Hyundai, Kia хоёр машины урд бамперт “салхин сэнс” суулгах патент гаргажээ
Hyundai Kia хоёр машины урд бамперт ldquo салхин сэнс rdquo суулгах патент гаргажээ Гэхдээ Facebook ийн физикчид шиг баярлах арай эрт байна Сүүлийн үед сошиалаар ldquo Hyundai Kia хоёр цахилгаан машины урд бамперт салхин турбин суулгаж явж байхдаа өөрөө цахилгаан үйлдвэрлэдэг машин хийх гэж байна rdquo гэсэн мэдээ явж байна

Hyundai, Kia хоёр машины урд бамперт “салхин сэнс” суулгах патент гаргажээ. Гэхдээ Facebook-ийн физикчид шиг баярлах арай эрт байна
Сүүлийн үед сошиалаар “Hyundai, Kia хоёр цахилгаан машины урд бамперт салхин турбин суулгаж, явж байхдаа өөрөө цахилгаан үйлдвэрлэдэг машин хийх гэж байна” гэсэн мэдээ явж байна.
Мэдээний гол агуулга үнэн . Hyundai Motor Company, Kia Corporation болон SHB Automotive Module Co., Ltd нарын нэр дээр Vehicle Wind Power Generation System буюу автомашины салхины энергиэр цахилгаан үүсгэх систем гэсэн патентын мэдээлэл бүртгэгдсэн байна. Нийтлэгдсэн дугаар нь US20260168477A1 , нийтлэгдсэн огноо нь 2026 оны 6-р сарын 18 гэж патентын мэдээллийн санд гарч байна. (OEPM)
Гэхдээ эхнээс нь нэг зүйлийг ойлгоё.
Энэ бол “машин өөрөө явж байхдаа өөрийгөө бүрэн цэнэглээд, цэнэглэгч хэрэггүй болно” гэсэн үлгэр биш.
Тийм юм үнэн байсан бол Нобелийн шагнал, цахилгаан станц, цэнэглэгч станц, физикийн багш нар бүгд нэг өдөр ажилгүй болно.
Энэ бол илүү бодитойгоор хэлбэл:
явж байгаа машины урдаас орж ирэх агаарын урсгалыг ашиглаад бага хэмжээний цахилгаан гаргаж, туслах системүүдэд ашиглах гэсэн energy harvesting буюу алдагдаж буй энергийг цуглуулах технологийн санаа.
Яг ямар санаа вэ?
Патентын санаа нь машины урд хэсэгт, тухайлбал front bumper буюу урд бампер , grille буюу урд сараалж орчимд жижиг салхин генератор байрлуулах тухай.
Машин урагш явахад урдаас агаар орж ирнэ. Тэр агаарыг тусгай суваг, хаалт, сэнсээр дамжуулна. Сэнс эргэхэд генератор ажиллаж, бага хэмжээний цахилгаан үүсгэнэ.
Сошиал хэлээр бол:
“Машин явж байна. Салхи орж ирж байна. Сэнс эргэнэ. Цахилгаан гарна.”
Шинжлэх ухааны хэлээр бол:
kinetic energy of airflow буюу агаарын урсгалын хөдөлгөөний энергийг
electromechanical conversion буюу механик хөдөлгөөнийг цахилгаан энерги болгон хувиргах процессоор
цахилгаан болгон ашиглах санаа.
Гэхдээ энэ өгүүлбэрийг уншаад “өө тэгвэл үнэгүй цахилгаан юм байна” гэж бодож байвал түр зогс. Таны физикийн ойлголт Facebook comment-ийн түвшинд явж байна.
Гол асуудал: салхи үнэгүй биш
Машин явж байх үед урдаас салхи “өөрөө сайхан үлээгээд” байгаа юм биш. Машин өөрөө агаарыг зүсэж, түлхэж явж байгаа.
Үүнийг aerodynamic drag буюу агаарын эсэргүүцэл гэдэг.
Агаарын эсэргүүцэл ихсэх тусам машин илүү их энерги зарцуулна. Ялангуяа хурд нэмэгдэхэд drag маш хурдан өсдөг. Тиймээс автомашин үйлдвэрлэгчид урд сараалж, бампер, кузовын хэлбэрийг өчүүхэн хэмжээнд ч болов илүү гөлгөр, илүү үр ашигтай болгох гэж олон жил ноцолддог.
