MERCEDES-BENZ 300 SL — ХААЛГЫГ НЬ ГОЁ ХАРАГДУУЛАХ ГЭЖ ДЭЭШ НЭЭДЭГ БОЛГООГҮЙ
Өнөөдөр Mercedes Benz 300 SL Gullwing ийн хаалгыг хараад дизайнерын содон санаа гэж бодох амархан Үнэндээ алдарт Gullwing хаалга нь дизайны гоёл биш инженерүүдэд өөр сонголт бараг үлдээгүйгээс төрсөн шийдэл юм Тэгээд тэр ldquo аргагүйдсэн rdquo шийдэл нь автомашины түүхэн дэх хамгийн танигдам дүрсүүдийн нэг болж үлджээ 1 Бүх зүйл

Өнөөдөр Mercedes-Benz 300 SL Gullwing-ийн хаалгыг хараад дизайнерын содон санаа гэж бодох амархан. Үнэндээ алдарт Gullwing хаалга нь дизайны гоёл биш, инженерүүдэд өөр сонголт бараг үлдээгүйгээс төрсөн шийдэл юм. Тэгээд тэр “аргагүйдсэн” шийдэл нь автомашины түүхэн дэх хамгийн танигдам дүрсүүдийн нэг болж үлджээ.
1. Бүх зүйл 1952 оны уралдааны машинаас эхэлсэн. Дайны дараа Mercedes-Benz олон улсын motorsport-д эргэн ирэхдээ W194 300 SL-ийг бүтээжээ. Анхны улиралдаа л Bern-д эхний гурван байр, Le Mans болон Carrera Panamericana-д 1–2-р байр, Nürburgring-д эхний дөрвөн байрыг эзэлсэн. Өөрөөр хэлбэл замын 300 SL эхлээд гоё спорт машин байгаагүй, ялагч уралдааны машины үргэлжлэл байлаа.
2. Gullwing хаалга хийхээс өөр арга бараг байгаагүй. Машины гол нууц нь маш хөнгөн tubular space frame буюу нарийн ган хоолойгоор хийсэн орон зайн рам байв. Гэхдээ рамны хажуу хэсэг маш өндөр гарсан учраас жирийн машины хаалга тавих боломжгүй болжээ. Инженерүүд хаалгыг дээвэр дээр нугастай болгож асуудлыг шийдсэн. Ингээд хожим “Gullwing” буюу цахлай далавч гэсэн нэр авсан хаалга төрсөн юм.
3. Замын хувилбарыг хийхэд Америкийн машины худалдаачин том түлхэц өгсөн. Нью-Йоркийн импортлогч Maximilian Hoffman Европын спорт машинуудыг Америкийн чинээлэг хэрэглэгчдэд зардаг хүн байв. Тэр Mercedes-Benz-д W194-ийн замын хувилбар хийх зах зээл бий гэдгийг хүчтэй ойлгуулсан бөгөөд компанийн удирдлага саналыг нь хүлээн авчээ. 1954 оны хоёрдугаар сард 300 SL-ийг бүр Европт биш, Нью-Йоркийн International Motor Sports Show дээр анх танилцуулсан нь санамсаргүй хэрэг биш.
4. 1954 онд бензинийг цилиндрт шууд цацаж байв. 300 SL-ийн 2996 cc, эгц зургаан цилиндртэй хөдөлгүүр Bosch-ийн mechanical direct fuel injection ашигласан. Mercedes-Benz үүнийг дөрвөн тактын хөдөлгүүртэй серийн автомашинд ашигласан анхны шууд бензин цацалтын систем гэж тэмдэглэдэг. Ингэснээр карбюратортай уралдааны хувилбараас хүчийг ойролцоогоор 20 хувиар нэмэгдүүлж, 215 PS болгожээ.
1954 онд шүү дээ. Өнөөдөр GDI гэж рекламддаг технологийн үндсэн санааг 300 SL серийн машин дээр хэрэглэж байв.
