BYD анх удаа гадаад зах зээлээс илүү орлого олжээ
Цахилгаан автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч BYD компани гадаад зах зээлээс олсон орлого нь анх удаа дотоодын орлогыг давж мөн удаан үргэлжилсэн ашгийн бууралт нь дуусгавар болсныг мэдээллээ Тус компани дэлхийн хамгийн том авто зах зээл болох Хятад улсаас гарч өсөлтийн боломж эрэлхийлэхээс өөр сонголтгүй болсныг дээрх үр дүн харуулж байна

Цахилгаан автомашин үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч BYD компани гадаад зах зээлээс олсон орлого нь анх удаа дотоодын орлогыг давж, мөн удаан үргэлжилсэн ашгийн бууралт нь дуусгавар болсныг мэдээллээ. Тус компани дэлхийн хамгийн том авто зах зээл болох Хятад улсаас гарч өсөлтийн боломж эрэлхийлэхээс өөр сонголтгүй болсныг дээрх үр дүн харуулж байна.
2026 оны эхний хагас жилд BYD-ийн гадаад зах зээлийн борлуулалт 34 хувиар өсөж, 181.3 тэрбум юань буюу 27 тэрбум ам.долларт хүрчээ. Ингэснээр гадаад дахь борлуулалт нийт орлогынх нь 53 хувийг бүрдүүлсэн бол Эх газрын Хятад, Хонконг, Тайвань дахь борлуулалт нь 31 хувиар буурсан байна. Ингэснээр BYD-ийн ашгийн үзүүлэлт санхүүгийн таван улирлын дараа анх удаа өссөн дүнтэй гарчээ.
БНХАУ-ын автомашины зах зээлийн уналт 10 дахь сардаа үргэлжилж, долоодугаар сард тус улс дахь суудлын автомашины нийт борлуулалт өмнөх оноос 21 хувиар буурсныг БНХАУ-ын Зорчигч тээврийн автомашины холбооноос мэдээлсэн байна.
Дотоодын зах зээлийн нөхцөл хүндрэлтэй байгаа тул гадаад зах зээл энэ онд БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгчдийн өсөлтийн гол хөдөлгөгч болжээ. Долоодугаар сард БНХАУ-ын үйлдвэрлэгчдийн гадаад зах зээлд борлуулсан суудлын автомашины тоо 88 хувиар өссөнийг тус холбоо мэдээлсэн байна.