Nvidia-ийн захирал Хятадын тагнуултай холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг шалгаж эхэллээ
Америкийн технологийн томоохон компаниудын нэг болох Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Хятадын тагнуул гэж сэжиглэгдэж буй эмэгтэйтэй хувийн харилцаатай байсан гэх мэдээллийн дараа дотоодын хараат бус шалгалт эхлүүлжээ.
Америкийн технологийн томоохон компаниудын нэг болох Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуан Хятадын тагнуул гэж сэжиглэгдэж буй эмэгтэйтэй хувийн харилцаатай байсан гэх мэдээллийн дараа дотоодын хараат бус шалгалт эхлүүлжээ.
Компанийн удирдах зөвлөлөөс одоогоор компанийн нууц мэдээлэл болон АНУ-ын үндэсний аюулгүй байдал алдагдсан гэх нотолгоо байхгүй гэж мэдэгдсэн байна.
Харин Женсен Хуан “Би эхнэртээ үнэнч байж чадаагүй. Миний үйлдэл гэр бүлд минь ихээхэн хохирол учруулсан. Энэ үйлдэлдээ чин сэтгэлээсээ харамсаж байна" гэжээ.
Сингапурт төвтэй дата төвийн компанитай холбоотой бизнес эрхлэгч Алис Хуан гэх эмэгтэйг АНУ-ын тагнуулын байгууллагууд Хятадын засгийн газрын өмнөөс мэдээлэл цуглуулдаг байсан гэж үзсэн талаар New York Times сонин мэдээлснээр энэ бүхэн ил болжээ.
Тэдний мөрдөн шалгалтын үеэр Алис Хуан Америкийн нэгэн иргэнтэй тогтмол холбоотой байсан нь тогтоогдож, улмаар тэр хүн нь Женсен Хуан болохыг тогтоосон байна.
Гэхдээ ямар мэдээлэл дамжуулсан эсэх, тухайн мэдээлэл хэр үнэ цэнтэй байсан, болон Nvidia-ийн нууц задруулсан эсэх зэрэг асуудлууд тодорхойгүй хэвээр байна.
Компанийн удирдах зөвлөл "Үндэсний аюулгүй байдал болон Nvidia-ийн нууц мэдээлэл алдагдсан гэж үзэх үндэслэл одоогоор байхгүй. Гэсэн ч бүх нөхцөл байдлыг нарийвчлан шалгана" гэж мэдэгджээ.
АНУ-ын Конгрессын Бүгд Найрамдах намын гурван хорооны удирдлага Женсен Хуаныг энэ сарын сүүлээр сонсголд оролцож тайлбар өгөхийг шаардсан байна.
Тэд Хятадын тал америк технологид нэвтрэх оролдлого хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Nvidia нь хиймэл оюуны хөгжлийн гол дэд бүтцийг бүрдүүлдэг компьютерийн чип үйлдвэрлэгч бөгөөд 4.5 их наяд ам.долларын үнэлгээтэй, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй томоохон компаниудын нэг юм.
Тус компанийн өндөр хүчин чадалтай чипүүд АНУ, Хятадын технологийн өрсөлдөөний төвд байдаг бөгөөд Вашингтон өмнө нь зарим бүтээгдэхүүнийг Хятадад худалдаалахыг хязгаарлаж байсан юм.
Эх сурвалж: BBC