5. 250 км/ц хүрдэг серийн машин байлаа. Final-drive ratio буюу хойд редукторын харьцаанаас шалтгаалаад 300 SL-ийн дээд хурд 250 км/ц хүртэл хүрч байсан бөгөөд Mercedes-Benz үүнийг тухайн үеийн хамгийн хурдан серийн автомашин гэж тодорхойлдог.
1950-аад оны зам, дугуй, тоормосны технологийг бодвол 250 км/ц гэдэг өнөөдрийн 250-аас огт өөр ертөнц.
6. Серийн машин болсон ч уралдахаа болиогүй. 1955 оны Mille Miglia-д John Cooper Fitch 300 SL-ээр нийт дүнгийн тавдугаар байрт оржээ. Мөн Paul O’Shea 1955, 1956 онд 300 SL-ээр АНУ-ын спорт машины D ангиллын аварга болсон. Тиймээс 300 SL-ийн “race-bred” гэдэг тодотгол маркетингийн зохиомол үг биш.
7. Gullwing ердөө 1400 ширхэг үйлдвэрлэгдсэн. Coupe хувилбарыг 1954–1957 онд үйлдвэрлээд нийт 1400 ширхэг хийсэн. 1957 оноос Roadster гарч ирэхдээ рамыг өөрчилж, хажуугийн босгыг намсгаснаар жирийн урд нугастай хаалга тавих боломжтой болжээ. Энэ нь Gullwing хаалга анхнаасаа гоёлын шийдэл байгаагүйг бүр сайн батална.
8. “SL = Sport Leicht” гэдэг тайлбар хүртэл тийм энгийн биш. Интернетэд SL-ийг бараг үргэлж Sport Leicht буюу “спорт, хөнгөн” гэж тайлбарладаг. Харин Mercedes-Benz өөрийн түүхэн архивт анхны нэршлийн S нь “Super”, L нь “Leicht” гэсэн утгатай байсныг тэмдэглэсэн байдаг. Тиймээс нийтэд түгсэн “Sport Leicht” тайлбарыг түүхэн эх сурвалжгүйгээр шууд үнэн гэж давтах нь зөв биш.
9. 300 SL-ийг 300 SLR-тэй андуурч болохгүй. Нэр нь төстэй учраас энэ хоёр машиныг байнга хольдог. 300 SL Gullwing нь 3.0 литрийн эгц зургаан цилиндртэй W198 замын машин. Харин 1955 оны 300 SLR нь Formula 1-ийн W196-аас хөгжүүлсэн, 3.0 литрийн эгц найман цилиндртэй, 302 PS гаргадаг цэвэр уралдааны машин байсан.
Алдарт Uhlenhaut Coupé ч үндсэндээ 300 SLR бөгөөд жирийн 300 SL Gullwing биш.
10. Домог болсон шалтгаан нь хаалга нь биш. Хэрэв 300 SL ердөө сонин хаалгатай байсан бол 70 жилийн дараа ингэж яригдахгүй. Уралдааны space frame, серийн машин дахь direct injection, 215 морины хүч, 250 км/ц хурд, Le Mans-аас гаралтай инженерчлэл бүгд нэг машинд нийлсэн учраас онцгой болсон.
1999 онд олон улсын авто сэтгүүлчдийн шүүгчдийн бүрэлдэхүүн 300 SL Gullwing-ийг “Зууны спорт машин” хэмээн нэрлэсэн байдаг.
300 SL-ийн түүхэнд хамгийн гоё нь энэ.
Инженерүүд “мартагдашгүй хаалгатай машин хийе” гэж суугаагүй. Хөнгөн, хатуу рам хийчихээд жирийн хаалга багтахаа больсон учраас дээш нь нээсэн.
Заримдаа автомашины хамгийн алдартай дизайн дизайнерын зургаас биш, инженерийн асуудлыг зөв шийдсэнээс төрдөг юм.
Үндсэн эх сурвалж: Mercedes-Benz — 300 SL ба 1950-иад оны motorsport архив, Mercedes-Benz — SL-ийн 70 жилийн түүх, Mercedes-Benz — Maximilian Hoffman ба 300 SL-ийн серийн хувилбар.