Эверестийн үхлийн бүсээс ганцаараа амьд гарсан шерпа Хиллари Даваа анх удаа ярилцлага өгчээ
Эверестийн үхлийн бүсээс ганцаараа амьд гарсан шерпа Хиллари Даваа анх удаа ярилцлага өгч болсон үйл явдлыг өөрийн өнцгөөс өөрийн үгээрээ анх удаа ярьжээ Намайг Дава Шерпа гэдэг Хүмүүс намайг Хиллари Дава гэж дууддаг Би 57 настай Одоо миний биеийн байдал аажмаар сайжирч байна Ерөнхийдөө бүх зүйл дээрдэж байгаа ч уушги

Эверестийн үхлийн бүсээс ганцаараа амьд гарсан шерпа Хиллари Даваа анх удаа ярилцлага өгч, болсон үйл явдлыг өөрийн өнцгөөс, өөрийн үгээрээ анх удаа ярьжээ.
Намайг Дава Шерпа гэдэг. Хүмүүс намайг Хиллари Дава гэж дууддаг. Би 57 настай.
Одоо миний биеийн байдал аажмаар сайжирч байна. Ерөнхийдөө бүх зүйл дээрдэж байгаа ч уушги маань бүрэн эдгээгүй хэвээр байна. Эмч нар "Дахиад гурван долоо хонож байж бүрэн эдгэрсэн гэж хэлэх боломжтой болно" гэсэн.
Би болсон явдлыг байнга эргэцүүлж боддог. Хэвтэх бүртээ бүхнийг санана. Амьд үлдсэн минь яг л зүүд мэт санагддаг. Би өөрөөсөө дахин дахин: "Би яаж амьд гарсан юм бол? Тэндээс яаж гарч чадсан юм бол?" гэж асуудаг. Эргээд бодоход тэр үнэхээр аймшигтай, маш аюултай нөхцөл байжээ.
Хүмүүс ууланд авирахад их мөнгө олдог гэдэг. Гэхдээ мөнгө миний хамгийн гол зорилго хэзээ ч байгаагүй. Миний гол ажил бол өндөр уулын аялал, экспедицэд оролцох байсан. Анхны экспедицдээ би тогоочоор ажилласан. Хоёр дахь удаагаа ч мөн адил тогоочоор явсан. Өдөрт ойролцоогоор 10,000 рупи авдаг байлаа. Би зөвхөн II баазад хоол хийхээр очсон болохоос илүү өндөрт авирах, хүнд ачаа зөөх бодол байгаагүй.
Гэтэл өөр нэг шерпа намайг байнга зоригжуулж, "Явцгаая, хамт явъя" гэж ятгадаг байсан. Би зөвхөн Өмнөд хөтөл хүртэл явна гэж бодож байсан. Харин Өмнөд хөтөлд хүрээд оргил руу үргэлжлүүлэх ёстой юм шиг санагдсан.
Өмнөд хөтлөөс буцаж ирэхэд би аль хэдийн маш их ядарсан байлаа. Маргааш нь дахин авирсан. Бид II баазаас IV бааз руу явсан. IV баазад хүрэхэд би үнэхээр туйлдсан байв. Тэр шөнө оргилд гарахаар төлөвлөсөн ч хүмүүс "Битгий яв" гэж анхааруулж байсан.
Бид оройн 11 цагийн үед авиралтаа эхэлсэн. Маргааш нь оройн 5 цагийн үед ойролцоогоор 8400 метрийн өндөрт хүрсэн байлаа. Нэг Польш уулчин бид хоёр хамт явж байсан юм. Тэр надад "Цааш явж болохгүй. Хэт удаан хугацаа шаардагдана, хүчилтөрөгч хүрэлцэхгүй" гэж хэлсэн. Оройн 5:30 цагийн үед тэд буцсан. Оргилын орчимд бусад авирагчдын духны гэрэл харагдаж байсан бөгөөд бид ч мөн аажмаар бууж эхэлсэн.
Төлөвлөгөө ёсоор бааздаа хүрээд маргааш өглөө нь эрт буух ёстой байсан. Гэвч ар араасаа бэрхшээл гарсаар байлаа. Би байн байн сууж амардаг болсон. Хүчилтөрөгчөө тасралтгүй хэрэглэж байсан. Эцэст нь олсоор уруудаж явахдаа бүрэн туйлдсан. Тэр үед би аль хэдийн найман баллон хүчилтөрөгч дуусгаад байлаа.
Би мешоктой байсан. Миний урд явж байсан нэг уулчин толгой нь эргээд амрахдаа "Чи цаашаа явж бай" гэж хэлсэн. Гэвч миний хөл огт хөдөлж чадахгүй байлаа. Би жаахан гоймон олж идээд хэсэг амарсан. Тэгээд нэг мэдсэн чинь унтчихсан байсан.