Тэгэхээр урд талд нь сэнс тавина гэдэг:
нэг талаас цахилгаан гаргаж магадгүй,
нөгөө талаас агаарын эсэргүүцэл нэмэгдүүлж магадгүй.
Энэ хоёрын баланс л бүх асуудлын гол.
Монголчилбол:
сэнс эргүүлж цахилгаан гаргах гэж байгаад машинаа илүү их чирэгдүүлбэл ашиг биш, өөрийгөө хуурсан хэрэг болно.
Яг л гэртээ генератор залгаад, тэр генератороо өөрийнх нь үйлдвэрлэсэн цахилгаанаар ажиллуулаад “мөнхийн хөдөлгүүр хийлээ” гэж баярлахтай адил. Хөөрхөн сонсогдоно. Гэхдээ физик таны баяр хөөрийг тоохгүй.
Тэгвэл Hyundai, Kia яагаад ийм санаа гаргав?
Учир нь автомашины ирээдүй зөвхөн “том батарей тавья” гэдэг дээр зогсохгүй болж байна.
Орчин үеийн цахилгаан машин бол ганц мотор, нэг батарейтай төмөр хайрцаг биш. Харин бүх талаасаа энерги хэмнэх, буцааж ашиглах, алдагдлыг багасгах ухаалаг систем болсон.
Өнөөдөр EV буюу electric vehicle буюу цахилгаан автомашин дотор дараах системүүд аль хэдийн ажилладаг:
regenerative braking буюу тоормослох үед алдагдах энергийг буцааж цахилгаан болгох систем ,
heat pump буюу дулааны насос ,
active air flap буюу агаарын урсгалыг автоматаар нээж хаадаг хаалт ,
solar roof буюу нарны дээвэр ,
battery thermal management буюу батарейн дулааны удирдлагын систем .
Hyundai, Kia-ийн энэ патентын санаа бол энэ бүхний дараагийн жижиг хэсэг байж магадгүй.
Өөрөөр хэлбэл:
их цахилгаан үйлдвэрлэх биш, алдагдаж байгаа багахан энергийг ч болов шүүрч авах гэсэн оролдлого.
Энийг л energy harvesting буюу алдагдаж буй энергийг цуглуулж ашиглах гэж нэрлэдэг.
Энэ систем юунд хэрэг болох вэ?
Энэ технологи бодит машин дээр гарлаа гэж бодъё. Тэгвэл хамгийн бодит хэрэглээ нь машины үндсэн моторыг тэжээх биш, харин туслах цахилгаан хэрэглэгчдийг дэмжих байх магадлалтай.
Жишээ нь:
гэрэл,
мэдрэгч,
камер,
жижиг аккумулятор,
агааржуулалтын туслах хэсэг,
удирдлагын модуль,
интерьер электроник,
аюулгүй байдлын системүүд.
Өнөөдрийн машин дотор “машин явж л байвал боллоо” гэдэг үе өнгөрсөн. Нэг машин дотор хэдэн арван control unit буюу удирдлагын блок , камер, radar буюу радар мэдрэгч , lidar буюу гэрлээр зай хэмжигч мэдрэгч , дэлгэц, насос, сэнс, халаалт, хөргөлт бүгд ажиллаж байдаг.
Тиймээс 1–2 жижиг эх үүсвэр ч нийт системийн ачааллыг бага зэрэг бууруулах боломжтой.
Гэхдээ дахиад хэлэхэд:
энэ нь батарейг бүрэн цэнэглэнэ гэсэн үг биш.
Цайны халбагаар бензин зөөгөөд Land Cruiser дүүргэх гэж байгаа хүн шиг ойлговол болохгүй.
Яагаад өндөр хурд дээр асуудалтай вэ?
Салхи хурдан байх тусам сэнс илүү сайн эргэнэ гэж энгийн хүн бодно. Тийм. Гэхдээ тэр салхийг үүсгэж байгаа зүйл нь машин өөрөө.