BMW шинэ X5 кроссоверыг Хятадын зах зээлд зориулан уртасгажээ
Зургадугаар сард дэлхийн зах зээлд танилцуулагдсан BMW X5 кроссоверын шинэ, тав дахь үеийн загвар Хятадад танилцуулагдлаа. БНХАУ-ын зах зээлд зориулан, орон нутгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тус автомашины тэнхлэг хоорондын зайг уртасгаж, бусад онцлог шинж чанарууд…

Зургадугаар сард дэлхийн зах зээлд танилцуулагдсан BMW X5 кроссоверын шинэ, тав дахь үеийн загвар Хятадад танилцуулагдлаа. БНХАУ-ын зах зээлд зориулан, орон нутгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн тус автомашины тэнхлэг хоорондын зайг уртасгаж, бусад онцлог шинж чанаруудыг нэмжээ. Энэхүү шинэ загварын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тус брэндийн Хятад дахь албан ёсны төлөөлөгчийн газар долоодугаар сарын 27-нд хуваалцсан байна.
Хятадын BMW X5 загварын тэнхлэг хоорондын зайг 130 мм-ээр нэмэгдүүлж, 3165 мм болгосон нь хоёрдугаар эгнээний зорчигчдын тав тухыг нэмэгдүүлэх зорилготой юм. Үүний үр дүнд уртасгасан X5-ийн тэнхлэг хоорондын зай нь дэлхийн зах зээлд зориулсан том загвар болох X7-ээс (3105 мм) ч илүү болжээ. Автомашины нийт уртыг заагаагүй байна. Гаднах төрх нь бараг өөрчлөгдөөгүй боловч Хятадын зах зээлд зориулж кузовын өнгө болон дотор засал чимэглэлийн сонголтуудыг нэмэгдүүлсэн байна.
X5-ийн дотор талын хийц, тухайлбал, салхины шилний доор байрлах, баганаас багана хүртэл үргэлжилсэн Panoramic Vision дэлгэц, медиа системийн налуу дэлгэц, урд зорчигчийн дэлгэц зэрэг нь өөрчлөгдөөгүй. Гэсэн хэдий ч урд болон хойд суудал солигдсон бөгөөд зорчигчдод хөл амраах оттоман тавиур нэмэгджээ. Кроссоверын Хятад хувилбарын бас нэг онцлог нь хоёрдугаар эгнээний зорчигчдод зориулсан, 8К нягтралтай том таазны дэлгэц бөгөөд энэ нь видео дамжуулалт болон тоглоомыг дэмждэг. Нэмэлтээр X5 нь Хятадын Momenta компанитай хамтран боловсруулсан өөрөө жолоодох системийг хүлээн авсан байна.
Дэлхийн зах зээлд шинэ BMW X5 таван өөр хөдөлгүүрийн сонголттойгоор санал болгогдох бол Хятад хувилбарт зөвхөн хоёр хөдөлгүүр байна. 400 морины хүчтэй, зургаан цилиндртэй, гурван литрийн турбо хөдөлгүүртэй бензин хувилбар нь 0-100 км/цаг хурдыг 5.3 секундэд авдаг. Бүрэн цахилгаан хувилбар нь 800 вольтын архитектурт суурилсан бөгөөд нэг цэнэглэлтээр 1000 км-ээс илүү зайг туулах боломжтой (Хятадын CLTC циклийгээр).
Mercedes-Benz компани долоодугаар сарын 21-нд GLS кроссоверын тансаг зэрэглэлийн Maybach хувилбарыг танилцууллаа. Тус загвар АНУ-д анхны үзэсгэлэнгээ хийсэн бөгөөд шинэ загварын борлуулалт энэ оны эцэс гэхэд эхэлнэ. Үнийг одоогоор ил болгоогүй байна. Үндсэн загвар нь 200 мянган ам.доллараас эхлэх төлөвтэй байна.