Ganzorig Vanchig: Хятад Улс мань хэдээсээ хөгжлөөрөө тасраад алсын алсад яваад оджээ
Хятад Улс мань хэдээсээ хөгжлөөрөө тасраад алсын алсад яваад оджээ Хэд хэдэн сонирхолтой бас маш чухал зүйлсийг анзаарав Нэгт Хөгжлөөр нь өрсөлдүүлэхийн тулд Хятадын бүх хотын дарга нарын ажлын үзүүлэлт буюу KPI д хөрөнгө оруулалт татах бизнесийг хөгжүүлэх үзүүлэлт оруулж өгчээ Гэтэл тэр нь нэмэр болохоос илүү нэрмээс болж эхэлсэн

Хятад Улс мань хэдээсээ хөгжлөөрөө тасраад алсын алсад яваад оджээ. Хэд хэдэн сонирхолтой бас маш чухал зүйлсийг анзаарав.
Нэгт: Хөгжлөөр нь өрсөлдүүлэхийн тулд Хятадын бүх хотын дарга нарын ажлын үзүүлэлт буюу KPI-д хөрөнгө оруулалт татах, бизнесийг хөгжүүлэх үзүүлэлт оруулж өгчээ. Гэтэл тэр нь нэмэр болохоос илүү нэрмээс болж эхэлсэн байна. Хэт их өрсөлдөөн үүсч, бүсчлэлийн бодлого алдагдаж, хотууд, бүсүүд хоорондоо зэрлэгээр өрсөлдөх болсноос хойш өгөөж бүтээмж дундарч, хүсч байсан үнэ цэнээ бий болгож чадаагүй аж. Иймээс Хятадын Ерөнхийлөгч Ши НЭГ ЭДИЙН ЗАСАГ гэж чанга дуугарч байж нөхдүүдийг байр байранд нь тавьсан гэж байх. Хятадын өмнөд хэсгийн эдийн засаг, бизнесийн диваажин болсон Greater Bay Area гэж бий. Энэ бүсийн Хонк Конг санхүүгийн төв гэдгээ бататгаж буй бол Шэнжэн технологийн тэнхлэг гэдгээ дэлхийд харуулж, Макао аялал жуучлал ба энтертэйнмент, харин Гуанжоу хот худалдаа, ложистикийн төв нь болж биетэйгээ шууд өрсөлдөхгүй, харин биесээ шууд нөхөж ажиллаж байна.
Хоёрт: Эрдэмтэн судлаачид, доктор профессорууд, их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгүүд энэ улсын тархийг залж, шийдвэр гаргах хэмжээнд маш өндөр түвшинд оролцож байна. Энэ хэрээр шинжлэх ухааны үнэ цэнийг бусаддаа мэдрүүлж, тэр хэрээр хангалттай хэмжээний төсөв мөнгийг босгож татаж байна. Манай эрдэмтэд "гоншигноод" суугаад байдаг бол хятад эрдэмтэд старт ап компанийн залуусаас илүү энтрепренер сэтгэлгээ, хандлагатай ажиллаж байна. Баг болоод дотроо өч төчнөөн старт ап компанийг байгуулж, өөрсдийн санаа, туршлага, ноу хаугаа бизнес, эдийн засгийн эргэлтэнд оруулж байна. Бараг бүгд саятан болсон байх өө.
Гуравт: Барууны өндөр хөгжилтэй орнуудын элчин сайд, консул, бизнесийн холбоод энэ бүст аль хэдийн салбар төвөө байгуулан өдөр шөнөгүй Хятадтай хэрхэн хамтрах вэ гэж ажиллаж байна. Швейцарын консул хүртэл "Энэ бүс нутагт хуучны уламжлал өдөр бүр эвдэгдэн өөрчлөгдөж байна. Хятадын хөгжил, технологийн ололт амжилтын талаар барууныхан бараг юу ч мэдэхгүй байгаа" гэж хэлж байх вэ дээ. Швейцарууд жишээ нь Greater Bay Area-тай хамтрахын тулд өөрсдийн 10 орчим кантоны нэгдэл болох бүсийн бизнесийн зөвлөлөө Гуанжоу, Шэнжэнд байгуулан, хэдхэн сарын дотор өчнөөн хамтарсан компани, бизнесийг эхлүүлж чаджээ.
Дөрөвт: Гадны хөгжиж буй улсууд хөгжиж, урагшаа явахын тулд бие нөөцөө хуваалцаж, нээлттэй байдлаар мэдээллээ солилцож, мэдлэгийн урсгалаа улам тэлж хаалгаа улам бүр нээдэг юм байна. Харин бид жаахан илүү мэдээлэл олж авмагцаа өөр дээрээ хав дараад хаашаа ч гаргахгүй үхүүлчихдэг. Өөрөөс нь өөр хүн тэр боломжийг ашиглахыг зөвшөөрдөггүй. Өөрөө хийж чадахгүй байж бусдыг бас ажил хийлгэхгүй нэг хандлага нэвт үнэртэж байна аа. Бид энэ хандлагаа өөрчлөхгүй бол хөгжихгүй нь ээ. Бас хятадуудыг судалж мэдэхгүй бол урагшаа нэг ч алхахгүй нь ээ.
Тавт: Хятадад хэдхэн хоноход тэнд өнгөрсөн, бүр одоог ч ярьж буй хүнтэй бараг таарсангүй. Дандаа ирээдүйн тухай ярьж байна. Хэрэглэж буй үйл үг нь хүртэл дандаа ирээдүй цаг дээр. Future of technology гээд их сургуулиуд нь тусдаа тэнхим хүртэл байгуулан ажиллаж байх юм аа. Харин бидний ихэнх 700 жилийн өмнөх, арай цөөхөн нь 70 жилийн өмнөх, бусад нь бараг 30 жилийн тэртээдээ таг гацчихсан юм уу гэлтэй. Харьцуулаад бодохоор үнэхээр гунигтай байна аа. Хайран цаг хугацаа, алдагдсан боломж гэж үнэхээр их харамсах юм.
Бичсэн: Ganzorig Vanchig