BMW анхны бүрэн цахилгаан M загвар 2027 онд гарна
BMW компани 2027 онд M дэд брэндийнхээ анхны цуврал үйлдвэрлэлийн цахилгаан автомашиныг зах зээлд гаргахаар төлөвлөж байна Энэхүү шинэ эрин үеийн эхлэлийг саяхан танилцуулсан BMW M Concept Neue Klasse концепт автомашин илэрхийлж байна Уг концепт нь шинэ үеийн BMW i 3 цахилгаан седан дээр суурилан бүтээгдсэн боловч гадна төрх нь

BMW компани 2027 онд M дэд брэндийнхээ анхны цуврал үйлдвэрлэлийн цахилгаан автомашиныг зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Энэхүү шинэ эрин үеийн эхлэлийг саяхан танилцуулсан BMW M Concept Neue Klasse концепт автомашин илэрхийлж байна.
Уг концепт нь шинэ үеийн BMW i3 цахилгаан седан дээр суурилан бүтээгдсэн боловч гадна төрх нь бараг бүхэлдээ шинэчлэгджээ. Үндсэн загвараас нь зөвхөн суурь архитектур үлдсэн гэж хэлж болохоор хэмжээнд өөрчлөгдсөн байна.
Автомашин шинэ загварын бамперууд, урд сплиттер, хажуугийн босгоны аэродинамик өргөтгөлүүд, арын спойлер болон диффузороос бүрдсэн бүрэн хэмжээний аэродинамик багцтай болжээ. Мөн DTM тойргийн уралдааны спорт прототипүүдэд ашигладаг жижиг хэмжээтэй хажуугийн толинууд суурилуулсан нь онцгой харагдана.
Стандарт i3-аас ялгаатай нь дугуйн нуман хаалтуудыг өргөсгөж, автомашинд илүү өргөн мөр, илүү түрэмгий төрх бий болгожээ. Харин тусгайлан боловсруулсан ачааны тагийг хөнгөн цагаан хавтангаар шахаж үйлдвэрлэсэн байна.
Салоны хувьд BMW энэ машины спорт шинж чанарыг илүү тодотгожээ. Энгийн урд суудлуудын оронд уралдааны зориулалттай гүн тулгууртай спорт "ковш" суудал, дөрвөн цэгийн хамгаалах бүс ашигласан байна. Мөн жолооны хүрдний дээд хэсэгт улаан тэмдэглэгээ байрлуулсан нь мотоспортын автомашинуудын уламжлалыг санагдуулна.
BMW-ийн онцолж буй өөр нэг шинэлэг зүйл нь кузовын зарим эд ангид ашигласан шинэ төрлийн нийлмэл материал юм. Зарим панель нь байгалийн гаралтай ширхэгээр хүчитгэсэн инновацын хуванцараар хийгдсэн бөгөөд ийм материалыг үйлдвэрлэхэд ялгарах CO₂ хэмжээ уламжлалт хуванцартай харьцуулахад ойролцоогоор 40 хувиар бага аж.
Одоогоор BMW техникийн үзүүлэлтүүдээ нууцалж байгаа бөгөөд хүч чадал, батарейн багтаамж, хурдатгалын талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна.
Гэхдээ үйлдвэрлэгч нэг чухал зүйлийг урьдчилан онцолсон нь энэхүү автомашин бүх дугуй нь жолоодлоготой (four-wheel steering) явах эд ангитай байх юм. Өөрөөр хэлбэл зөвхөн урд дугуй бус, арын дугуйнууд ч тодорхой өнцгөөр эргэж, өндөр хурдны тогтвортой байдал болон эргэлтийн чадварыг мэдэгдэхүйц сайжруулах болно.
BMW M брэнд бараг 50 жилийн турш өндөр эргэлттэй бензин хөдөлгүүр, механик мэдрэмжээрээ алдартай байсан. Харин M Concept Neue Klasse нь компанийн хувьд шинэ эрин үе эхэлж байгааг харуулж байна.
2027 онд үйлдвэрлэл эхлэх үед BMW-ийн анхны жинхэнэ цахилгаан M загвар нь зөвхөн хүчирхэг цахилгаан автомашин биш, харин M брэндийн ирээдүйн чиглэлийг тодорхойлох хамгийн чухал бүтээгдэхүүнүүдийн нэг болох төлөвтэй байна.