Маргааш өглөө нь 10 цагийн үед би ухаан орж, II бааз руу буцаж ирсэн. Тэнд би өөртөө хоол хийж идсэн. Бусад шерпанууд өөр нэг хөтөчтэй хамт доош буусан байсан болохоор эргэж ирэхээр нь хамтдаа бууна гэж найдаж байлаа.
Шерпанууд III баазаас тоног төхөөрөмж буулгах ажилтай доош явсан байсан. Тэнд хоосон хүчилтөрөгчийн баллонууд болон бусад хэрэгслүүдийг цуглуулах шаардлагатай байв. Хэн нэгэн ирэх байх гэж хүлээсэн ч хэн ч ирсэнгүй. Ганц ч хүн ирээгүй.
Маргааш өглөө нь би бүх зүйлээ баглав. Мешок, дэвсгэр, хоосон хүчилтөрөгчийн баллонуудаа ч авч явсан. Бидэнд "Үлдээсэн баллон тус бүрд 250 ам.долларын торгууль ногдуулна" гэж хэлсэн байсан. Надад найман хоосон баллон байсан тул бүгдийг нь үүрээд явсан. Замдаа хүнтэй таараад ачаагаа хуваалцана гэж бодсон ч хэнтэй ч таараагүй.
Мөсөн ангал дээгүүр тавьсан шатнууд байрандаа байсан. Таван хэсэг салдаг урт шатны нэг хэсгийг нь салгасан байв. Бас нэг жижиг шат байсан ч нэг тал нь бэхлэгдээгүй байлаа.
Би хамгаалалтын олсондоо бэхлэгдээд болгоомжтой гарч эхэлсэн. Гэтэл гэнэт шат хөдөлж, би уначихсан. Эхэндээ юу ч мэдрээгүй. Дараа нь би цастай огцом налуу дээр унаж, толгойгоороо гүн мөсөн ангал руу гулсан орсноо ойлгосон.
Тэр мөчид "Миний амьдрал энд дууслаа" гэж бодсон. Хэрэв доор цас байгаагүй бол би тэр дороо амиа алдах байсан.
Маргааш нь нисдэг тэрэгний чимээ шиг зүйл сонсогдсон ч би юу ч харж чадаагүй. Нэг хоног хагасын дараа би хамаг найдвараа алдсан. "Миний цогцсыг хоёр, гурав, эсвэл дөрөв хоногийн дараа л олох байх" гэж бодогдож байв. Би үхлээ аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн байлаа.
Тэгтэл гэнэт маш хүчтэй нүргэлэх чимээ сонсогдож цасан нуранги боллоо. Хачирхалтай нь намайг алах байсан тэр нуранги харин ч намайг аварсан. Нуранги ангалын нэг хэсгийг цасаар дүүргэсэн тул би дээш авирч гарах боломжтой болсон.
Би аажмаар дээш авирч, гарах зам хайлаа. Эцэст нь тогтоосон олс олж харсан. Хоёр талдаа олс байхыг хараад л анх удаа найдвар төрсөн. Би тэр олсыг даган уруудаж эхэлсэн.
Надад ус байгаагүй тул зөвхөн цас идэж амьд үлдсэн. Дараа нь урсгал ус олж уусан. Үүний дараа хүмүүстэй таарахад л би өөрийгөө аюулгүй болсон гэж мэдэрсэн.
Намайг харсан хүмүүс үнэхээр цочирдсон. Тэд "Чи нөгөө алга болсон хүн мөн байна шүү дээ! Бид чамайг хайж байсан" гэж хэлсэн. Тэд надад жигнэмэг өгч, дараа нь халуун ус уулгасан. Хэн нэгэн SPCC-ийн аврах багтай холбогдсон. Тэд ирж намайг дамнуургаар авч яван, нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн.
Эмнэлэгт ирээд бүх хүнийг хараад асар их тайвширсан. Манай тосгоны хүмүүс ч ирсэн байсан. Эхнэр минь ямар их санаа зовсныг би огт мэдээгүй. Үүнийг зөвхөн дараа нь л ойлгосон. Дараа нь лам нар ирж, миний төлөө ном уншсан.
Эргээд бодоход хамгийн том сургамж нь авиралтын хамтрагчаа хэзээ ч орхиж болохгүй гэсэн зүйл юм. Мөн цаг хугацаа маш чухал. Авирагчид эрт хөдөлж байх хэрэгтэй. Ингэснээр ойр хавьд үргэлж хүн байж, хэрэгслээ хамт зөөж, бие биедээ туслах боломжтой байдаг.
Энэ удаа би цор ганцаараа байсан. Хэрэв хамтрагчтай байсан бол би илүү хурдан гарч чадах байсан гэдэгтээ итгэлтэй байна. Гэвч миний хажууд хэн ч байгаагүй. Гол ялгаа нь энэ байлаа.
Бичсэн: Batzorig Sh