сүүлээр, харин шинэчлэгдсэн Accord-ыг ирэх оны эхээр албан ёсоор танилцуулах төлөвтэй байна.
Honda компани Passport-ын талаарх мэдээллийг бараг баталсан бөгөөд:
"Бид энэ оны сүүлээр илүү өндөр чадвартай шинэ хувилбаруудыг танилцуулах бөгөөд ойрын саруудад дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ" гэж мэдэгджээ.
Харин Accord-ын талаар асуухад Honda-ийн төлөөлөгч:
"Одоогоор тодорхой өөрчлөлтүүдийг баталгаажуулах боломжгүй байна" гэсэн хариулт өгсөн байна.
Сүүлийн үед цахилгаан автомашины стратегиа дахин хянаж, гибрид технологид илүү төвлөрөх болсон Honda-ийн хувьд Accord болон Passport-ын энэ шинэчлэлтүүд нь брэндийн дараагийн үеийн дизайны чиг хандлагыг тодорхойлох чухал алхам болж магадгүй байна.